Монгол улс Энэтхэгээс тусламж авахыг Хятадын тал эсэргүүцжээ

2016 оны 12 сарын 09

Сүүлийн үед Монгол улсаас Энэтхэгт суугаа элчин сайд Г.Ганболд тус улсын ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд Монгол улсад хийсэн айлчлалын үеэр амласан $1 тэрбумын зээлийг авахаар хөөцөлдөж байгаа тухай Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлэх болсон юм.

 

Үүнийгээ Далай ламын айлчлалтай холбогдуулан Хятадын талаас авсан эдийн засгийн хоригийг даван туулахад зарцуулна гэж ярьсан байна. Тэгвэл өчигдөр БНЭУ-ын гадаад хэргийн яам уг хүсэлтийг нааштай хүлээн авч байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ Энэтхэг улс Монгол-Хятадын харилцаанд гарсан хүндрэлээс гадна Монгол улс өөрөө өрийн асуудалтай байгааг харгалзан үзэж, зээлийн нөхцлийг сайтар судлах хэрэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Харин үүний дараахан Хятадын гадаад бодлогын тусгал болдог Global Times сайтад “Монгол улс салан тусгаарлагчийг хүлээж авсан үйлдэлдээ шүүмжлэлтэй хандах хэрэгтэй” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгджээ.

Өгүүлэлд Монголын эрх баригчдын Энэтхэгээс зээл тусламж авах гэсэн оролдлогын тухай эхлээд дурдсан байна. Дараа нь Орос, Хятадын дунд оршдог Монгол улс төвийг сахих байр суурь баримталж, аливаа их гүрнүүдийн сөргөлдөөнд хутгалдахгүй байх нь ашигтай болохыг сануулжээ.

Гэхдээ “гурав дахь хөрш”-ийг үгүйсгээгүй ба ийм хамтын ажиллагааг зөвхөн эдийн засгийн ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх нь зөв, харин геополитикийн тоглоом болгож болохгүйг хэлсэн байна. Өгүүллийг бичигч нь Монголын эрх баригчдыг олон улсын харилцаа ямар зарчмаар явагддаг талаар гэнэн ойлголттой байгааг шүүмжлээд улс орныхоо эрх ашгийг бодолцохын хажуугаар бусадтай харилцан ашигтай байх зарчмыг мартаж болохгүйг анхааруулжээ.

Эцэст нь Монгол улс Энэтхэгээс тусламж хүссэн явдал улс төрийн хувьд хэтэрхий хөнгөн гоомой шийдвэр бөгөөд ингэснээр байдлыг улам хүндрүүлж, асуудлыг шийдэх боломжийг улам багасгана гэсэн байна. “Хямралд автсан Монгол улс алдаанаасаа суралцаасай гэж бид хүсэж байна” гэсэн өгүүлбэрээр нийтлэлээ төгсгөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38887
0 эможи
keyboard_arrow_up