МХЕГ-ын ажлын хэсэг 3363 шил архийг битүүмжлэн лацаджээ

2017 оны 1 сарын 17

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий иргэд хордож нас барсан хэрэг гарсан. Үүний улмаас нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр нарын гишүүдтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм байна. Ажлын хэсэгт 200 гаруй улсын байцаагч багтсан бөгөөд тэд нийслэлийн архи зардаг үйлчилгээний газруудад хяналт шалтгалт хийж байгаа аж.

Ямар учир шалтгаанаар иргэд нас барсныг тодруулах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж, Засаг даргын зөвлөлд шуурхай танилцуулах зорилго бүхий уг ажлын хэсгийнхэн өчигдөр /2017.01.16/ 22:30 цагийн үед үүсэн нөхцөл байдалтай холбогдуулж яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Батбаясгалан “Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд анхны дуудлага 12.10 цагийн орчимд ирсэн байгаа. Үүнээс хойш 20.50 минут хүртэл 5 иргэн хордсон, нас барсан байна гэсэн дуудлага ирсэн байна. Мөрдөн байцаалт хэрэг бүртгэлт явагдаж байгаа учир бид хуулийн хүрээнд өгч болох мэдээллийг өгнө” гэлээ.


Мэргэжлийн хяналтын газрын хувьд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан нийт 247 улсын байцаагч, ажилтан ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулан шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн лацаджээ. Мөн 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж эхлээд байгаа юм байна.Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд "Хэрэг бүртгэлт явагдаж байна. Урьдчилсан байдлаар эдгээр иргэд нэг дор бөөндөө байж, нэг зүйлээс хордсон байж болзошгүй гэсэн таамаг байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд шилжүүлж, шинжлүүлэх ажиллагаа хийгдэж байна. Одоогийн байдлаар яг ийм зүйлээс ингээд хордчихлоо гэсэн зүйл тогтоогоогүй байна. Өглөө гэхэд шинжилгээний дүн эцэслээд гарчихна. Ер нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс ийм байдалд хүрсэн байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг бий. Иймээс архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ялангуяа чанар, стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдаж авахгүй байхыг иргэд та бүхнээс хүсч байна” гэв.

Иймд Онцгой байдлын ерөнхий газраас иргэд та бүхэн архи согтууруулах ундаа болон спиртийн найрлагатай хүнсний бус ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40039
0 эможи
keyboard_arrow_up