Явган хүний зам, авто зогсоол дээр өөрсдийн дураар ТҮЦ байршуулж байна

2016 оны 12 сарын 02

Нийслэлийн иргэд 1000 гаруй ТҮЦ-ээр үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн судалгаагаар Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 1000 гаруй ТҮЦ байдаг аж. Эдгээр ТҮЦ эрхлэгчийн 98 хувь нь хууль, тогтоомжийг ямар нэг хэмжээгээр зөрчдөг байна. Холбогдох байгууллагаас шалгалт хийж, зөрчлөө арилгахыг шаарддаг ч худалдаа эрхлэгчид төдийлөн биелүүлдэггүйг албаныхан хэлэв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалын хэрэгжилтэд өчигдөр гэнэтийн шалгалт хийлээ.

Тус шалгалтыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар болон дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр зургаан дүүрэгт явууллаа. Шалгалтын явцад тамхи ширхэглэн зарах, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалдаг, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй, ажлын хувцас, энгэрийн тэмдэггүй, ариун цэвэр, гар угаах угаалтуургүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн юм. Тиймээс шаардлага хангаагүй ТҮЦ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч, мэдэгдэх хуудас өглөө. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн гудамж талбайд буюу явган хүний зам, авто зогсоол дээр өөрсдийн дураар ТҮЦ байрлуулсан зэрэг зөрчил илэрсэн юм.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн хувьд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 170 гаруй ТҮЦ байдаг. Ажлын хэсгийнхний тус дүүрэгт хийсэн шалгалтаар 10 гаруй ноцтой зөрчил илрүүлсэн юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын ахлах байцаагч Ж.Ариунаа “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийн хувьд гадна орчны хог хаягдал, ажлын байрны стандарт шаардлага хангахгүй, тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилчдын хувьд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй. Үүнээс гадна хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг түргэн гэмтдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг ил задгайгаар худалдаалж байна.

Мөн ямар нэгэн гарал үүслийн бичиг байхгүй шинжилгээнд хамруулаагүй хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг худалдаалах зэрэг зөрчил илэрч байна” гэлээ. Түүнчлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгын мэдээлэл дутуу бичигдсэн зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүллээ. Улаанбаатар хотын цагдаагийн газраас гарсан зөрчлийг арилгуулахаар хуульд заасны дагуу торгууль ногдуулж, хориотой бараа бүтээгдэхүүнийг хураан авсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38655
0 эможи
keyboard_arrow_up