ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 1 сарын 21

Өнгөрсөн долоо хоногт НИЙСЛЭЛД болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

 

НИТХ-ын дарга Ц.Сандуй Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Манай орны гурав дахь хөрш болох Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Улаанбаатар хотын хөгжилд танай улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станц зэрэг томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байгаа билээ” хэмээн онцлон хэллээ. Мөн энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой хүрээнд тус улсын нийслэл Токио болон Саппоро хоттой харилцаагаа өргөжүүлж, ах дүүгийн харилцаатай болох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд энэ тал дээр Япон Улсын ЭСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

НЗД-ын орлогч П.Баярхүү нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах, иргэдээс ирсэн санал, гомдлыг барагдуулалтыг нөхцөл байдалтай танилцах  зорилгоор ажлын хэсэг гаргажээ.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр буюу  2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ажлын хэсгийн хамт  нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг  “Эрдэм Транс”, “Тэнүүн Огоо”, “Терминал транс”, “Атибус” , “Сутайн буянт” зэрэг  аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудын санал бодлыг солилцлоо.

Нийслэлийн зүгээс нийтийн тээврийн соёлч байдал, цэвэр орчин бүрдүүлэх, нийтийн тээврийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, иргэдээс ирсэн санал, гомдлыг барагдуулах  тал дээр анхаарал хандуулан ажиллаж  байгаа бөгөөд нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн зүгээс цаашид энэ тал дээр хамтран ажиллах, иргэдийн гомдлыг цаг тухайд нь барагдуулж, цэвэрч орчин бүрдүүлэн  ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан  Азийн сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар хотын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд азийн сангийн зүгээс Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Мөн холбогдох бодлого болон төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын шат шатны засаг захиргааны байгууллагад болон бусад оролцогч талын идэвхтэй оролцоог хангаж, хамтран ажиллах юм байна.

Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн хэрэгжүүлсэн болон цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Засгийн газраас гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны үнийг тэглэсэнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжуудыг Дэлхийн банкны төлөөлөгчдөд танилцуулаад “Манай нийслэлд агаар, хөрсний бохирдол тулгамдсан асуудал болоод байгаа. Бид ирэх дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлуудаа боловсруулан төлөвлөөд байна. Агаарын бохирдлыг бууруулах тал дээр Дэлхийн банктай олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Өнгөрөгч хугацаанд амжилттай хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд их байна. Үүн дээр Дэлхийн банктай үргэлжлүүлэн хамтран ажиллах саналтай байна” хэмээлээ.

Сурагчдын амралтыг 1 сарын 30 хүртэл сунгалаа

Цаг агаарын хүйтрэлтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг сунгах шийдвэр гарсан. БСШУСЯ, ЭМЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Боловсролын газрын удирдлагууд уг асуудлаар хэлэлцээд сурагчдын амралтыг сунгах сайдын тушаал гарсан юм. Томуу, томуу төст өвчний гаралт буурч байгаа ч цаг агаарын хүйтрэлээс шалтгаалж, томуугийн өвчлөл дахин нэмэгдэж магадгүй учраас урьдчилан сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээ авсан байна.

Энэ сарын 20-ныг дуустал архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр нэр бүхий иргэд хордсон байж болзошгүйгээр амь насаа алдсан. Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс яаралтай арга хэмжээ авч ажлын хэсэг байгуулан 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  шуурхай мэдээлэл өглөө. Амь насаа алдсан хүмүүс шингэн зүйлээс хордсон байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөл өргөтгөсөн байдлаар хуралджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор өнөөдрийн 18:00 цагаас эхлэн энэ сарын 20-ны өдрийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг хориглосон юм.

Архи худалдахыг хориглосон тогтоолын хугацааг сунгахгүй

Баянгол дүүргийн 2 дугаар хороонд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс мэргэжлийн байгууллагаас ирсэн урьдчилсан дүгнэлтийг үндэслэн санал хүргүүлсний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 1 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон билээ.

Тэрбээр “Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосноос хойшхи хугацаанд дахин хүн хордсон дуудлага мэргэжлийн байгууллагад ирээгүй. Мөн энэ хэрэг дээр тухайн нэр бүхий хүнсний бүтээгдэхүүнээс хордсон гэж үзэх үндэслэл байхгүй гэж ажлын хэсгээс үзсэн. Тийм учраас цаашид архи худалдахыг хориглосон тогтоолыг сунгах саналыг НИТХ-д хүргүүлэх шаардлагагүй гэж үзэж байна.

“Архигүй” өдрүүдэд согтуу жолоочийн тоо 56,8 хувиар буурчээ

НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас энэ сарын 17-ны өдрийн 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан билээ.

Эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56,8 хувиар буурсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83,3 хувиар буурчээ.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ирэх сарын 15-ыг хүртэл авна

Нийтийн албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ ирэх сарын 15-ны дотор гаргаж өгөхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс анхаарууллаа. Хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулийн хугацаа нь оны эхэн буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх аж. Уг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан нь мэдүүлгээ  цахимаар (www.meduuleg.iaac.mn) мэдүүлж, байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулах шаардлагатай юм байна.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40208
0 эможи
keyboard_arrow_up