ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2016 оны 12 сарын 19
 

Нийслэлд хүүхдийн шинэ эмнэлэг барина

Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргүүдийн хүүхдийн эмнэлэгт орны зохицуулалт хийх, эмч сувилагчдын тоог нэмэх, шаардлагатай эм тариа захиалах, томуугийн вакцинд эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг хамруулах зэрэг олон талын арга хэмжээг авч эхэлсэн билээ. Энэ сарын 5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ. Мөн Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж буй бөгөөд нийт өвчлөгсдийн 85 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж байгаа аж. Нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллав. 

Хотын дарга хүүхдийн нэгдсэн эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Энэ долоо хоногийн эхээр нийслэлийн эрүүл мэндийн газраас цаг үеийн байдлаар мэдээлэл авсан. Дүүргийн эмнэлэгт нөхцөл байдал ямар байгааг биеэрээ явж танилцахыг хүссэн. Өөрийн зүгээс болон салбар яаманд тавих санал юу байгааг эмч мэргэжилтнүүд, өвчтөнөөс сонслоо. Ер нь томуу, томуу төст өвчний тархалт харьцангуй гайгүй ч амьсгалын замын цочмог халдвар ихэсчээ. Тархалт ихэсч магадгүй учраас хотын зүгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулж, зарим нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмийн  ханган нийлүүлэлтийг сайжруулахаар ажиллаж байна. Сонгинохайрхан бол Улаанбаатарын том дүүргийн нэг. Өнөөдрийн байдлаар ачаалал нь эрс нэмэгдчихсэн байна. Энэ байдал жил бүр давтагддагийг эмч нар ч хэлж байна. Тиймээс ирэх жилээс нийслэлд 150-200 ортой хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөж байгаа. Эмнэлгийг 2018 онд ашиглалтад оруулснаар нийслэлийн хүүхдийн эмнэлгийн одоо байгаа байдал харьцангуй дээрдэнэ. Өвчтөнүүдийн хувьд эм тариагаар тасраагүй ч орны хүрэлцээ муу байгаа талаар саналаа хэлсэн. Эмнэлгийн захиргаанаас нярайн хиймэл амьсгалын аппаратын асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Энэ асуудлыг холбогдох хүмүүстэй нь ярилцаж шийдвэрлэх болно” гэв.

Ирэх онд хэмнэлтийн горимоор ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд төсвийн шууд захирагч, ахлах нягтлан бодогч нарт зориулсан “Санхүү, төсвийн талаар баримтлах бодлого, чиглэл цаашид анхаарах асуудлууд” сэдэвт сургалтад оролцож, үг хэллээ.

“НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны төсвийг хэлэлцэж баталсан. Ирэх онд төсвийн байгууллагын орон тоог нэмэхгүй байх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээ ашигтай ажиллуулах, эрх бүхий албан тушаалтнуудын гар утасны төлбөрийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхгүй байх, шатахуун бага зарцуулдаг автомашин хэрэглэх зэрэг хэмнэгдсэн горимд шилжин ажиллана. Эдийн засгийн хямралыг даван туулахад хэмнэлтийн горимыг сайтар хангаж, үргүй зардал гаргуулахгүй байх талд та бүхний хүчин чармайлт хамгаас чухал юм шүү” хэмээн хотын дарга онцолсон юм.

Нийслэл Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Дорана Жавиертэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод хоёр жилийн турш хэрэгжүүлэх сургалтын төсөл эхлүүлж байгаа юм байна. Сургалтын зардал нь АНУ-ын гадаад улс орнуудын гамшигт туслах санхүүгийн байгууллагаас санхүүжигдэж байгаа аж.

Төрийн байгууллагынхны гамшгийн менежментийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхижуулах, бэхжүүлэх, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулахад сургалтын гол зорилго оршиж буй гэдгийг Дорана Жавиер онцлов.  

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Смарт Карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, эрх зүйн баримт бичиг, гэрээнүүдийг судалж үзсэн байна. Ажлын хэсэг дараах дүгнэлтэд хүрчээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн шинэ систем нэвтэрснээр тээврийн хэрэгсэлд тавих бүртгэл, хяналт зохих хэмжээгээр сайжирсан, холбогдох хуулиудын хүрээнд хөнгөлөлттэй зорчсон иргэдийн нөхөн олговрыг хуваарилах болсон зэрэг ахиц гарсан. Гэсэн ч төсөл хэрэгжүүлэгч “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргатай болон Нийслэлийн тээврийн газартай байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, төсөл хүлээгдэж байсан үр дүнд хүрээгүй гэж ажлын хэсэг дүгнэжээ.

Хотын дарга БНСУ-ын Пусан хотын олон улсын харилцааны сангийн дэд захиралтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Пусан хотын олон улсын харилцааны сангийн дэд захирал Пак Юн Суктэй уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар болон Пусан хотын олон улсын харилцааны сангийн ажилтнууд байлцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Пусан хотын олон улсын харилцааны сан Улаанбаатар хотын нийгмийн салбарын үйл ажиллагаатай танилцаж байгаад талархаж байна. Манай хот бол хөгжиж байгаа хот. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бий. Тиймээс энэ салбарт та бүхнийг үйл ажиллагаагаа чиглүүлж, тусламж дэмжлэг үзүүлээрэй гэж хүсье. Хоёр хотын хамтын ажиллагаа цаашид илүү өргөжинө гэдэгт итгэлтэй байна.” хэмээв.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн ээлжит хурал болов

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн IV хуралдаан  2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ЭМЯ-ны хурлын танхимд боллоо.

Энэ удаагийн хуралдаанд  Шадар сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон холбогдох албаны удирдлагууд  оролцов. Хурлаар тус зөвлөлийн энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнаж,  ирэх онд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм.

Ирэх онд  эрүүл мэндийн байгууллагын гамшгийн бэлэн байдлын төвшинг дээшлүүлэх, эрсдэлийн үнэлгээ, тохиолдлын менежементийн тогтолцоонд суурилсан хариу арга хэмжээг зохион байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, нөөц бүрдүүлэх чиглэлээр агуулах барих, аюулгүй эмнэлэг бий болгох төсөл боловсруулан хэрэгжүүлэх, гамшигт  тэсвэртэй эмнэлгийн барилга, байгууламжийг барих, онцгой байдлын үед “Монгол гэр” яаралтай тусламжийн нүүдлийн хээрийн эмнэлэг төсөл боловсруулан хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийхээр шийдвэрлэлээ.

Сэлбэ дэд төвд ирэх хавар дулааны цахилгаан станц барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон холбогдох албаныхан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлбэ дэд төвийн төлөвлөлт, дэд бүтцийн ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийг 8 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Баянхошуу болон Долоон буудал орчмын Сэлбэ дэд төвийг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд иргэдийг түр суурьшуулах зориулалттай 50 айлын хоёр орон сууцыг барьж, нийслэлд хүлээлгэн өгсөн. Дэд төвийн бүтээн байгуулалт эхлэх үе буюу ирэх дөрөвдүгээр сард газраа чөлөөлсөн иргэдийг энэ орон сууцанд түр суурьшуулах юм байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу дэд төвүүдийг байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ 50 айлын орон сууц бол дэд төвүүдийг байгуулахад болон гэр хорооллын хямд өртөг бүхий амины орон сууцыг бий болгоход иргэдэд дамжин өнгөрөх сууц болох юм. Өмнөх удирдлагуудын алдааг давтахгүйн тулд 50 блокоор хэсэгчилж уг ажлыг явуулахаар тооцож байгаа. Ирэх хавраас иргэдтэйгээ ярилцаад үнэхээр хүлээн зөвшөөрч газраа чөлөөлөхийг хүссэнийг нь түр суурьших 50 айлын орон сууцанд оруулна. Дэд төв байгуулах ажлын хүрээнд сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвийг цогцоор нь шийдэхээс гадна залуучуудын чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх кино театр зэргийг барина”  гэлээ.

“Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, нийслэл хотод тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх зорилготой “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдаан зохион байгуулсан билээ. Үндсэн 3 сэдвийн хүрээнд явагдсан тус уралдааны шилдгүүдэд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шагнал гардууллаа.

“Ухаалаг Улаанбаатар” сэдвийн гуравдугаар байрт “Magyar trade house” ХХК-ийн “Ухаалаг хот концепт” төсөл, хоёрдугаар байрт ШУТИС-ийн МХТС-ийн Холбооны салбарын багш Г.Хишигжаргалын “IoT суурьтай ухаалаг хотын нэгдсэн сүлжээгээр нийтийн тээврийн хяналт, удирдлагын системийг зохион байгуулах” төсөл, нэгдүгээр байрт “Аметрос технологи” ХХК-ийн “Бие даан ажиллах горимтой ухаалаг автоматжуулалтын Добу системийг ашиглан Улаанбаатар хотын ухаалаг сүлжээг бий болгох” төсөл тус тус шалгарсан байна.

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр “Шарп”-тай хамтарч ажиллана

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Японы “Шарп” корпорацийн Эрчим хүчний шийдэл салбарын ерөнхий менежер Тацуяа Сатотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Багануур дүүрэгт 20 мВ бүхий хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулж, тухайн бүс дэх айл өрхүүдийг эрчим хүчээр хангах аж.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дараа нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Багануур дүүрэгт буюу нүүрсний олборлолтын бүсэд эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчээр бий болгох үүднээс уг төслийг хэрэгжүүлэх гэж байна. Монгол Улсад сүүлийн 14 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулж ирсэн учраас “Шарп” корпорацитай хамтарч ажиллахаар сонгосон” гэлээ.

“Ub Resort” цанын бааз иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангажээ

Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т байгуулсан “Ub Resort” цанын бааз өнөөдөр туршилтын байдлаар ажиллаж байна. Улаанбаатар хотын иргэдийг эрүүл цэвэр агаарт амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус баазыг байгуулсан билээ. Цана, чарга, тэшүүр, дулаан гэр, халуун хоол цайгаар үйлчлэх гээд иргэд амарч зугаалахад таатай орчныг бүрдүүлжээ. Цанын баазын үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Захиргааны албан хаагчдыг сургалтад хамрууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа зарим байгууллагуудын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон болон 2016 оны ажлаа дүгнэн цэгнэж, 2017 оны ажлаа төлөвлөхтэй холбогдуулан  харьяа газруудын захиргааны чиглэлийн албан тушаалтнуудад “Байгууллага, нэгжийн дотоод үйл ажиллагаанд хууль тогтоомж, стандарт журмыг мөрдүүлж, дотоодын хяналтыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав.

Сургалтад Захирагчийн ажлын албаны харьяа Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Хот тохижилтын газар зэрэг харьяа 10 байгууллагын хэлтсийн дарга нар, дотоод хяналт, дотоод ажил, хууль, эрх зүйн асуудал хариуцсан албан тушаалтнууд оролцлоо. Мөн Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар зэрэг аудит, дотоод хяналтыг хэрэгжүүлдэг, төрийн албан хаагчийн стандартын удирдлага, арга аргачлалаар хангадаг мэргэжлийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцож, байгууллагад дотоод аудит, хяналтыг хэрэгжүүлэх, төсвийн шууд захирагч нараас удирдах албан тушаалтнуудтай контракт болон үр дүнгийн гэрээ байгуулах, тайлагнах асуудлаар мэдээлэл хийн арга зүйн удирдлагаар хангасан юм.
 

Нийгмийн халамжийнхан сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас нийслэл, дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан төрийн албаны чиглэлийн сургалт зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Т.Бадрахбаяр, нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг, Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг нар оролцов.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Бидний үйл ажиллагаа харилцан уялдаа, холбоотой байх хэрэгтэй. Иргэдийн зүгээс “Халамж гэхээсээ илүү хөдөлмөрийн ажил ерөөсөө урагшлахгүй байна аа” гэсэн гомдол ирдэг. Үүнийг бид бүхэн анхаарах хэрэгтэй. Хийж буй ажлаа иргэдэд хүргэхийн тулд санал санаачилга нэгтэй байх ёстой. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нэг өрх, нэг ажлын байр” гэж маш том зорилт дэвшүүлсэн. Тиймээс ирэх онд бид эхний ээлжинд хөдөлмөр эрхлэлт болон амьжиргааны төвшин, ажилтай, ажилгүй иргэдийн судалгааг маш нарийн дэлгэрэнгүй гаргана. Ажилгүйдлийн төвшний судалгааг мэргэжилтнүүд янз бүрээр хийж, олон тоо хэлэх юм.

Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүд /ТҮЦ/,  гараж, чингэлэг, павильон зэрэг зөөврийн байгууламж, авто зам болон явган хүний зам хааж барьсан хашаа, хайс, төмөр хаалт, шон, шат, зөөврийн байгууламж  болон бусад төрлийн объект, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сунгасан хашаа зэргийг зохих журам, удирдамжийн дагуу зөрчил арилгах, газар чөлөөлөх арга хэмжээ авч эхлээд байгаа юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1132 ТҮЦ байгаагаас 757 нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 572 түргэн үйлчилгээний цэгт зөрчлөө арилгаж, газраа чөлөөлөх тухай шаардах хуудас өгч, эхний ээлжид зөвшөөрөлгүй 23 ТҮЦ-ийг нүүлгэн, газрыг чөлөөлөөд байна.

“Хас Транс” ХХК-ийн тээврийн хэрэгсэл зөөж, шилжүүлэх гэрээг цуцаллаа

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Авто замын хөгжлийн газар аж ахуйн нэгжүүдтэй тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх гэрээ байгуулан ажилладаг. Уг гэрээнд тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэрийг үндэслэн зөөж, шилжүүлнэ гэж заасан байдаг аж. “Хас Транс” ХХК тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр зөөж, түр саатуулж байгаа талаар НЗДТГ-т иргэдээс гомдол ирэх болсон байна. Иргэдээс ирсэн гомдол мэдээлэл нь баримтаар нотлогдсон тул Авто замын хөгжлийн газраас тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалжээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39133
0 эможи
keyboard_arrow_up