“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн 31-ний үдэш болно

2016 оны 12 сарын 28

Нийслэлийн иргэд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш төв талбайдаа цуглаж, шинэ оноо хамтдаа угтдаг билээ. Энэ жил уламжлал ёсоор “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний оройн 18:00-01:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулах ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Цэнгүүний тайз заслын ажил өнөөдрөөс эхэлсэн байна. Ажлын хэсгээс явуулсан судалгааны дүнд үндэслэн нийслэлийн залууст зориулсан тоглолт найруулж байгааг “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан хэллээ. Энэ жилийн шинэ жилийн цэнгүүн өмнөх жилүүдээс илүү сонирхолтой, онцлогтой болохоос гадна тоглолтонд оролцох уран бүтээлчид, арын ажилчид бүгд сэтгэлээрээ нэгдэн ажиллаж байгааг хэлсэн юм.

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс 31-ний оройн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчмын зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх учраас иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарди ордон, Улаанбаатар зочид буудал, ДБЭТ, УДЭТ, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад зөв байршуулж, баярын арга хэмжээндээ оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө. Мөн маргааш буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 1-ний өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Цэнгүүний үеэр нийтийн тээврийн их багтаамжийн 658 автобус иргэдэд үйлчлэх юм байна.

Нийслэлийн онцгой байдлын газрын 74 алба хаагч галын аюулгүй байдлыг ханган ажиллах бол Улаанбаатар хотын цагдаагийн газрын 500 алба хаагч иргэдийн амар тайван байдлыг хангаж, гарч болзошгүй хэрэг, зөрчлөөс сэргийлэн төв талбайд ажиллах юм.

Цэнгүүний үеэр Сүхбаатарын талбайд 20 асар байрлуулж, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ үзүүлнэ. Гар дээрээс худадаа хийхийг хориглож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын явуулын лаборатори төв талбайд ажиллахаар болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39448
0 эможи
keyboard_arrow_up