ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2016 оны 12 сарын 26

Дүүргийн Засаг дарга нарт үүрэг даалгавар өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр  дүүргийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр нийслэл хот болон дүүргийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаар дүүргийн удирдлагуудад хэд хэдэн чиглэлээр онцгойлон анхаарч ажиллахыг үүрэгдлээ.

 

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг товчлон дурьдвал,

-2016 онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдуулж ирэх онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх,

-Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг сурталчлах, иргэдээс санал авах асуудалд онцгой анхаарч дэмжлэг үзүүлж ажиллах,
-Энэ сарын сүүлээр хүйтэрч, цас орох төлөвтэй байгаа тул дүүргүүд нутаг дэвсгэр дэх явган хүний зам, гарц дээрх цасыг тухай бүрт нь арилгахдаа аж ахуй нэгж, байгууллагуудаа татан оролцуулах,  болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахад анхаарах,

-Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж  байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг бүхий талаар дэмжих, бага насны хүүхдүүдэд  аль болох  өрхөөр нь  явж эмнэлгийн тусламж үзүүлэх, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүртээмжийг  нэмэгдүүлэн хангах,

-Агаарын бохирдлоос хүүхдүүдээ хамгаалах зорилгоор хэт их бохирдолтой бүсэд байгаа гэр хорооллын 51 сургуулийн бага ангийн сурагчдад амны хаалт тараах, 50 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч суурьлуулахаар болсон. Энэхүү ажлыг зохион байгуулалт, удирдлагаар ханган ажиллах,

-Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй  үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ, зөвшөөрөлгүйгээр байршуулсан, шаардлага хангахгүй том, жижиг сурталчилгааны самбаруудыг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөхөд хяналт тавьж, дахин зөвшөөрөлгүй ТҮЦ, самбар байршуулахгүй байх асуудлыг биечлэн хариуцах гэх мэт.

УБХЦГ хүн амын 50 гаруй хувьд үйлчлэн ажилладаг

Улаанбаатар хотын Цагдаагийн газар жилийн тайлангийн хурлаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хийлээ. Тус цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн нь Монгол Улсын хүн амын 50 гаруй хувьд үйлчлэн ажилладаг. 2016 оны хувьд Улаанбаатар хотын хэмжээнд 323 141 өгргөдөл, гомдол хүлээн авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10.5 дахин өсөж улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 72.2 хувийг эзэлж байгаа юм. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 65.9 хувийг шалгаж шийдвэрлэн ажилласан, Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажилласан байна. Нийслэлийн хэмжээнд 16 689 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеийнхээс 1.5 хувиар өссөн байна. Гэмт хэргийн илрүүлэлт 61.5 хувьтай байгаа нь урд оны мөн үеийнхээс 3 хувиар өссөн байгаа аж. 2016 онд болж өнгөрсөн УИХ-ын сонгууль, Ази Европийн дээд хэмжээний уулзалт АСЕМ зэрэг олон томоохон арга хэмжээнүүдэд хэв журмын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна.

Ц.Сандуй тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д албан айлчлал хийлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-20-ны хооронд БНСУ-ын Сөүл хотын даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийгээд иржээ. Сөүл хотын ИТХ-ын дарга Янг Жун Юүгтэй уулзсанаар албан ёсны айлчлал эхэлсэн байна.

Уулзалтаар ноён Янг Жун Юүг урд нь Улаанбаатар хотод айлчилж байсан тухайгаа дурьдаж Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Сөүлийн Ой” төсөл, төрөлхийн хорт хавдартай хүүхдийн зардлыг нь бүрэн хариуцан Солонгос улсад авчран эмчлүүлсэн зэргээр хамтын ажиллагаан хүрээнд хийж хэрэгжүүлсэн зарим ажлынхаа талаар ярьж байсан юм.

SH” корпорацитай хамтран ажиллана

НИТХ-ын дарга Ц.Сандуй, тэргүүлэгч Б.Сүхбаатар, төлөөлөгч Р.Дагва нар Сөүл хотын Захиргааны “SH” Сөүл хаус барилгын корпорацийн захирал Бен Чан Хим, ИХ-ын төлөөлөгч Ким Ин Жэ болон бусад албаны хүмүүстэй уулзлаа. Уг уулзалтаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, Цэвэрлэх байгууламжийн асуудал дээр нэн түрүүнд, түргэн шуурхай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Ц.Сандуй илэрхийлээд, хамтран ажиллахаар санал солилцлоо. SH корпорацийн зүгээс Сөүл хот, корпораци, банк гэсэн гурвалсан уялдаанд тулгуурлан, хамтарсан алдагдалгүй ажиллах зарчим, туршлагыг судлахыг хүслээ.

Хоёр тал ярилцсаны үндсэн дээр талууд судалгааны баг томилон хамтран ажиллуулахаар болж, SH корпораци хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо илэрхийлсэн байна.

"Гамшигт тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл” дүүргүүдэд хэрэгжинэ

Нийслэлийн ЗДТГ, Онцгой байдлын газар  болон Дэлхийн  зөн олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй  “Гамшигтай тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл” арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Б.Үнэнбаатар,  “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хүмүүнлэгийн онцгой байдлын Үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж, Тусгай төсөл үйл ажиллагааны менежер С.Оюунтөгс болон дүүргийн засаг дарга, газрын мэргэжилтнүүд оролцож байна.

Төслийн хүрээнд нийслэлийн түвшний  нийслэлийн Онцгой байдал, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, дүүрэг дэх салбар нэгжүүдээр дамжуулан албан хааагч, иргэдэд сургалт зохион байгуулах аж. Улаанбаатар хотын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүн амын амь нас, эд хөрөнгийг байгалийн болон бусад тохиолдож болзошгүй гамшиг, аюулаас хамгаалахад зорилготойгоор тус сургалтыг зохион байгуулахаар болжээ.

Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас тухайн ондоо сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан хүүхдүүдийг шалгаруулах ёслолыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын ажиллагаа өчигдөр Улаанбаатар чууулгын их танхимд боллоо.

Нийслэлийн 9 дүүргийн 617 хүүхэд шалгаруулалтад өрсөлдсөнөөс 45 нь шалгарч Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшжээ. Шалгарсан 45 хүүхдээс шилдгийн шилдэг хүүхдийг “Манлайлагч”, “Оюунлаг”, “Бүтээлч”, “Тамирчин”, “Авьяаслаг” гэсэн таван номинациар шалгаруулж тодрууллаа.

"Газрын бирж” хэлэлцүүлгийн хоёрдугаар уулзалтыг зохион байгууллаа

Газрын биржийн ажиллах журмын төсөл, газрын цахим биржийн программ хангамжийн талаар танилцуулга хийх, газрын биржийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон хамтран ажиллах чиглэлээр холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүдийн саналыг авах зорилгоор  “Газрын бирж” хэлэлцүүлэгийн хоёр дахь удаагийн  хэлэлцүүлэгийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт  БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд, ГЗБГЗЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ганхүү, ГЗБГЗЗГ-ын УХАХ-ын дарга Р.Ганхуяг, НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Н.Буяндэлгэр, Нийслэлийн Засаг даргын  дэд бүтэц, гэр хорооллын хөгжил хариуцсан дарга П.Баярхүү, НЕТГ-ын дарга бөгөөд ерөнхий архетиктор Э.Анар болон бусад төлөөлөгч, мэргэжилтнүүд оролцож байна.

“Газрын бирж” хэлэлцүүлгийн  журмын төсөл, программ хангамжийг сайжруулахад дээрх мэргэжилтнүүдийн зөвөлгөө, санал чухал үүрэгтэй гэж тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа албан хүмүүс үзэж байгаа ажээ. 

“Хууль тогтоомжийг сурталчлах жил” болгох зорилт дэвшүүллээ

Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудын 2016 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа. 2016 оныг “Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг сурталчлах - Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх жил” болгох зорилгыг дэвшүүлэн, хэрхэн ажилласан ажлаа дүгнэж, ирэх онд ямар чиглэлээр ажиллах талаар энэ хурлаар хэлэлцлээ. 

Хуралдааны төгсгөлд нийсэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр нийслэл, дүүргүүдийн цэргийн штабуудад үүрэг даалгавар өглөө. Тэрбээр “Ирэх онд Улсын Их хурлаас шинээр баталсан Батлан хамгаалахын багц хуулиуд болон аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабын дүрмийг иргэдэд сурталчлан, хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулах хэрэгтэй. Мөн нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайд нарын 2017 онд хамтран ажиллах гэрээний биелэлтийг хангаж, Улаанбаатар хотод тулгамдаад байгаа олон асуудалд үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдалд байх, батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ хуулиа дээдэлж, ажлын байрны тохижилт, үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна” хэмээн дөрвөн үндсэн чиглэлээр даалгавар өгсөн юм.

Архивын 20 гаруй лавлагааг онлайнаар авах боломжтой

Иргэд архивын лавлагаа, үйлчилгээг онлайнаар авах боломжтой болсон талаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  нийслэлийн Архивын газраас мэдээллээ. Төрийн байгууллагуудын архивын баримт бичгийн 95.6 хувийг цахим хэлбэрт шилжүүлжээ. Иймээс албан байгууллага, иргэдэд лавлагаа, үйлчилгээг онлайнаар үзүүлэх боломж бүрдсэн байна.

Тухайлбал, иргэд архивын лавлагаа үйлчилгээг http://lavlagaa.ub.gov.mn/Home/Index энэ хаяг рүү орж, хоёр минутад авах боломжтой болсон байна. Мөн тухайн иргэн өөрийн хүсэлтийг ямар шатандаа явж байгааг онлайнаар хянах боломж бүрджээ.

Төв тайлбайн сүлд модны гэрлийг асааж, мөсөн гулгуурын талбай нээлтээ хийлээ

Нийслэлийн төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд оролцож, иргэдтэйгээ хамтдаа сүлд модны гэрлээ асаасан юм. Мөн энэ үеэр Сүхбаатарын талбайд байгуулсан мөсөн гулгуурын талбайн нээлтийн арга  хэмжээ боллоо.

Хотын дарга С.Батболд “Улсын маань нийслэл Улаанбаатар хотын төв цэгт их жанжиныхаа талбайд хуран цугласан та бүхэндээ энэ оройн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон хотууд шинэ оноо угтан төв талбайдаа сүлд модоо засч, гэрлийг нь асаан, бие биедээ сайн сайхныг хүсдэг билээ. Улаанбаатар хот маань үүний адилаар сүлд модныхоо гэрлийг асаах ёслолыг уламжлал болгон зохион байгуулж байна. Мөн хүүхэд залуустаа зориулсан мөсөн гулгуурын талбайг нээлээ. Бид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвлийн наадмыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Үүний эхлэл болгож, сүлд модныхоо гэрлийг асаалаа” гэлээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд амны хаалт өглөө

Улаанбаатар хотын агаарын бохирдол 12, 1 дүгээр сард хамгийн өндөр түвшинд хүрч, амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэн, дээд цэгтээ хүрдэг. Энэ үед амьсгалын замын өвчнөөс сэргийлэх гол арга нь амны хаалт гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байгаа юм.

“Оюутолгой” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 20 мянган ширхэг амны хаалтыг нийслэлд олголоо. Нийслэлийн эрүүл мэндийн газраас уг амны хаалтыг утаа ихтэй, гэр хорооллын 70 гаруй өрхийн эрүүл мэндийн төвд тарааж өгч байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны “Мэнд Арвижих” ӨЭМТ, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Санколл” ӨЭМТ-д өглөө. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудыг амьсгалын замын өвчлөлд өртөхөөс сэргийлэхээс гадна тухайн хороонд амьдарч байгаа уушигны болон гуурсан хоолойн архаг үрэвсэлтэй, амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэлтэй бүлгийн иргэдэд өгөх юм байна.

Цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж, сурагчдад амны хаалт өглөө

Нийслэлд агаарын бохирдол 12, 1 дүгээр сард хамгийн өндөр хэмжээнд хүрч, амьсгалын замын өвчлөлийн тархалт нэмэгддэг. Агаарын доод хэсэгт хамгийн их бохирдол, утаа байдаг учраас бага насны хүүхдүүд өртөх эрсдэл ихтэйг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Тиймээс бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдэд ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Нийслэлийн боловсролын газартай хамтарч хийсэн судалгааны дүнд үндэслэн эхний ээлжинд утаа ихтэй гэр хорооллын бүсийн 50 цэцэрлэгийг сонгож, 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмж өгч байна. Энэхүү шүүлтүүр нь тасалгааны агаар дахь нян бактери, хөгцийг 99 хувь хүртэл устгаж, утаа, тоос, тоосонцор, бохирдлыг шүүж цэвэрлэдэг аж. Шөнийн ухаалаг горимоор ажилладаг учраас эрчим хүчинд ч хэмнэлттэйг онцоллоо. Мөн цэцэрлэгүүдэд агаарын бохирдлыг хэмждэг лазер төхөөрөмж дагалдуулан өгсөн. Энэхүү хэмжүүрийн тусламжтайгаар тасалгааны агаар дахь бохирдол хэрхэн буурч байгааг хянах боломж бүрдэж байгаа юм. Агаарын бохирдол ихтэй энэ үед уг төхөөрөмжүүдийг өгснөөр 50 цэцэрлэгийн 2-5 насны 7400 орчим хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдэж байгаа аж.

Шинэ цасанд шинэ төхөөрөмжөө ажиллууллаа

Улаанбаатар хотод өнөө өглөөнөөс эхлэн орсон цасыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн 317 ажилтан цэвэрлэж байна. Нэн түрүүнд автобусны буудал болон явган хүний замын цасыг цэвэрлэж байгаа бөгөөд уламжлалт аргаар буюу шүүрдэхийн зэрэгцээ цас үлээгч гурван ширхэг төхөөрөмж, явган хүний замын цас цэвэрлэгч 12 ширхэг шинэ төхөөрөмж  ажилуулж байгаа юм.

Явган хүний замын цас цэвэрлэгч төхөөрөмжийн хувьд өнөөдрөөс эхлэн ажиллуулж байгаа бөгөөд шинэ цасанд ажлын бүтээмж өндөр, илүү үр дүнтэй болох нь харагдаж байлаа. Мөн зам шүүрддэг 11 ширхэг машин замын нуухны цасыг цэвэрлэж байна. Түүнчлэн хуваарьт замуудын хальтиргаа гулгааг арилгахаар бодис тээвэрлэсэн Камаз машин долоон ширхэг, Зил 130 машин хоёр ширхэг, портер машин хоёр ширхэг тус тус гараад байна.

Элэгний вирүсийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг дутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.

Энэ оны 09 дүгээр сарын 09 ны өдрөөс эхлэн нөхөн олгох бөгөөд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, эм худалдан авсан баримт  зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрхи банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаар / 2 сая төгрөг/ -аас давсан даатгуулагчдын хувьд эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч  гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой.

 Өнөөдрийн байдлаар Монгол улсын эмийн бүртгэлд элэгний С вирүсийг эмчлэх  дараах таван нэрийн эмийг бүртгэсэн байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39313
0 эможи
keyboard_arrow_up