Яаралтай түргэн тусламжийн үндэсний хэмжээний зөвлөгөөн болж байна

2017 оны 1 сарын 17

“Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн  шинэчлэл, манлайлал ба хариуцлага” Үндэсний IV зөвлөгөөн 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд ЭМЯ дээр болж байна.

 

Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд “Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн салбарын манлайлал”, “Яаралтай тусламжийн шинэчлэлд миний хувь нэмэр” сэдвийн хүрээнд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг зөвлөгөөний үеэр гамшиг, онцгой байдлын үед хийж хэрэгжүүлж буй эрүүл мэндийн салбарын бодлогын хүрээний ажлын талаар товч танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, эрүүл мэндийн салбарт онцгой байдал, эрсдэлийн менежмент гэдэг бол маш тулгамдсан асуудал. Ханиад томуу, осол гэмтэл, газар хөдлөлт, нийтийг хамарсан гамшиг осол энэ бүгд дээр бид юу хийж чадах вэ гэж асуун, бэлэн байх хэрэгтэй. Цаашид яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг хэрхэн иргэдэд хурдан шуурхай ойр цэгээс, хамгийн хүртээмжтэй, чанартай хүргэх талаар та бүхэнтэй хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Энэхүү уулзалтаар бидний хамтран ажиллах ажлын хөтөлбөр гарна гэж найдаж байна гэв.

Түүнчлэн сайд А.Цогцэцэг Австралийн их сургуулийн профессор ач холбогдол өгөн тус зөвлөгөөнийг зохион байгуулахад оролцож, өөрийн улсын туршлагаасаа хуваалцаж байгаад талархал илэрхийллээ.  

Зөвлөгөөнд оролцогчид “Гамшиг, онцгой байдлын үеийн манлайлал”, “Гамшиг, онцгой байдлын үед улс төрийн манлайлагч нартай ажиллах нь”, “Гамшгийн сэрэмжлүүлэг ба өртсөн хүн амд мэдээлэл хийх нь”, “Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлөвлөлт, зохицуулалт, ор дэлгэх”, “Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүний нөөц”, “Гамшиг, онцгой байдлын үеийн бэлэн байдал” зэрэг сэдвээр илтгэл танилцууллаа.

Зөвлөгөөний үеэр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэгч зарим байгууллагуудын ололт, амжилт, туршлагыг харуулсан үзэсгэлэнг мөн гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40038
0 эможи
keyboard_arrow_up