Эрүүл мэндийн эрсдэлт 10 хүчин зүйлд агаарын бохирдол ордог

2016 оны 12 сарын 27

Нялх, балчир хүүхэдтэй ээж, аавууд нэгдэн  “Хүүхдийн эрүүл мэнд ба агаарын бохирдол“ сэдэвт жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

 

Улирлын чанартай ханиад томуу ихсэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн жагсаалд оролцож буй эцэг эхчүүдэд хандан ЭМЯ-ны зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон иргэдэд энэ үед урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч болох талаар тодорхой зөвлөмжүүдийг өглөө. Тухайлбал, Дүүргийн эмнэлгүүдэд нэмэлтээр нийт 756 резидент эмч, сувилагч, оюутнуудыг гэрийн эргэлтэд дайчлан ажиллуулж, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулж, мөн Бямба гарагт ч ажиллаж байгааг дуулгалаа.

Тэрээр цааш хэлэхдээ, эцэг, эхчүүд хүүхдээ ханиад томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд юун түрүүнд хүүхдээ дулаан хувцаслаж, гэр орноо цэвэрхэн байлгаж, чийгтэй цэвэрлэгээ хийх, өрөөндөө тогтмол агаар оруулдаг болох, зориулалтын түлшийг хэрэглэж хэвшихийг зөвлөлөө. Түүнчлэн гэр бүлийн гишүүд дам тамхидалтад өртөх нь эрүүл мэндийн хувьд асар их хор уршигтай болохыг сануулсан юм.

Дэд сайд Л.Бямбасүрэн нийт эцэг, эхчүүдэд хандан агаарын бохирдлыг бууруулах, хүн амын амьдрах таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр гаргаж буй төр засгийн бодлогыг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан эрүүл мэндийн эрсдэлт 10 хүчин зүйлд агаарын бохирдол ордог. Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын замын эмгэг ихэсдэг бөгөөд үүнд хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртдөг байна.  

Бусад улс орнуудад хийгдсэн судалгаанаас харахад агаарын бохирдол нь хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал, Амьсгал, зүрх судасны өвчин, харшлын эмгэг, удамшлын эмгэг, төрөлхийн гаж хөгжил, хавдар, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхдийн бие махбодийн өсөлт, хөгжил, физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, дархлалын түвшинг бууруулдаг болохыг тогтоосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39371
0 эможи
keyboard_arrow_up