С.Батболд: Миний хүүхдүүд энэ хотод л амьдарна шүү дээ

2016 оны 12 сарын 28

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Өнөөдөр” сонинд ярилцлага өглөө. 

 

УЛААНБААТАР-МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ГОЛ ЗҮТГҮҮР 

-Шинэ оны босгон дээр манай сонины уншигчидтай уулзаж байгаа Танд баярлалаа. Та өөрийнхөөрөө багаа бүрдүүлж чадсан уу гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье.

-Баярлалаа. “Өнөөдөр” гэдэг нэр хүндтэй сонины уншигч олонтойгоо уулзаж байгаадаа баяртай байна. Багийнхныгаа манай намын хамт олон гэж би үздэг. Намын хамт олноос шигшигдсэн хүмүүс энд ажиллаж байгаа. Удирдлагуудаас гадна төрийн албан хаагчид, үйлчилгээнийхэн ч нийслэлчүүдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй миний баг. Надад өөрийн сайн найз, танил, хамаатан гэж сонгосон нэг ч хүн байхгүй. Бүгд төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай, намын мөрийн хөтөлбө­рийг хэрэгжүүлэх чадвартай, итгэлтэй хүмүүс. Мөн нийгэм өөрчлөгдөж байгаа учраас юмыг өөр өнцгөөс харах чадвартай залуу хүмүүсээр багаа бүрдүүлсэн гэдгийг онцлох ёстой. Миний хувьд багаа зөв залуурдах нь л чухал. Одоо ажил дөнгөж эхэлж байна, бидэнд дахиад дөрвөн жил бий. Магадгүй жилийн дараа дахин уулзахад манай баг ийм зүйл дээр алдаж, ийм зүйл дээр онож гээд хэлэх үгтэй суух байх.

-Хотын дарга, Ерөнхий сайд хоёрын ажил цар хүрээгээрээ л өөр болохоос үүрэг хариуцлагын хувьд төстэй юм шиг ээ. Хотын даргын оролцохгүй ажил гэж бараг үгүй. Та энэ их ажлын алийг нь илүү чухалчлан үзэж, түрүүлж хийхээр төлөвлөж байна вэ?

-Мэдээж би бүх ажилд хүрч ажиллах ёстой. Гэхдээ улс орны амьдралд гүйцэтгэж буй үүргийг нь бодоод нийслэлийн статусыг өөрчлөх ажлыг хамгийн түрүүнд барьж авсан. Нийслэлийн эрх зүйн шинэчлэл бол нэгдүгээр асуудал. Засгийн газрын зүгээс нийслэлийг тусгай бүс гэж үзэхгүй бол энэ олон хуримтлагдсан асуудлыг дангаараа шийдэх боломжгүй. Хотын асуудлыг нийслэл, Засгийн газар хоёр хамтарч шийдэх учиртай. Аймаг, нийслэл гэсэн нүдээр л бүхнийг харах биш, нийслэл нь Монгол орны эдийн засгийн зүтгүүр, хүн амын тал гэдэг өнцгөөс харах хэрэгтэй.

-Хүүхэд насны минь хамгийн сайхан дурсамж голдуу сургууль, гэртэй минь л холбоотой байдаг. Та ажлаа аваад хамгийн түрүүнд Сүхбаатарын талбайн машины зогсоолыг мөсөн гулгуур болгосон. Хүүхэд насныхаа хамгийн сайхан дурсамжуудаасаа хуваалцаач. Мөн та нийслэлийн хүүхэд, залуучуудын төлөө юу хийх вэ?

-Чи надаас насаар олон дүү ч бидний хүүхэд насанд онцын ялгаа байхгүй ээ. Өвлийн дурсамж гэвэл өдөр бүр шахам л гулгаж тоглодог байлаа. Тэшүүр углаад, эсвэл цанаа аваад л уул руу гарна. Орчин маань тийм сайхан эрүүл байж. Цав цагаахан цас, цангинасан хүйтэн жавар. Гэтэл одоо өвөл нь утаа униартай. Хүүхэд насны минь энэ дурсамжийг одоогийн хүүхдүүд ч эдлээсэй, мэдрээсэй гэж би хүсэж байна. Зөвхөн төв талбай дээрх мөсөн гулгуурын талбай гэлтгүй “Улаанбаатар ресорт” гэсэн хямд үнэтэй цанын баазыг ажиллуулахаар төлөвлөж байгаа. Хойтон жил олон улсын стандартад хүргэхийн төлөө ажиллана. Улаанбаатар хотод арав гаруй мөсөн гулгуурын талбайг дүүрэг болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран байгуулна. Нийслэлийн хүүхэд, залуучуудын хөгжих орчныг нь сайжруулан, аялал зугаалга, амралтын бүсийг олноор бий болгох зайлшгүй шаардлагатай. Мөн хороо бүрт цэцэрлэг байгуулж, гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжтэй болгоно. Хүүхэд орой 17.00 цагт хичээлдээ явж 21.00 цагт тардаг байх ёсгүй. 

УЛААНБААТАР БРЭНДТЭЙ БОЛНО 

-Та Улаанбаатарыг аялал жуулчлалын төв болгоно гэсэн зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Парист Эйфелийн цамхаг, Москвагийн Улаан талбай гэдэг шиг Улаанбаатарын таних тэмдэг юу юм бол оо. Нийслэлийг таних тэмдэгтэй болгоё гэсэн бодол Танд бий юү?

-Бид эхний улиралд багтаан гадаадын зөвлөх, дотоодын компаниудтай хамтарч, орчин үеийн хотын жишигт нийцүүлэн Улаанбаатарын брэндингийг хийнэ. Наад зах нь гэхэд л I LOVE AMSTERDAM гэдэг шиг Улаанбаатар гэдэг үгийг аль ч орны хүнд амархан уншигдахаар яаж бичих вэ гэдгийг олоход байгаа юм. Энд улс төрийн агуулга огт орохгүй. Бэлгэ тэмдгийн хувьд Сүхбаатарын хөшөө юү, Чингисийн хөшөө юү, “Блю скай” цамхаг уу гэдэг нь мэдэгддэггүй. Хотыг бүхэлд нь харж болохоор цамхгууд бидэнд хэрэгтэй. Одоо бол Зайсантолгой л байна. Улаанбаатар нь дэлхийн хаана ч байдаг шилэн байшингуудаар дүүрсэн хот биш, Монголын онцлогийг харуулсан, өвөрмөц дизайнтай байгаасай гэж би бодож байгаа. Энийг Засгийн газар барихгүй, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хийх нь мэдээж.

-Аялал жуулчлалаа амжилттай хөгжүүлэхийн тулд шинэ юм барихаасаа гадна байгаа зүйлээ өөд нь татах хэрэгтэй. Манай музейн асуудал их хэцүүхэн байгаа.

-Дэлхийн хотуудын үндэстнээ сурталчилдаг гол зүйл нь музей. Манайд нийслэлийн бүх л томоохон компанийн төлөөлөл багтдаг Улаанбаатар хотын худалдааны танхим гэж бий. Тэд хамгийн хуучин байшинд байрладаг, хэзээ мөдгүй нурах гэж буй Занабазарын музейг хамтарч засаад, үзүүлж чадахгүй байгаа гайхамшигт үзмэрүүдээ тавья гэсэн санаачилга гаргасан. Он гарангуут хот юуг нь хариуцах юм, байшин барилгыг нь яаж барих юм гэдэг дээр илүү тодорхой ярилцана. Хоёрдугаарт, хувь хүмүүст маш их, үнэтэй цуглуулга байдаг юм байна. Улаанбаатар хотыг өөрийн гэсэн үзэсгэлэнгийн павильонтой болгож, хувь хүмүүсийн цуглуулсан үзмэрүүдийг гаргаж тавих ёстой. Хувь хүмүүст энэ үзмэрүүд байж л байгаа. Хувийн хэвшлийнхэн энэ тал дээр санаачилга гаргавал бид газрын асуудлыг нь шийдэж өгөөд хамтарч ажиллахад бэлэн. Улаанбаатар дахь бүх музейг нэг дор байршуулаад дэргэдээ маш том худалдааны гудамжтай, машины зогсоол бүхий цогцолбортой болох нь чухал юм байна.

-Худалдааны танхим бас арбитрын тогтолцоог таниулахад хамтарч ажиллаж байгаа гэсэн.

-Улаанбаатар хотын худалдааны танхимын дэргэд арбитр байгуулсан. Одоохондоо үйл ажиллагаа нь жигдрээгүй ч Улаанбаатар хот дахь аж ахуйн нэгжүүдийн хоорондох маргааныг арбитраараа шийддэг байя гэдэг бодлого баримталж байгаа. Тэр ч утгаараа бид нэлээд дэмжиж, хүчтэй болгоё гэсэн зорилгоор хамтран ажиллаж байна. 

НИЙСЛЭЛД САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР ХЭРЭГТЭЙ

-Юуны тухай ярьсан ч санхүүжилтийн асуудал яахын аргагүй хөндөгдөнө. Таны өмнөх Засаг даргын санаачилсан нийслэлийн албан татвар үр дүнгээ өгч байгаа юу?

-Нийслэлийн албан татвар байх ёстой гэж боддог хүмүүсийн нэг нь би. Гэхдээ нийслэлийн одоогийн албан татварын нэр нь л сайхан юм. Мэдээж ийм зүйл санаачилж, хэрэгжүүлж байгаа нь зөв. Гэхдээ авах хэлбэрийг нь УИХ-аар батлахдаа арай өөрчлөөд гаргачихсан. Мөн энэ хуулийн хэрэгжилт төдийлөн хангалтгүй байна. Нийслэлийн албан татварын хуулийн дагуу арван тэрбум төгрөг төвлөрүүлнэ гээд төсөөлөхөд хагасыг нь л олж авч байх жишээтэй. Гэхдээ цаашид бизнесийн салбар хөгжөөд, эдийн засаг, санхүүгийн хямрал гайгүй болбол нэмэгдэнэ. Ер нь аливаа хот өөрсдийн үл хөдлөх хөрөнгийн, газрын, үйлчилгээний гээд олон татвараас санжүүжиж байж хөгждөг юм.

-Нийслэлийн албан татварын хуульд өөрчлөлт оруулбал хувь нь нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Харамсалтай нь манай мөрийн хөтөлбөрт албан татвар шинээр бий болгохгүй гээд батлагдчихсан учраас УИХ энийг шийдэхгүй бол би чадахгүй л дээ. Ер нь цаашид дэлхийн хотуудын жишигт хүрч хөгжье, том дэд бүтцийг хэмжээнд нь авч явъя гэвэл нийслэл өөрийн гэсэн эдийн засгийн суурьтай байх ёстой. Үүнийг хэзээ нэгэн цагт шийдэх л учиртай. Сумын төвд Улаанбаатарт байгаатайгаа адилхан амьдарч болохгүй. Нийслэлд амьдардаг хүмүүс тодорхой үйлчилгээ авдаг байя гэвэл бас үүрэг хүлээдэг байх ёстой.

-Санхүүжилтийн асуудал руугаа буцаад ороход та мөрийн хөтөлбөртөө “Улаанбаатар” бонд гаргана гэж тусгасан байсан.

-Улаанбаатар хот Засгийн газраас өгч байгаа мөнгийг харах бус, өөрийн бие даасан эдийн засгийн боломж бүрдүүлэх нь чухал юм аа гэж би үзсэн. Нийслэл хот өөрийн санхүүжилтийг босгох, Засгийн газрын барьцаагүйгээр олон улсын санхүүгийн байгууллагаас зээл авч, урт удаан хугацааны хөрөнгө оруулалтаа шийдэх хэрэгтэй гээд Засгийн газарт хүсэлт тавьсан. Харамсалтай нь, санхүүгийн хямралтай байгаа учраас Засгийн газрын өрийн тааз хэтэрнэ гээд хуульд өөрчлөлт оруулаад бонд гаргахыг хаачихсан байгаа. Гэхдээ энэ хязгаарлалтыг ядаж 2018 он гэхэд цуцлах болов уу гэж бодож байна. 

АГААРЫН БОХИРДОЛ НЬ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНТЭЙ ХОЛБООТОЙ

-Нийслэлийг чиглэсэн их нүүдлээс болж агаар, хөрсний бохирдол дийлдэхээ болилоо.

-Тийм ээ. Өнөөдөр бүх зүйл нь хоёроос гурав дахин хэтэрчихээд байна шүү дээ. Яг үнэндээ Улаанбаатар бол 500-700 мянган хүн амьдрах боломжтой хот. Гэтэл албан бус тоогоор нэг сая долоон зуун мянга орчим хүн байнга амьдарч байна. Өөрөөр хэлбэл, хотын үзүүлж буй бүх үйлчилгээ гурав дахин их ачаалалтай байгаа хэрэг. Замын ачаалал, нийтийн тээвэр, сургууль, эмнэлгийн үйлчилгээ ийм дарамттай болчихоор дийлэхгүй байна шүү дээ.

-Хүн бүрийн толгойны өвчин болсон агаарын бохирдлыг бууруулахын тулд сүүлийн арван жилийн хугацаанд зуугаад тэрбум төгрөг зарцуулжээ. Шилжилт хөдөлгөөнийг зохицуулахгүйгээр үүнийг багасгах арга бий юү? 

-Агаарын бохирдлын 85 орчим хувь нь гэр хорооллын яндангаас гарч байгаа. Мөн автомашины утаа бохирдлын томоохон хэсгийг бүрдүүлэх нь мэдээж. Тэгэхээр олон мянган хүн шилжин ирж буй нь үүнд ихээхэн нөлөөлж байгаа. Гэхдээ хоёр дахь чухал зүйл бол бүгд л хариуцлагатай байх хэрэгтэй. Тиймээс ч агаарын бохирдлын эсрэг жагсаалыг зөв зүйтэй гэж бодож байгаа. Агаарыг бохирдуулж буй эх үүсвэрийг яаж хэрэглэхгүй байх вэ гэдэгт бүгд анхаарлаа хандуулах ёстой. Мэдээж захиргааны зүгээс авч хэрэгжүүлэх зүйлс бий. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Гэхдээ ганцхан аргаар асуудлыг шийдэх боломжгүй л дээ. Нүүрсээ түлэхээ болихын зэрэгцээ брикетэн түлшээ хэрэглэх хэрэгтэй, мөн цахилгаан халаагуурууд шаардлагатай. Хамгийн эцсийн арга зам бол хийн түлшинд шилжих ёстой. Харамсалтай нь, Монголд хийн түлшний томоохон орд байхгүй учраас энэ нь хэцүү байгаа юм. Энэ бүгдийг хамтад нь шийдвэрлэж байж л агаарын бохирдлоос ангижирна. Тэрнээс биш хэн нэгэн хүн рүү зааж утаагаа шийд гэж хэлчихээд өөрөө нүүрс түлээд, эсвэл их утаа ялгаруулдаг машин унаад яваад байж болохгүй л дээ.

-Танд ер нь хот руу шилжин ирж байгаа хүмүүсийн тоог хязгаарлая гэсэн бодол байдаг уу?

-Би хотын даргын хувьд хязгаарлах хүсэлтэй. Өнөөгийн нөхцөлд хот руу шилжин ирж буй хүмүүсийн тоог хязгаарлахгүй бол хотод байгаа иргэдийн эрх ашиг нь хөндөгдөөд эхэлж байна. Шилжиж ирэх эрх нь тэр хүнд бий гэлээ ч ачаалал хэт ихсэхээр энд байгаа хүмүүс болон ирж буй иргэдийн аль аль нь хохироод байгаа юм. Цаашдаа хөдөө орон нутагт очиж ажиллаж амьдарвал урамшуулал өгдөг тогтолцоог Засгийн газар бүрдүүлэх хэрэгтэй. Хотод ажил олдохгүй байвал хөдөө очоод ногоо тарьж, мал маллаж болно, бид нүүх зардлыг чинь даая, тэнд очингуут чинь ногооны үр, мал өгье гэсэн аян ч байж болно. Ачааллыг нь бууруулахгүйгээр хотыг жигтэйхэн сайхан болгоно гэвэл үлгэр.

-Та хөдөө орон нутагт үлдэх нөхцөлийг нь бүрдүүлэхийн тулд хамтарч ажиллая гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Бид Засгийн газартай хамтарч ажиллана. Улаанбаатарт байгаа үйлчилгээ, дэд бүтэц, соёл бүхий орчныг бүрдүүлчихвэл хүн болгон наашаа нүүгээд байхгүй шүү дээ.

-Орон сууцжилт агаарын бохирдлыг багасгах аргуудын нэг мөн үү. Хэрвээ мөн бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар та юу гэж боддог вэ?

-Орон сууцжилт агаарын бохирдлыг багасгах аргуудын нэг мөн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил үргэлжилнэ. Би Улаанбаатар хотын 32 дахь Засаг дарга. 32 Засаг дарга бүгдээрээ л гэр хорооллыг яаж багасгах вэ, хүмүүсийг орчин үеийн орон сууцанд хэрхэн амьдруулах вэ гэж л ажиллаж ирсэн. Миний хувьд ч ялгаагүй, орон сууцжуулах ажил бол бодлогын маань хамгийн эхэнд бичигдэнэ. Гэхдээ арга зам нь арай өөр байж болно. Жишээ нь, нэг компани маш том талбай авчихаад тэрийгээ арван жилийн хугацаанд орон сууцжуулах уу, эсвэл тэр том талбайг арван компанид хувааж өгөх уу. Хамгийн гол асуудал нь санхүүжилт юм. Хоёрдугаарт, орон сууц нь хэтэрхий өндөр үнэтэй байна. Тэгэхээр монголчуудынхаа амьдралд тохирсон орон сууцыг хэрхэн бий болгох вэ, яаж хямд өртөгтэй барих вэ гэдгийг л шийдэж чадвал явах учиртай. Мэдээж хэн ч гэсэн амьдрах нөхцөлөө өөрчилье, орчин үеийн, дэд бүтцийг нь шийдсэн газарт амьдаръя гэж бодож байгаа.

-Хотын төв болон захын ялгааг арилгахад мөн анхаарах уу?

-Улаанбаатарыг гэр хорооллоор хүрээлэгдсэн, хөглөрсөн хот байлгамааргүй байна. Бүх талаараа жигд хөгжсөн тийм л хот байх учиртай. Гэхдээ үүнд саад болж буй нийгмийн олон асуудал байгаа. Ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний хүрээнд Улаанбаатар хотыг олон төвтэй болгож задлах, зөвхөн төвд нь гоё цэцэг мод тариад байх биш захын хороолол руу ч соёл, дэд бүтцийг хүргэх хоёр гурван том төсөл хэрэгжүүлж байгаа. Мөн дэд бүтцийн шугамаа татаж байна.

-Таны мөрийн хөтөлбөрт дагуул хот бий болгоно гэсэн байсан. 

-Манай дагуул хотууд гэвэл Налайх, Багануур, Багахангай, Зуунмод, Эмээлт орчим, мөн Хөшигийн хөндийн Аэро сити байна. Энэ хотуудыг хөгжүүлээд Улаанбаатарыг задлах хэрэгтэй. Улаанбаатар хотыг хөгжүүлж байна, шинэ суурьшлын бүс бий болгоно гээд гэр хорооллыг их тэлсэн. Сугалаагаар нэг газар өгөөд, чи тэнд очиж газар өмчил гээд л. Одоо Улаанбаатар хотын гэр хорооллыг дахиж тэлэхгүй гэж дүүргүүдийн Засаг дарга нартай тохирсон. Хэрэв гэр хорооллыг тэлье гэж байгаа бол хотоос нэлээд зайдуу газарт дэд бүтцийг байгуулж өгөх хэрэгтэй. Бид суурьшлын бүсүүдийг арай өөр газар, бүр хотоос гаргаж тэлнэ гэж бодож байгаа. 2017 оны нэгдүгээр сарын 1 гээд улаан шугам татчихна, тэгээд үүнээс цааш буусан айлуудыг цахилгаан, усаар хангаж чадахгүй. Угаасаа газар ч байхгүй. 

С.БАТБОЛД: Хоёр өөр Улаанбаатар бий болчих гээд байна

-Өмнөх Засаг даргынхаа дутагдлыг их ярих юм...

-Харин бага ярьж байгаа биз дээ. (инээв)

-Тэдний хийсэн ажлын сайн, муу талыг хэрхэн дүгнэдэг вэ?

-Ер нь нэлээд зоригтойгоор хөрөнгө мөнгө гаргаад энэ дэд бүтцийн асуудлыг шийдсэн нь сайн. Гэхдээ их мөнгө зарцуулсан нь буруу. Бас гэр хорооллын асуудлыг шийдье гээд газар чөлөөлөх хуваарилалтыг хийсэн. Дутагдалтай зүйлүүдийг нь засаад л цааш нь үргэлжлүүлнэ. 

ОЛНЫ ЭРХ АШИГ ЭРХЭМЛЭНЭ 

-Ийм хэмжээний өөрчлөлтийг хийхийн тулд хэн нэгэн хүнд цохилт ирж л таараа. Хүн бүрт таалагдахгүй шүү дээ. Энэ цохилтыг та өөр дээрээ авахад бэлэн үү?

-Энд ажил хийх гэж л ирсэн юм чинь хийх ёстойгоо эхнээс нь хийгээд л чадахаасаа чадахгүйг хүртлээ явна гэж би боддог. Мэдээж нэг сая гурван зуун хүнд таалагдахгүй. Гэхдээ олонхын эрх ашгийг хангадаг байх хэрэгтэй. Жишээлбэл, энэ хэт их ачаалал нь Улаанбаатар хотын иргэдийг хохироож байна. Иймэрхүү нийтийн эрх ашгийн төлөөх цохилт, шүүмжлэл энэ тэрийг бол тоохгүй л гэж бодож байгаа.

-Үүний тод жишээ бол ТҮЦ байх. Уг нь нийтийн эрх ашгийн төлөө энэ ажлыг хийсэн байх, тийм үү.

-Зарим хүмүүс Улаанбаатар хотыг эзэнгүй газар шиг бодоод байх юм. Энэ хот чинь өөрийн гэсэн дүрэм, хуультай. Шөнө бүр ТҮЦ хэдэн арваараа нэмэгддэг. ТҮЦ-ийг автобусны буудал, явган хүний зам дээр хөндлөн авчирч тавьчихаад хүмүүсийн амьжиргаа мууг далимдуулан түрээсэлж, мөнгө олдог хүмүүс үүний цаана байгаа. Тэд нэг ТҮЦ-ийг хамгийн багадаа сард гурван зуун мянган төгрөгөөр түрээслүүлдэг. Хулгайгаар шөнө авчраад тавьчихсан ТҮЦ-үүдийг нь л бид цэгцэлж буй болохоос зөвшөөрөлтэйг нь ерөөсөө оролдоогүй. Бие засах газаргүй гээд хурааж байгаа гэдэг нь худлаа. Ер нь тавих ёстой шаардлага хэдий ч одоохондоо энэ талаар хөндөөгүй. Энд 750 ТҮЦ-ийн тухай л ярьж байна. Тэд бүгдээрээ гал түлнэ, нийтийн гэрэлтүүлгийн шонгоос цахилгаан татна. Эхлээд энэ “эзэнгүй” ТҮЦ-үүдээ цэгцэлчихээд, дараа нь эзэнтэй, зөвшөөрөлтэйгөөс нь хаана хэдийг байршуулах вэ гэдгийг өөрсөдтэй нь ярилцана.

Цаашид Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар хотын төвд ТҮЦ байлгахгүй гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол хотын соёл, амьдралын хэм хэмжээний асуудал. Нөгөөтэйгүүр иргэдэд жижиглэнгийн худалдаа эрхлэх боломжийг нь бүрдүүлж өгөхийн тулд зах, худалдааны төвүүдийн эрхлэгч нартай уулзаж, түрээсийн төлбөрөө 20-50 хувиар багасгахыг уриалж байгаа. Хоосон лангуунуудтай атлаа арав, хорин ТҮЦ-тэй байж болохгүй. Манай ТҮЦ-үүдийн гадна хүмүүс ил задгай бие засахаас гадна тэнд тамхи, зарим нь бараг архи зарж байна. Тэгээд шөнө нь бараагаа хөлдөөж хоночихоод өглөө нь чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнүүдээ зардаг, маш олон зөрчил илэрч байгаа. Улаанбаатар хотын нэг сая гурван зуун мянган хүний эрх ашгийн төлөө бол ямар ч найраа байхгүй ээ. 

-Хувийн хэвшлийг дэмжих нь зөв ч төрд заавал хариуцах ёстой салбар гэж байдаг. Зайлшгүй оролцох ямар салбар байгаа вэ. Нийслэлээс нөхөн төлбөр, татаас авч буй хувийн хэвшлийнхнийг зөвтгөх ёстой юу?

-Төсвийн үр ашиггүй зардлыг багасгах зайлшгүй шаардлагатай. Нийслэлд данстай улсын үйлдвэрүүдийг энд тэнд байгуулчихаад татаас авдаг. Хувьчлахыг нь хувьчлаад, татан буулгахыг нь татан буулгана. Гэхдээ оны эхний зургаан сард байдлыг нь харж байгаа. Хоёрдугаарт, бидний зүгээс хамгийн гол нь иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх ёстой. Эрүүл мэнд, боловсролын зөв тогтолцоо байх хэрэгтэй. Аль ч арван жилийн сургууль адилхан стандартын боловсрол олгочихдог болох ёстой. Гурав дахь чухал зүйл бол хотын дэд бүтцийн асуудал. Аливаа асуудалд төр, хотын зүгээс илүү их оролцох гээд байх юм бол буруу тийш нь аваачдаг, тэнд авлига цэцэглэдэг. Тийм учраас хувийн хэвшлийнхэнд төр бололцоог нь олгоод, өөрийнхөө хийх ёстой ажлыг л хариуцаад явах ёстой гэж боддог.

-Нийтийн тээврийн компаниуд таны хэлдгээр хувьсгалын ч биш, хувийн ч биш тогтолцоотой байна. Энэ хэр зөв бэ?

-Манай нийтийн тээвэр хамгийн үр ашиггүй тогтолцоонуудын нэг. Нэг сая гурван зуун мянгахан хүнтэй хотод хувийн 20 гаруй, төрийн өмчийн дөрвөн компани байна. Уг нь хоёр гурван компани байхад л хангалттай. Дэлхийн ихэнх хот нийтийн тээврээ хэвийн байлгахын тулд 10-15 орчим ху

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39407
0 эможи
keyboard_arrow_up