ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 1 сарын 16

Өнгөрсөн долоо хоногт НИЙСЛЭЛД болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

 

2018 он хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл дэмжлээ

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” захирамж гаргасан билээ. Энэхүү захирамжаар  зөвхөн удаан хугацаанд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүмүүс болон Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглож байгаа юм.

Хотын дарга энэхүү захирамжийнхаа талаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас уг захирамжийг дэмжсэн байна. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр дэмжлээ. Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Улаанбаатарт ирээд яндан нэмж болохгүй.

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох захирамж гаргалаа

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр  захирамж гаргасан билээ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай уг захирамжаар Нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр зогсоохоор болжээ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын бүсээс бусад газар нутагт өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар иргэдэд газар шинээр олгохыг уг захирамжаар зогсоохоор болсон байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүнтэй уулзлаа

 

Нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүн Ким Дү Кваныг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр явуулж буй хамтын ажиллагаа болон бусад чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү  “Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Төв аймагт 9 МВ-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барьж байгаад нийслэлчүүдийн өмнөөс талархаж байна. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд бидний зүгээс шаардлагатай зүйл байвал тусалж, дэмжих болно” хэмээн онцлоод цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Хүчилтөрөгчийн эмчилгээний тоног төхөөрөмж танилцууллаа

НИТХ-ын дарга Ц.Сандуй 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр  БНСУ-ын Халлим их сургуулийн “Ариун сэтгэлт” эмнэлгийн гадаад харилцааны дарга, гэмтэл согогийн мэс засалч Лий Сан Соог хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй солонгосын талын зочдыг Улаанбаатар хотод тавтай морилохыг урилаа.

Уулзалтын үеэр БНСУ-ын Халлим их сургуулиас судалгааг нь хийсэн өндөр даралтат хүчил төрөгчийн эмчилгээний аппаратыг танилцууллаа. Тус аппарат нь арьсны гадаргуу болон амьсгалын замаар хүчилтөрөгч нэвтрүүлэх зорилготой байна. Дэлхийн ихэнх улс орнуудад энэхүү эмчилгээний технологийг нэвтрүүлсэнийг мөн хэллээ. Ялангуяа Улаанбаатар хотод агаарын бохирдол, нүүрстөрөгчийн хордлого их учраас энэхүү технологийг нэвтрүүлэхэд тохиромжтой болохыг онцоллоо. Угаарын хий, гаазанд хордсон болон идээт үрэвсэлтэй өвчтөнүүдээс гадна агаарын бохирдолтой бүсэд амьдарч байгаа энгийн иргэд ч хэрэглэх боломжтой аж. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд энэхүү технологийг нэвтрүүлэхийг дэмжиж байгаагаа эхнээсээ илэрхийлсэн гэдгийг НИТХ-ын даргад танилцууллаа.

Нийслэл, дүүргийн Онцгой комиссын хамтарсан хуралдаан боллоо

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт булгийн ус халиа үүсгэснээс зарим айл усанд автаж, нөхцөл байдал хүндэрчээ.

Үүнтэй холбогдуулж тухайн газарт нийслэл, дүүргийн Онцгой комиссын хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн онцгой комиссын орлогч дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын гишүүд болон дүүргийн удирдах албан тушаалтнууд оролцов. Булгийн халиа дошин бүхий гамшгийн нөхцөл байдалд байгаа тус газарт яаралтай арга хэмжээ авч ажиллах тодорхой үүрэг даалгавар, чиглэлүүдийг нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга энэ үеэр өгсөн юм. 

Тухайн хэсэгт дүүргийн Засаг даргын зөвшөөрөлтэй 45 айл, зөвшөөрөлгүй 30 гаруй айл буусан байна. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн газрын ногоон байгууламж болгохоор төлөвлөсөн байжээ. 

“Монгол наадам цогцолбор” ЮНЕСКО-той хамтран ажиллана

Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гарын үсэг зурлаа. ЮНЕСКО-д бүртгэлтэй Монгол Улсын соёлын өвүүдийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаагаар дамжуулан сурталчлах, мэдээллийн баазыг өргөжүүлэх, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах зэрэгт энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа аж.

“Монгол наадам бол олон зуун жилийн түүхтэй. Монгол хүн, уламжлалт зан заншил, соёлыг илэрхийлсэн үндэсний хэмжээний баяр. Нөгөө талаасаа Монгол наадам бол өөрийн улсаа гадагшаа сурталчлах, аялал жуулчлалыг татах томоохон боломж. Тиймээс бид ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран ажиллахаар болсон байна.

НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн өмчит хувьцаат компани болон өмчийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийг томилох тухай, Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогын мөрөөр авах арга хэмжээний тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгах, цуцлах тухай зэрэг 15 асуудлыг хэлэлцэнэ шийдвэрлэлээ.

Иргэд цахилгаан халаагуур ихээр сонирхож байлаа

Нийслэлийн ЗДТГ, БОАЖЯ хамтран зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд нээгдлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцлоо.

Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, амны хаалтаас эхлээд цахилгаан, хийн, усан зэрэг төрөл бүрийн халаагуур, зуух, шахмал түлш, агаар цэвэршүүлэгч, дулаан алдалт багатай нано барилгын материал, автомашинаас гарах утааг багасгагч шингэн гэх мэт өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулж байлаа. Энэ дундаас янз бүрийн хэмжээтэй халдаг хаш чулуун материалтай ханын зургийг иргэд ихээр сонирхож байв. 4 ханатай жижиг гэрт 2-4 ширхэг 40х50 хэмжээтэй ханын зураг суурилуулбал бүтэн өдрийн турш гал түлэхгүйгээр гэрээ дулаахан байлгах боломтой гэнэ. Мөн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан иргэдийн зүгээс цахилгаан халаагуур, тэр дундаа шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагаар дулаанаа хадгалах шийдлийг илүүтэй сонирхож байлаа. Энэ төрлийн цахилгаан халаагуурууд 1.7-4.5 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа аж. Харин жирийн халаагуурын үнэ халаах талбайн хэмжээ, цахилгаан зарцуулалтаас шалтгаалаад 49 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна.

Ж.Батбаясгалан Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран энэ сарын 9, 10-ны өдрүүдэд “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технолгийн үзэсгэлэнг Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын байранд зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдолын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан оролцлоо. Үзэсгэлэнд цахилгаан халаагуур, шалны халаагуур, усан халаагуурын болон сайжрууласан түлш гэх мэт дулаан алдалт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 51 аж ахуйн нэгж оролцож байгаа аж.

Үзэсгэлэнгийн нээлтийн дараа Эрчим хүчний сайд П.Ганхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Тус дүүргийн гуравдугаар хорооны иргэн Г.Рэнцэндоржийнд “Ультрасоник” ХХК-ийн халаагуурын төхөөрөмж, 26 дугаар хорооны иргэн н.Бямбагэрэлийнд “Мон Ватт” ХХК-ийн Тулгат халаалтын төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр гардуулан өглөө. Уг төхөөрөмжүүд нь шөнийн цагаар дулаанаа хуримтлуулаад өдөр нь цахилгаан зарцуулалгүйгээр дулаан ялгаруулдаг байна.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдэх болсон байна. Тиймээс галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд өчигдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  галын аюулаас урьдчилан сэргийлэх нээлттэй өдөрлөгийг Дүнжингарав худалдааны төвд зохион байгуулсан байна.

СХД-т нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ. Тус хорооны “Алтан-Овоо”-ны хэсэгт оршин суудаг иргэдийн хүсэлтээр Нийслэлийн тээврийн газраас Ч62 чиглэлийн маршрутыг гаргажээ. “Алтан овоо – Саппоро – 10 дугаар хороолол” чиглэлд нийтийн тээврийн дунд оврын 10 автобус үйлчилгээнд гарч байна.

НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн санаачлагаар Сонгинохайрхан дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүй зарим газруудад ийнхүү эхнээс нь шинэ чиглэл нээж байгаа нь энэ юм. 26 дугаар хорооны хувьд 20 гаруй мянган хүн амтай. Нийтийн тээвэр явдаггүйгээс зарим иргэд 2-4 км алхаж байж автобусанд суудаг байсныг албаны хүмүүс хэллээ.

 

Нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэл 40 гаруй хувьтай байна

Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт цэргийн тоо бүртгэлийн явц, зохион байгуулалт ямар байгаатай нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр  танилцлаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 4-20-ны хооронд цэргийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд эрэгтэйчүүд 18-50, бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх заалттай байдаг.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Даваарагчаа “Манай дүүргийн хувьд цэргийн бүртгэлийн ажил хэвийн хэмжээнд явагдаж байна. Эхний долоо хоногийн байдлаар нийт бүртгүүлэх хүмүүсийн 40 гаруй хувь нь хамрагдаад байна. Үлдсэн хугацаанд бүрэн хамрагдах боломж бий гэж харж байна” хэмээлээ.

Сурагчдын амралт дуусахын өмнө зөвшилцөн шийдвэрлэхээр боллоо

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг сунгах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод хандан албан тоот ирүүлсэн билээ. Уг албан тоотын хариуг хотын дарга өнөөдөр хүргүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын хүргүүлсэн хариуд нийслэлийн төр захиргааны байгууллага нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулж байгаагаа дурьдаад энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа товч танилцуулсан байна. Мөн БСШУС-ын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үргэлжлэх тул амралтыг сунгах асуудлыг түр хойшлуулах тухай мэдэгдсэн бөгөөд халдварын тархалт цаг үеийн байдалтай уялдуулан амралт дуусахын өмнө дахин зөвшилцөн шийдвэрлэхээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39966
0 эможи
keyboard_arrow_up