Баянгол дүүрэгт зургаан сургууль өргөтгөжээ

2017 оны 1 сарын 25

Баянгол дүүргийн удирдлагууд өнөөдөр дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулиудад ажиллалаа. Баянгол дүүргийн  Засаг даргын орлогч дарга Г.Нарангэрэл “Дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын 43 сургууль байдаг. Эдгээр сургуулийн 18 нь төрийн өмчийн, 25 нь хувийн өмчийн сургууль юм.

Өнгөрсөн 4 жилд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын зургаан сургуулийн барилгыг өргөтгөж сургуулийн сурагчдын тойргийн хангалт, сургуулийн стандартын хэмжээнд хүргэсэн. Сурагчдын гурван ээлжээр суралцдаг байсан асуудлыг шийдэж чадсандаа баяртай байна.

Дүүргийн Засаг даргын 2017 оны үйл ажиллагаанд чиглэгдсэн “Эрүүл дүүрэг” гэсэн хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх насны бүх хүүхдүүдээ амны хөндийн үзлэгт хамруулах ажлыг төлөвлөж байна. Энэ нь өөрөө эрүүл байх үндэс юм. Бага насны хүүхдүүд шүдний өвчлөлөөс үүдээд бусад өвчин бий болдогийг олон хүн анхааруулж, эрүүл мэндийн хичээлд энэ талаар тусгайлан оруулдаг байхаар төлөвлөж ажиллахаар бэлтгэж байна. Үлдэж байгаа сургуулиуд дээрээ даацын шинжилгээг хүлээж байна. Цэцэрлэгийн хувьд өнгөрсөн 4 жилд 5 цэцэрлэгийг нэмж ашиглалтанд оруулсан.

Баянгол дүүргийн хэмжээнд 397 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ мөнгөнөөс дүүргийнхээ эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийг сонгож хөрөнгө оруулалт хийсэн” гэлээ.

Ган зам 20 дугаар сургуулийн захирал Н.Батбаяр “2013-2014 онд бид сургуулийнхаа дээд давхарын өргөтгөлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан одоогийн БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн хөрөнгө оруулалтын дарга байсан ИХТ Нарантуяа нарын санаачлагаар дөрвөн давхрын өргөтгөл болон сургуулийн бүх засварыг тэрбум 850 сая төгрөгөөр хийсэн. Мөн 60 жилийнхээ ойн хүрээнд эцэг эхчүүд, төгсөгчид, багш нартайгаа хамтраад гадна талдаа хүндэтгэлийн хаалга, эвтэй 4 амьтан бүхий усан оргилуур, цахим музейг байгуулсан. Энэ цахим музей Монгол улсы боловсролын салбарт хийсэн анхны цахим музей юм. Энэ музейд 60 жилийн түүх бичигдсэн. Мөн музейд сурагчдын гэрчилгээг оруулж өгсөн. Энэ нь архивлагдаад ямар ч үед ирээд үзсэн байж байх ийм боломжий бий болгож байгаа юм. Түүхчилсэн, цахимчилсан архивчилсан ийм музей гэдгээрээ онцлог юм” гэж ярьсан юм.

Ганзам 20 дугаар сургуулийн дотоод хяналт, шалгалт хариуцсан ажилтан Г.Батбаяр “Сургууль маань их засвар,өргөтгөл хийхээс өмнө маш хүнд байдалтай байсан. Маш хүйтэн сурагчид гадуур хувцастай хичээлээ хийдэг байсан. 2012 онд улсын төсвөөс улсын хөрөнгө оруулалтаар тэрбум 850 сая төгрөгөөр энэ сургуулийн барилгын их засвар ажлыг бүрэн хийж, 4 давхрын өргөтгөлийг барьсан. 540 хүүхдийн суудал нэмэгдэж, орчин маш сайхан, цонх нь вакум болсон, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж сайжирсан. Сургалтын орчин сайжирснаар сурагчдын идэвхи эрс нэмэгдсэн. Багш нарын ажиллах эрч нэмэгдэж 20 гаран багш нар нэмэгдэж ажиллаж байна. 4 Үйлчлэгч нэмж ажилд авсан гээд ажлын орон тоогоо ч нэмэгдүүлж ажиллаж чадсан. Багш нар маань чадваржсан” гэв.

Н.БАЯР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40305
0 эможи
keyboard_arrow_up