Хотын даргын муу нэрний “нууц”

2016 оны 12 сарын 08

Бидний нийслэл дэлхийн хамгийн байршил муутай, хөгжил муутай, хүйтэн хотуудын нэг. Улсын хүн амын талаас илүү оршин суудаг манай хот маш олон асуудалтай. Зундаа зэрлэг ургамал, хог шороотой гудамж, өвөлдөө хоолой бачуурам утаа, золбин ноход. Дэлхийн хотуудын стандартын нэг ч шаардлагыг бүрэн хангаагүй нийслэл гэвэл Улаанбаатар байж магадгүй.

Гэхдээ үүний буруутан улаанбаатарын уугуул иргэн би л биш гэж бид боддог. Хотынхоо асуудал болгоныг бусдад нялзааж, бохир заваан байдал, замын түгжрээ, халтиргаа гулгаа, зунд нь гудамж чимдэг цэцэг нэг настай байдагт хүртэл хэн нэгнийг буруутгаж ирсэн. Оркууд, хөдөөнийхөн, муусайн төрийнхөн, цагдаа, кондуктор, СӨХ, ТҮЦ. Тэгээд одоо яах вэ.

Хувьдаа  машинтай хүн нэмэгдэхгүйгээр бодож, өнгөрсөн зууны 60 аад онд төлөвлөгдсөн нарийн замтай, социалист лагерийн нэг загварын хуулбар хот өнөөдөр даацаа хэтрүүлэн, зундаа шарилжинд бариулж, өвөлдөө утаа угаарт хахаж цацан цаг үетэйгээ хөл нийлүүлэх гээд зүдэрч байна. Монголчууд бидний сүүлийн 20 гаруй жил туулсаныг хот ч тойроогүй. Нийгмийн өөрчлөлт, өмч хувьчлал, хувийн хэвшлийн салбар, зах зээлд шилжилт бүгдийг үзлээ. Байраа хувьчилсан нь баараа нээлээ, бараа зараад томорсон нь барилга барилаа. Үүнтэй зэрэгцэн хот ч өдөр бүр өнгө зүс өөр болсоор. Сайн ч байна саар ч байна. Өдөр бүр өргөжин тэлж, өөрийнхөө хэмжээнд хөөрхөн хөгжиж байгаа хот. Хэрвээ бид өөрөөсөө бусдыг буруутгаад өөдөө харж хэвтээд нулимаад байхгүй бол утаанбаатар маань Улаанбаатар бүр цаашаа цагаанбаатар ч болно. Итгэхгүй бол хотуудын түүхийг уншаарай. Гэхдээ үүнийг ямар ч мундаг дарга ганцаараа хийхгүй.

Солонгост 50-60 онд эрчүүдийн хүрэмний халаас ихэнх нь цоорхой явдаг байж. Гудманд тамхины иш хаябал өндөр торгуультай учир хармаалсаар тэр. Өндөр хөгжсөн хотуудад бүх зүйлийг стандартаар хийхийг шаардана. Зам, барилга, гарц. Харин бид яадаг вэ. Бусдад саад болох хэсэгт машинаа тавьчихаад ачаад явах шийдвэрийг нь алаан болоод буцаачихна. Хогны уут тараахаар хэдэн цаасаар авсан гээд хэрэлдсээр байгаад болиулна. Улаанбаатарын өнөөдрийн төрх бол бидний толин тусгал.

Үе үеийн хотын дарга нар иргэдийн шуурган галд хуйхлуулдаг. Гэхдээ тэдний хэн нь ч муу утаанбаатарыгаа сүйрүүлэе гэж бодоогүй нь лавтай. Өөрсдөд олдсон боломжоороо өвөлд нь хөлдөөлгүй зунд нь үйчилгүй болгоод ирсэн. Хот ч бага багаар өнгө нэмж л байгаа. Дарга бүрээс нэг ч гэсэн сайн ажил үлдсэн л байлгүй. Харин улаанбаатарчууд бид л хуруугаа утаснаасаа өөр газар хөдөлгөсөн бил үү.

Тун саяхан Үүлэн үстээс муу хүнгүй байлаа. “Лаларууд”-тай хийсэн тэмцэл хотын ажлаас нь хэцүү байсан биз хөөрхий. Эцэст нь бид санасандаа хүрч сонгуульд унагаад шинэ даргатай боллоо. Гэтэл ажлаа аваад хагас жил шахаж байгаа дарга дөрвөн жилийн хэмжээний банга сонсов. Намынх нь нэрлэсэн Аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөр таалагдсангүй аз жаргалгүй юм чинь иймээрээ байя гэлээ бид. Хоёр дуучинд төлбөр өгөөд дуулуулсан “илэрч” олон идэвхтэнийг цус харвуулах шахав. Илрэх юу байхав өөрөө шилэн дансан дээрээ тавьж. Уг нь ажил хийлгээд хөлсөө өгдөг нь хүний ёс л доо. Үнэгүй дуулъя гэвэл харин но-той биз дээ. Өрөөний засварыг өөр зурагтай нийлүүлээд шуугиулав. Баар ресторан хаана, нохой гөлөг хөнгөлнө, цас цэвэрлэж попорно, найр наадамд нугасгүй гэсэн мэдээ өдөр шөнөгүй урсав. Харин үнэн хэрэг дээрээ цас цэвэрлэснээс бусад нь нотлогдоогүй. Учир нь санаатай  тараасан гүтгэлэг байж.

Үүнийг хийдэг бүтэц байна. Зохиомжилдог, гүйцэтгэдэг, тараадаг, сэвдэг.

Бат-Үүл баатарын эсрэг ажиллаж бидэнд шинэ Мэр бэлэглэсэн багийн хийц загвар улам төгсөрч, одоо брэнд болжээ.

Андуураагүй биз гэж үү. Үгүйээ. Өөрсдийнх нь хийц. Нэг нам байх хамаагүй, Албан тушаал эрх мэдэлд хүрэхэд ямар ч арга хэрэгсэл муу биш гэж үзжээ. Хотын даргын суудал хорхойг нь гозогнуулаад байгаа залуус байнаа МАН-д байна. Суудал сандалаа солиод суучмаар ч санагддаг биз. Намын даргын суудал эзгүйрвэл тийшээ хараалсан хүмүүс ч араас нь хатгадаг биз. 

Монголын нам бүр л дотроо асуудалтай манай утаанбаатар шиг. Гэхдээ гаргадаг хэлбэр нь янз янз. Олгойгоо тогооноосоо гаргаж хагалаад шалз түлэгддэг нь байна. Толгойгоо хагалаад малгайндаа нуудаг нь ч байна. Аль нь дээрийг Ардчилсан нам уг нь харуулаад байгаа даа.

Ирэх хавар болох сонгуулийн өмнө хотод өөрөө өөрсдөөрөө тоглох МАН-д мааш аюултай. Ийм алхам санаатай хийгдэж байгаа бол энэ нам дотор хувьсгал болноо гээд зөгнөчихэд зөрөхгүй. Намын дарга руугаа шидэх гээд арай наана буулгаад байгаа чулуу ч юм шиг. Хотын даргын муу нэрний нууцыг МАН-ын доторхи улс төртэй л холбож ойлгохоос аргагүй. Томилогдсон өдрөөс нь эхлэн дагасан гүтгэлэг шүүмжлэлийг өөрөөр тайлахад хэцүү. Нийслэлчүүд бидэнд бол одоогоор урдах дарга нараасаа илүү гай ч тариагүй гавъяа ч байгуулж амжаагүй байна шүү дээ.

За хамгийн харамсалтай нь энэ бүх шуугианы тоосонд Улаанбаатар хотын хууль, стандарт, брэндинг гээд шинэ Мэрийн гаргасан хэд хэдэн чухал сэдэв өнгө орохгүй болтлоо дарагдах нь.

Бид харин фотошоп үзээд хуруугаа хөдөлгөөд байх уу, хошуу ч болов нэмэрлэж, гүтгэлэг биш санаа нэмэрлэх үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38852
0 эможи
keyboard_arrow_up