ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 1 сарын 09

Нийгмийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар хамтран ажиллах санамж бичигт 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр  гарын үсэг зурлаа.

 

НИТХ-ын тэргүүлэгчид нийслэлд нийгмийн түншлэл хөгжүүлэх баримт бичгийг боловсруулан баталсан байдаг. Тус баримт бичиг нь нийслэлд нийгмийн түншлэлийн тогтлолцоог бэхжүүлэх, иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалал, түүнтэй холбогдсон эдийн засгийн харилцааг зохицуулахад чиглэсэн. Түншлэл нь иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалал, түүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамтран хамгаалахад чиглэгдсэн нийслэлийн хэмжээн дэх ажил олгогч, ажилтны төлөөлөгчид төрийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага хоорондын зөвшлөлцлийн тогтлолцоог бий болгох юм. Уг ажлын хүрээнд хоёр тал нийгмийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Хотын дарга Ардын их хурлын депутатуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн 1 сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг улс орон даяар тэмдэглэдэг. 1991 онд  шинэ Үндсэн хуулийн төслийг  нийт ард түмнээрээ 2 удаа, 18 аймгийг 5 бүс болгон бүсчилсэн зөвлөгөөнөөр хэлэлцүүлснээс гадна  Улсын бага хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.  БНМАУ-ын  Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн  2-р хуралдаанаар  улс орны өнцөг булан бүрээс сонгогдсон 430 депутат 2 сар буюу 76 хоногийн турш хэлэлцэж, одоогоос 25 жилийн өмнө 1 сарын 13-ны өдөр баталжээ. Үндсэн хууль хэлэлцэн, батлах  үйл хэрэгт Улаанбаатар хотоос Ардын Их Хурлын депутатаар  52 эрхэм сонгогдон ажиллаж, үнэтэй хувь нэмрээ оруулсан  юм.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр хэлэхдээ “Та бүхний улс орон, нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэр их. Үндсэн хууль  Монгол Улсын хөгжлийн гол тулгуур багана болж ирсэн. Хуулийн түүхэн үүргийг  олон түмэн төдийгүй дэлхий нийт  ч үнэлсэн гэдгийг ард түмэн мэднэ. 

Хотын дарга Япон Улсын Элчин сайдтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаокатай уулзлаа. Хотын даргын зүгээс ноён Масато Такаокаг Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахад бүхий л талаар тусалж дэмжихээ илэрхийллээ.

Мөн энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хот Токио хоттой харилцаагаа өргөжүүлж, Ах дүү хотуудын харилцаатай болох саналыг Элчин сайдад албан ёсоор тавилаа.

Нийслэл Эрчим хүчний яамтай дөрвөн чиглэлд хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар 2017-2020 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь “Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд эрчим хүчний чиглэлээр тусгагдсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэх аж. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн дулаан болон цахилгаан хангамж, агаарын бохирдол, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг нийт дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар болж байна.

Нийслэлээс зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг цэгцлэж хороолол дундах орц гарцыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн засаг даргын  Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хороолол дундах орц гарцыг нэмэгдүүлэх зорилгоор зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг чөлөөлөх ажлын хэсгийн хамт байршлуудыг шалгаж, зарим иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Хотын дарга агаарын бохирдол ихтэй бүсэд ажиллалаа

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлсийн нэг нь гэр хорооллын  нүүрс түлж байгаа өрхийн яндангийн утаа юм. Тиймээс утааг багасгах зорилгоор Засгийн газраас гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн буюу 21:00-06:00 цагийн хоорондох хэрэглээний төлбөрийг тэглэхээр болсон. Засгийн газрын энэ шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдтэйгээ агаарын бохирдолын эсрэг  хамтдаа тэмцэх ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газраас  шөнөдөө дулаанаа хуримтлуулж,  таван ханатай гэр төдийгүй 50 метр квадрат талбайг халаадаг төхөөрөмжийг  хувийн  хэвшлийнхэнтэй хамтран  үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд  хэлэхдээ “Нийслэлийн гэр хорооллын иргэдэд халаалтын шинэ төхөөрөмжийг ашиглах боломжийг бий болгох зайлшгүй шаардлага бий. Үүний нэг нь шөнийн дулаан хадгалагч гэж бид үзсэн.  Халаагуурын үнийг хэрхэн бууруулж, иргэддээ яаж хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөх вэ гэдэг асуудлыг хотын зүгээс зохион байгуулах шаардлага гарч байна. Мэдээж ганц цахилгаанаар асуудлыг шийдэхгүй. Утаагүй түлш, сайн чанарын утаа бага гаргадаг зуухны асуудлыг ч шийдэх хэрэгтэй. Мөн эрх зүйн хувьд шинэчлэл хийхээр төлөвлөж байна.Үүнээс гадна халаагуур хэрэглээд эхлэхээр хүчдэлийн асуудал яригдана. Тиймээс Эрчим хүчний яамтай хамтраад гэр хорооллын цахилгааны  шугамыг шинэчлэх шаардлагатай байгаа.” гэлээ.

“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” төслийн ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо

Нийслэлийн засаг даргын 2016 оны А/915 тоот захирамжаар байгуулагдсан “ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” төслийн ажлын хэсгийн болон хараат бус шинжээчдийн анхдугаар хурал 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хангарьд ордонд боллоо.

Цаашид төслийн ажлын хэсэг төсөл дээр хөрөнгө оруулалт босгох, санхүүжилтийг тодорхойлж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэж ажиллах юм байна.

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэн нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхантай 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр уулзлаа.

Уулзалтаар НИТХ дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэн зүгээс “Бид агаарын бохирдлын нөхцөл байдал та бүхний өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцлаа.  Энэ бүхнээс үзвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд тодорхой хугацаанд тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд, ард иргэд, хувийн хэвшлийнхний оролцоо,  дэмжлэг ихээхэн чухал байна”  гэж хэлээд  зарчмын зарим саналыг нийслэлийн удирдлагуудад гаргаж буйгаа дурдлаа.

Агаарын бохирдлын нөхцөл байдал болон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцсанаа дурдаад ажлын хэсгийнхэн цаашид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд тодорхой хугацаанд тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ингэхдээ иргэд, хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлж тэдний дэмжлэгийг авах зэрэг зарчмын хэд хэдэн саналыг нийслэлийн удирдлагуудад гаргаж буйгаа дурдлаа.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Мөн тэрбээр өнгөрөгч 2016 онд Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн зохион байгуулсан дүнгийн тухай танилцуулга хийж, “Өнгөрсөн онд 24 удаа Шуурхай зөвлөгөөн зохион байгуулж, нийт 205 үүрэг даалгавар өгөгдсөн байна. Цаг үеийн ажил, үйлчилгээний талаар 49, шийдвэрийн хэрэгжилт, сахилга хариуцлагын талаар 35, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний талаар 58, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт тохижилтын талаар 63 үүрэг даалгавар өгөгдсөнөөс хэрэгжилт 91 хувьтай гарсан байна” гэв.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “2017 оныг бид “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон” зарлаж байна. Энэ жил бүхэлдээ ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх жил болж байна” гээд 2017 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд энэ онд хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээгээр хэрэгжих ажлуудын задаргааг энэ долоо хоногт багтаан Бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэх, 2017 онд улс, нийслэлийн бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөх ажлын бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарлалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шинэ оны А/01 тоот захирамжаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр  гаргалаа. Уг захирамжаар 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, үр нөлөөтэй, хүртээмжтэй, хариуцлагатай хотын засаглалыг бэхжүүлж, нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, шийдвэр гаргах ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ жилийг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлажээ.

Тээврийн хэрэгслийн татвар хураах ажил энэ сарын 9-нөөс эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах ажлыг энэ сарын 9-нөөс эхлэн явуулахаар болсон. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Авто тээврийн үндэсний төв, нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн алба, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан ажлын хэсгээс татвар, төлбөрийн ажлыг хэрхэн ямар хэлбэрээр явуулах талаар 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр  мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн Засаг даргаас дүүргүүдийн Засаг дарга нарт тодорхой чиг үүрэг өгсөн байгаа. Чиг үүргийн дагуу өнөөдрөөс эхлэн дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр авто тээврийн хэрэгслийн албан татварыг хураан авах ажлыг зохион байгуулахаар болоод байна. Өмнөх жилүүдэд албан татвар, төлбөрөөс хоцорсон улсын бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийг бүрэн хамруулах зорилготой ажиллана” хэмээв.

“Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлнө үү.

Цэргийн тоо бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл явагдана

Нийслэлийн төрийн захиргааны байгууллагаас 2017 оныг хууль эрх зүйн шинэчлэл, иргэдийн оролцооны жил хэмээн зарласан. Үүнтэй уялдуулж нийслэлийн Цэргийн штабаас Батлан хамгаалах хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах, хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан 2017 оны цэргийн тоо бүртгэлийг явуулах аж. Цэргийн бүртгэлийг жил бүр орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд эрхлэн гүйцэтгэж явуулдаг. Түүнчлэн 18-50 насны Монгол Улсын иргэн цэргийн алба хаасан, хаагаагүй эрэгтэйчүүд мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх хуулийн заалттай байдаг. 

Энэ жилийн бүтгэлийн ажил нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн есөн дүүрэг 152 хороонд нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39729
0 эможи
keyboard_arrow_up