ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2016 оны 12 сарын 05
 

Нийслэл 2017 онд Улсын төсөвт 89.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр боллоо

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит VI хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр  Хангарди ордонд боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсөв батлах тухай, Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2017 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Хувьчлалын жагсаалтаас эд хөрөнгө хасах тухай гэсэн дөрвөн асуудал хэлэлцсэн юм. Төсвийн анхны хэлэлцүүлэг хийсний дараа  НИТХ ын  хороод, намын бүлгээр хэлэлцэж,   санал дүгнэлтээ танилцууллаа.

НИТХ дахь хороодын хурлаас гарсан зарим саналуудыг 2017 оны төсөвт  тусгалаа. Ингэснээр нийслэлийн орон нутгийн төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг, нийт урсгал зарлагыг 295.7 тэрбум төгрөгөөр тус тус хянаж Төсвийн тухай хуулийн 56 зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу 89.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ. Нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгийг 2016 оны батлагдсан дүнгээс 2.2 тэрбум төгрөгөөр бууруулж 12.1 тэрбум, Улсын тусгай шилжүүлгээр санхүүжүүлэх нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хамгаалал, газрын харилцааны салбарын санхүүжилтийг өмнөх оноос 17.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 321.7 тэрбум төгрөг байхаар баталсан байна.

НИТХ-аас Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015-2017 онд он дамжин хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хойшлогдож буй 13.711.9 сая төгрөгийг нийслэлийн 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт тусгаж батлуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод даалгалаа.

Такэнори Шимизүг “Хангарьд” одонгоор шагналаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Такэнори Шимизүг “Хангарьд” одонгоор шагналаа. Ноён Такэнори Шимизүг манай улсад ажиллах хугацаандаа нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж ийнхүү нийслэлийн дээд шагналаар шагнахаар шийдвэрлэжээ.

Шагнал гардсаныхаа дараа ноён Такэнори Шимизү “Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг минь үнэлж хүндтэй одонгоор шагнасанд баяртай байна. Би 1973 оноос хойш Монгол Улстай холбоотой байлаа. Монгол Улсад Элчин сайдаар ажиллахдаа нийслэлийн дэд бүтэц болон боловсролын салбарт багагүй зүйл хийсэн. Түүгээрээ ч бахархаж явдаг. Миний хийсэн ажлыг үнэлж, дэмжсэн монголчууддаа талархаж байна. Монголын зүгээс Японд мөн ялгаагүй маш их тус болсон. Японд болсон газар хөдлөлтийн үеэр элэг нэгт ахан дүүст маань тусламжийн гараа сунгаж байсныг би хэзээ ч мартахгүй” хэмээн хэллээ.

“Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн хуралдаан боллоо

Нислэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Сүүлийн 10 гаруй жилд Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхжил идэвхтэй болж ирсэн байна. Сүүлийн 3 жилд гэхэд жилдээ 2500 орчим газар хөдлөлт зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрт бүртгэгджээ. Тиймээс газар хөдлөлтийн эрсдлээс ард иргэдийг хамгаалах, хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд авах арга хэмжээг зохион байгуулах байнгын ажиллагаатай зөвлөл байгуулагдсан юм.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга П.Баярхүү “Байнгын ажиллагаатай зөвлөлийн гол үүрэг нь Улаанбаатар хотод газар хөдөллөө гэхэд ямар зохион байгуулалттайгаар, ямар хүн хүчээр ажиллаж, эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэсэн зохион байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэх юм” гэв. Хуралдаанд оролцогсод Одон орон, геофизикийн хүрээлэн дэх газар хөдлөлтийн идэвхжилийг станцуудаар дамжуулан хянадаг лабораторитой танилцлаа.

Замын цагдаагийн албыг Нийслэлийн дээд шагнал болох Хангарьд одонгоор шагналаа

2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр  Замын цагдаагийн түүхт 80 жилийн ой тохиолоо. Энэ өдрийн хүрээнд  "Corporate Convition Center"-т хүндэтгэлийн арга хэмжээ болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл,, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү болон замын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм. Энэ үеэр Замын цагдаагийн албыг Нийслэлийн дээд шагнал болох "Хангарьд" одонгоор шагнаж,  “Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис замын цагдаагийн бие бүрэлдэхүүнд  мэндчилгээ дэвшүүлж цаашдынх нь ажилд амжилт хүслээ.

Япон Улсын Элчин сайдад талархал илэрхийллээ

НИТХ-ын дарга, “Монгол Японы найрамдлын нийгэмлэг”-ийн болон Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизүтэй уулзаж, талархал илэрхийллээ.
Нийгэмлэгийн бүх үйл ажиллагааг халуун дотноор дэмжиж, тусалсан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизү манай улсад 5 жил ажиллаад нутаг буцаж байгаа юм. Түүнд НИТХ-ын дарга, “Монгол Японы найрамдлын нийгэмлэг”-ийн дарга Ц.Сандуй өчигдөр талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардууллаа. Тэд энэ үеэр хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхээ илэрхийлсэн юм.

Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүдтэй уулзалт хийлээ

Нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Улаанбаатар хотын худалдааны танхим” өнөөдөр нийт гишүүдийн уулзалтаа хийлээ. Тус танхим нь 2015 оны 3 дугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн санаачлагаар байгуулагджээ.

Гишүүн байгууллагуудын уулзалтын  энэ удаагийн зочноор  НИТХ-ын дарга Ц.Сандуй,  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Батболд  нар уригдан оролцож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод хийх  бүтээн байгуулалтын томоохон ажил , төсөл хөтөлбөр, бодлогын талаар  нээлттэй ярилцлаа. Хотын удирдлагууд хэлэхдээ  Монгол Улсын хөгжлийн гарц нь Улаанбаатар хотын хөгжил гэдгийг онцлоод, энэ хөгжлийг түргэтгэх, шинэ шатанд гаргахад  хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэг их.  Өөрөөр хэлбэл хөгжлийн  зүтгэх хүч, хөдөлгүүр  гэж үзэж байна гэдгээ уулзалтын эхэнд тодотголоо. Ирэх 4 жилд хувийн хэвшлийнхнийг  бүхий л талаар дэмжиж, хууль эрх  зүйн орчин сайжруулах, хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулалт өрнүүлэх, худалдаа үйлчилгээний  салбарыг шинэ шатанд гаргах, шинэ техник технологи нэвтрүүлэх,  эдийн засгаа  өөд татахад  хамтарч ажиллахад хот үргэлж нээлттэй бодлогоор ажиллана гэдгийг  хэлсэн юм.

НИТХ-ын хороод 2017 оны төсвийн төслийг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Өнгөрсөн баасан гарагт НИТХ-ын 5 дугаар хуралдаанаар төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Харин өнөөдрөөс хороод болон намын бүлгүүд хэлэлцэж эхэллээ.

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засаг, Хууль зүй, төрийн байгуулалт, Өргөдлийн хорооны хамтарсан хурлаар нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Маргааш Байгаль орчин, экологи, Нийгмийн хөгжлийн хорооны хамтарсан хурлаар төсөв хэлэлцлээ.

Нийслэлээсхөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг нийслэлийн “Жуух бичиг”-ээр шагналаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан нэр бүхий иргэдийг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нийслэлийн “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа. Баянзүрх дүүргийн  Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн П.Гэрэлтуяа, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны төлөөлөл Б.Ганбаатар, ажилтан Н.Эрдэнэтөгс нарыг нийслэлийн “Жуух бичиг”-ээр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатарыг нийслэлийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан юм.

Дүүргийн ИТХ-ын дарга нарыг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Ц.Сандуй 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарыг хүлээн авч уулзан, ажлын амжилт хүслээ. Тэрээр хотын хөгжил дүүрэг, хорооны хөгжлөөс эхлэхийг онцлоод “Иргэдийнхээ аюулгүй, амар тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлж, амьжиргааг нь дээшлүүлэхийн төлөө идэвх санаачлагатай ажиллаарай” гэж захилаа.

Уулзалтын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт үнэмлэхийг нь гардуулан өглөө.

 

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа

 

Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд НИТХ-д өргөн барьсантай холбоотойгоор НИТХ, хороод, намын бүлгүүд төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ. 2016 оны 12 дугаар сарын 01-ий өдөр  НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга талархал илэрхийллээ

Арваннэгдүгээр сарын дундуур нийслэлд их хэмжээний цас орсны улмаас хальтиргаа гулгаа ихээр үүссэн. Байгалийн хүндрэлтэй нөхцөл байдалд дан ганц хот тохижилтийнхон ажиллаад хүч мөхстөж байсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хандан хүндрэлтэй нөхцөл байдлаас хамтын хүчээр гарцгаая хэмээн уриалга гаргасан билээ.

Нийслэлийнхээ гудамж талбайн цас мөсийг сайн дураараа цэвэрлэж, бүх нийтийн үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулсан дээрх нэр бүхий төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хамт олонд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд талархал илэрхийллээ.

Нийслэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг Засгийн газар дэмжлээ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжлээ. Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан байна.

Улсын Их Хурлаас анх 1994 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргаснаас хойш өдгөө 22 жил өнгөрсөн. Цаашид хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нийслэлийн удирдлагын саналыг Засгийн газар зүйтэй гэж үзэж, дэмжлээ.

“Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг иргэд, ААН-тэй хамтран зохион байгуулана

Нийслэлийн иргэд маань жил бүрийн 12 дугаар сарын 31-нд буюу он солигдох мөчид төв талбайдаа цуглаж “Улаанбаатарын Мөнгөн Үдэш” цэнгүүнээ дуу хуур, бүжиг наадам, баяр хөөрөөр дүүрэн ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн хувьд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг төв талбайдаа хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах уриалга гаргажээ.

Иргэдэд зориулсан томоохон баяруудын нэг болох энэхүү шинэ жилийн цэнгүүнд нийслэлийн олон мянган иргэд оролцдог бөгөөд цэнгүүний тайз засал, чимэглэл, урлагийн тоглолт, худалдаа үйлчилгээ, талбайн чимэглэл, цэнгүүний шууд дамжуулалт, сурталчилгаа зэрэг ажлуудын зохион байгуулалтын эрхийг хувийн хэвшлийн томоохон байгууллагуудад бүрэн өгхөөр төлөвлөж байгаа аж.

Нийслэлийн иргэд 1000 гаруй ТҮЦ-ээр үйлчлүүлж байна

Нийслэлийн иргэд 1000 гаруй ТҮЦ-ээр үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн судалгаагаар Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 1000 гаруй ТҮЦ байдаг аж. Эдгээр ТҮЦ эрхлэгчийн 98 хувь нь хууль, тогтоомжийг ямар нэг хэмжээгээр зөрчдөг байна. Холбогдох байгууллагаас шалгалт хийж, зөрчлөө арилгахыг шаарддаг ч худалдаа эрхлэгчид төдийлөн биелүүлдэггүйг албаныхан хэлэв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2016 оны наймдугаар сарын 22-ны өдрийн тушаалын хэрэгжилтэд өчигдөр гэнэтийн шалгалт хийлээ.

Тус шалгалтыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар болон дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр зургаан дүүрэгт явуулав. Шалгалтын явцад тамхи ширхэглэн зарах, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалдаг, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй, ажлын хувцас, энгэрийн тэмдэггүй, ариун цэвэр, гар угаах угаалтуургүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн юм. Тиймээс шаардлага хангаагүй ТҮЦ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч, мэдэгдэх хуудас өглөө. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн гудамж талбайд буюу явган хүний зам, авто зогсоол дээр өөрсдийн дураар ТҮЦ байрлуулсан зэрэг зөрчил илэрсэн байна.

Газрын дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт нээлттэй явуулна. Дуудлага худалдаа болоход тав хоног үлдээд байна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг өнөөдрөөс буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8:30 минутаас эхлэн – 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 9:30 минут хүртэл  Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд  битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38710
0 эможи
keyboard_arrow_up