ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2016 оны 12 сарын 12
 

Нийслэл, БОАЖЯ-тай байгаль орчны чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар 2017 онд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурах ёслолд оролцож харилцан санал бодлоо солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм.

Улаанбаатар хот, Байгаль орчны яамтай хамтран ажилласнаараа нийслэлийн ногоон хөгжил, агаар, хөрс, усны бохирдлыг багасгах, байгаль орчин, экологийн аюулгүй байдлыг ханган ажиллахад илүү амар болох болно гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байлаа.

Хотын дарга Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд “Хатуу хог хаягдлын төсөл”-ийн талаар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад ногоон хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан “Ногоон хотууд” хөтөлбөрийн талаар ярилцлаа.

                                Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү хамтран ажиллах  санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Хятадын “Ориэнтал Патрон” группийн ерөнхий захирал, “Кэйсин энэржи” группийн ТУЗ-ийн дарга Жосеф.Н.К.Чан нар  2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа орлогч П.Баярхүү “Өнөөдөр үзэглэж буй санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод их бүтээн байгуулалт хийгдэнэ гэдэгт найдаж байна” хэмээгээд ажлын амжилт хүсэв.

Санамж бичгийн хүрээнд эхний ээлжид эрчим хүч, бохир ус цэвэршүүлэх, ундны усны хангамж зэрэг иргэдийн ахуй амьжиргаатай холбоотой салбаруудад хөрөнгө оруулалт хийх юм байна.

“Эмнести Интернэшнл” байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Эмнести Интернэшнл” байгууллагын Зүүн Ази хариуцсан захирал Николас Бекүйлен болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Бид бүхэн Улаанбаатар хотын гэр хорооллыг инженерийн шугам, дэд бүтэц бүрэн хангагдсан, тохилог болгоход анхаарч ажиллана. Иргэдийг орон сууцжуулах, нийслэлийг барилгажуулах ажил цаашид ч хийгдэнэ. Үүнд ч хотын үе үеийн дарга нар анхаарч ирсэн. Гэр хороололд амьдарч байгаа иргэд газар дээрээ амины орон сууц барих нөхцөл боломжоор хангахын төлөө ажиллаж байгаа” гэсэн юм. “Эмнести Интернэшнл” байгууллагын зүгээс тавьсан асуудалд анхаарч ажиллахаа хэллээ.

Нийслэлийн удирдлагууд Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөлөө

2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг орон даяар тэмдэглэж энэ өдрийг “Ардчилал, хүний эрхийн өдөр” болгох Засгийн газрын тогтоол гарчээ. “Ардчилал, хүний эрхийн өдөр” буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд болон анд нөхөд нь төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ж.Батмөнх агсан Монгол Улсын өөрчлөлт, шинэчлэлтийг тайван замаар хүлээн авч тухайн үед ардчиллын төлөө тэмцэж явсан залуучуудтай ойлголцож, ямар нэгэн эсэргүүцэл, тэмцэлгүйгээр ухаалаг шийдвэр гаргасан нь ардчиллын үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэмээн хүндэтгэл үзүүлэхээр ирсэн андууд нь дурсаж байлаа.

НЗД-ын орлогч П.Баярхүү “Мянганы сорилтын корпораци”-ийнхныг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  “Мянганы сорилтын корпораци”-ийн Монгол дахь төсөл хөтөлбөр хариуцсан удирдлагууд болон тус корпорацитай хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаныхныг хүлээн авч уулзав. Тэд нийслэлийн Мастер төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөн дэх гэр хороолол, дахин төлөвлөлттэй холбоотой асуудал, Гэр хорооллын тэлэлтийг хязгаарлах, дахин төлөвлөх чиглэлээр нийслэлийн удирдлагаас баримталж буй бодлогын чиглэл, өнөөгийн байдлаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явц зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. “Мянганы сорилтын корпораци”-ийн Монголыг хариуцсан багийн ахлагч Дийпа Гош “Мянганы сорилтын сан”-ийн Монголын Үндэсний ажлын албатай хамтраад Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр манай сангийн хоёр дахь компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг нарийвчлан тодорхойлох ажлаа эхлүүлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн ЗДТГ, БХБ болон БОАЖ-ын яам, УСУГ зэрэг байгууллагатай нягт хамтран ажиллаж байгаа.


Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн 2016 оны 12 дугаар сарын 05-ны  өдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийтийн тээврийн үйлчилгээ оройн цагаар тасалдаж байгаа тухай иргэдээс их гомдол ирж, Засаг даргаас энэ чиглэлээр үүрэг чиглэл өгсөн. Хот орчмын 86 чиглэлд 20 аж ахуйн нэгж, байгууллагын 921 угсраа, их, дунд багтаамжийн автобус, троллейбусаар өдөр тутмын нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс оройн 21.00 цагийн байдлаар 554 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах даалгавартайгаас дунджаар 510-525 автобус ажиллаж байна. Судалгаагаар нийтийн тээврийн 71 чиглэлийн зорчигч урсгал буюу ачаалал ямар цагуудад буурч байгааг тодорхойлоход 10:00-13:00, 13:00-16:00 цаг байсан. Үүнээс бууралт ихтэй 35 чиглэлийг тогтоож өдрийн цагаар цонхлуулан оройн цагаар нэмэгдүүлэхээр саналыг боловсруулсан гэдгийг Х.Гантулга дарга танилцуулав.

Хотын удирдлагууд ТҮЦ эрхлэгчдийн санал бодлыг сонслоо

ТҮЦ  эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нарт танилцууллаа.  
ТҮЦ-ийн журмыг шинэчлэхдээ иргэдийн саналыг авч, хамтран ажиллана гэдгээ холбогдох албаныхан хэллээ.

Улаанбаатар хотыг теле камерын хяналтад бүрэн шилжүүлнэ

2016 оны 12 дугаар сарын 9-ны өдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлуулсан хяналтын камерын ашиглалтын талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайд төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1483 камерыг 2011 оноос хойш байрлуулж эхэлсэн аж. Уг камерыг нийслэлийн цагдаагийн газрын 56 албан хаагч хянадаг. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Камерын хяналтыг ашигласнаар 2016 оны эхний арван сарын байдлаар 42 гэмт хэргийг үйлдэл дээр нь барьж, 163 захиргааны зөрчил илрүүлсэн.  Энэ тоо нь  гэмт хэрэг гарсан үйлдэл дээр нь хугацаа алдалгүй илрүүлсэн хэргийн статистик тоо. 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд Улаанбаатар хотыг телекамерын хяналтад бүрэн авснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  хэргийг илрүүлэх, иргэдийг амар тайван амьдрах “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэхэд чухал ахиц авчирна гэж үзэж байгаагаа хэлсэн. Нөгөө талаар   телекамерын хяналтыг нэг дор төвлөрүүлж, засвар, хяналт, үйлчилгээг   Улаанбаатар хотын цагдаагийн газар авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц авчрах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ОХУ-ын Чита хотын төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан ОХУ-ын Чита хотын Тамгын газрын дарга Олег Кузнецовтой уулзлаа. Хотуудын байгаль орчин, спорт, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

ОХУ-ын Чита хотын Тамгын газрын дарга Олег Кузнецов “Манай үндсэн хамтын ажиллагааны чиглэл нь аялал жуулчлалын салбар. Бид энэ салбарын хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхийг хүсч байна. Чита хотод байгалийн үзэсгэлэнт газар, хөшөө дурсгал бүхий газрууд олон бий. Эдийн засгийн хөгжлийн хувьд ч 2 хот хоорондын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Манай хотын хувьд Улаанбаатар хоттой биеийн тамир, боловсролын салбарт мөн идэвхтэй хамтарч ажилладаг. Цаашид ч дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн.” гэлээ.

 

“Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийн 3 дахь удаагийн сургалт болж байна

БХБЯ, Жайкагийн төслийн баг болон Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хамтран "Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны тогтолцоо" сэдэвт сургалт, семинарыг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  Барилга хөгжлийн төвд зохион байгууллаа.

Нийслэлийн  Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсын  хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 3  дахь удаагийн сургалт өнөөдөр зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалт нь хот, суурин газрыг хөгжүүлэх үйл ажиллагаа, гэр хорооллын суурьшилын бүст тулгамдаж байгаа асуудлуудыг мэргэжлийн хүмүүстэй зөвшилцөж, тодорхой шийдлийг дэвшүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Улаанбаатар хот насжилт өндөр болсон барилгуудыг дахин барилгажуулах, гэр  хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудыг цаашид хэрхэн яаж үргэлжүүлэх, шинээр зохион байгуулах гэх мэт тулгамдсан олон ажлууд байна. Энэ тал дээр нийслэлээс Жайка олон улсын байгууллага, Азийн хөгжлийн банк болон гадна, дотны хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллаж байгаа. Бид гадны улсын туршлагаас суралцаж, өөрийн орны онцлогт тохирсон загварыг нутагшуулсан ажлын хийх ёстой.” гэсэн юм.

“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслөөр хэлэлцүүлэг хийж байна

“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг  2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Хангарди” ордонд боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлага, НИТХ, Нийслэлийн ЗДТГ-ын болон харьяа газар, агентлагийн удирдлагууд оролцлоо.

Уг хууль 1994 онд батлагдсанаас хойшхи 22 жилийн хугацаанд Улаанбаатар хот эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудал шинээр үүсэхийн хэрээр уг хууль зохицуулалтын чадвараа алдаж, эрх зүйн хийдэл үүсэх тохиолдол давтагдах болжээ. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг харгалзан, нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн хугацаанд уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн 10 дугаар сард Засгийн газарт хүргүүлж, хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм.

Азийн нийтийн орон сууцны олон улсын анхдугаар форум болов

 “Азийн нийтийн орон сууцны олон улсын анхдугаар форум”-ыг энэ сарын 1, 2-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод зохион байгууллаа.  Тус форумд Улаанбаатар, Малайз, Сингапур, Тайпэй зэрэг хотын орон сууцны байгууллагууд болон форум зохион байгуулагч орны нийт 100 гаруй төлөөлөгч оролцсон байна. Азийн хотуудын нийтийн орон сууцыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон сууцны ашиглалтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох ач холбогдолтой энэхүү форумыг Сөүл хотоос санаачлан анх удаа зохион байгуулжээ. 


 

“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” сургалт боллоо

“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” сургалт 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр  боллоо. Сургалтанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцсон юм. Төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүй болон “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, “Засгийн газрын бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ын талаарх сургалтыг Төрийн албаны зөвлөл, Сангийн яамны мэргэжилтнүүд явуулсан бол Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газраас мөн сургалтанд оролцогчдод мэдээлэл өглөө.

10 аймаг, 3 дүүрэгт хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг хориглолоо

2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикльтой холбоотой нийт 56 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Орон нутгийн иргэд мотоциклийг ахуйн хэрэглээндээ өргөнөөр ашиглаж байгаагаас малын бэлчээрт, шороон замд хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.

Ойрын үед цас орж, замын зорчих хэсэгт хальтиргаа, гулгаа үүсч, замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан Архангай, Булган, Дархан-Уул, Өмнөговь, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймаг болон нийслэлийн алслагдсан 3 дүүргийн Засаг даргын захирамжаар өвлийн улиралд мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38920
0 эможи
keyboard_arrow_up