С.БАТБОЛД: БИ ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛСЭН

2016 оны 11 сарын 24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

Тэрбээр сүүлийн өдрүүдэд толгой өндийх завгүй цас мөс, хальтиргаа гулгаа, төсөв мөнгө гэсэн их ажилд дарагдаад байгаа билээ. Монгол Улсын хүн амын гуравны нэг нь Улаанбаатартаа төвлөрсөн, нэг хүний эрх ашиг хөндөгдөх тохиолдол болгонд хотын даргын нэр гардаг. Үе, үеийн хотын дарга нар иргэдийн шүүмжлэлд хамгийн их өртдөг, иргэдийн талархлыг ч бас хамгийн их хүлээдэг хүмүүс билээ.

-Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсоноос хойш дөрвөн сар өнгөрчээ. Тэгэхээр УИХ-ын гишүүн, сайд хийхээс хотын дарга ямар ялгаатай байна. Та УИХ-д дөрвөн удаа сонгогдож, Засгийн газрын сайдаар ч томилогдож явсан. Харин анх удаа хотыг удирдаж байгаагийн хувьд ярилцлагаа энэ асуултаас эхэлье?

-Улаанбаатар бол Монголын Улсын нийслэл хот. Улаанбаатар хотын Захирагч нь улсдаа ганцхан байдаг албан тушаал. Нийт хүн амын гуравны нэг буюу нэг сая 300 мянга гаруй хүн өнөөдөр Улаанбаатарт амьдарч байна. Тэр утгаараа нийслэлийн нэг хүний асуудал ч хотын даргад хамаатай байдаг. Харин УИХ-ын гишүүн нь хууль батлах үүрэгтэй хүн. Баталсан хуулийн хариуцлагыг 76-уулаа үүрнэ. Засгийн газрын гишүүн бол танхимаараа асуудлаа яриад, УИХ-аас баталсан бодлогын дагуу ажилладаг. Тэгвэл хотын даргад цас мөс, хальтиргаа гулгаанаас эхлээд нийтийн тээвэр, нийслэлийн дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хөгжил гээд бүх асуудал хамаардаг. Нийслэлийг хөгжүүлэх бодлогоо өөрөө боловсруулна, бас өөрөө хэрэгжүүлнэ. Тиймээс хотын даргын ажил бол “Гадаа гарч эр, гэрт орж эм” болдог ажил.

-Нийслэл 2017 оныхоо төсвийг ид хэлэлцэж байна. Төсөв гэхээр манай улстөрчид тоо яриад унадаг. Гэтэл төсөв нь улсын, эсвэл хөгжлийн бодлого байдаг гэж ярьдаг шүү дээ. Ирэх жилүүдэд хот хэрхэн хөгжих вэ. Та УИХ-ын гишүүн байхдаа төсвийн алдагдлыг бууруулах ёстой гэсэн шаардлага байнга тавьдаг байсны хувьд эдийн засаг хямарчихаад байгаа энэ үед хотын төсвийг хэр бодитой төсөвлөсөн бэ?

-Монголын эдийн засаг асар хүнд байна. Тиймээс УИХ, Засгийн газраас урсгал зардлаа бууруулах, үр ашиггүй төсөл хөтөлбөрүүдийг зогсоох, орон тоогоо танах, шинээр барилга байгууламж барихгүй байх үүрэг даалгавар өгсөн. Тэгэхээр 2017 он бол төсөв, мөнгөний хувьд нэлээд хүнд, хатуу жил болох байх. Үнэнийг хэлэхэд, өмнөх хотын удирдлагаас үлдээсэн сайн сайхан зүйл нь цөөн. Хэрэгтэй, хэрэггүй баахан концессийн өр үлдсэн. Сонгуулийн шоу хийгээд, концессийн гэрээгээр маш олон ажил эхлүүлсэн. Өр төлбөрийг нь өнөөдөр төлөөд явъя гэвэл хотын ирэх оны төсөв 40 тэрбумын алдагдалтай батлагдахаар байна. Шинэ ажил огт хийхгүйгээр зөвхөн урсгал зардлаа тооцоод үзэхэд ийм алдагдалтай төсөв батлагдахаар байсан. Тиймээс бид ирэх оны төсвийн хөөсийг байж болох хэмжээгээр нь шахсан. Шахахаас ч өөр арга алга. Бид ирэх оны төсвөө хөөсгүй төсөвлөөд, бодитой ажил хийх шаардлагатай. Өмнөх жилүүдэд бондын мөнгө, Хөгжлийн банкны мөнгө, концесс, төсвийн замбараагүй зарцуулалт гээд хотын төсвийг яг л “хаан сан” шиг зарцуулсан бол ирэх жилийн төсөв хөрсөн дээрээ буусан. Маш бага мөнгөөр маш их ажил хийх бодит төсвийг батална.

-Өмнө нь хот УИХ шиг хөөстэй төсөв баталдаг байсан гэсэн үг үү?

-Шинээр бүрдсэн НИТХ-аас 2016 оны төсөвт тодотгол хийсэн. Нийслэлийн 2016 оны төсвийг батлахдаа сонгуулийн шоунд зориулж их хөөсрүүлсэн байсан. Тухайбал, тэр ч обьектыг хувьчилж, энэ ч газрыг зараад тэдэн төгрөг олно гэсэн өөдрөг төсөөллөөр хөөстэй төсөв баталчихсан, тэгээд оны эхний хагаст сонгуульд зориулаад орж ирсэн жаахан төсвөө зарцуулаад дууссан байсан. Дээр нь газрын худалдаа, хувьчлал нь бүтэлгүйтсэн учраас энэ жилийн хотын төсөв 120 тэрбумаар тасарсан нь бодит үнэн. Харин 2017 оны төсвийг нэлээд танаж, шүүсийг нь сайн шахлаа. Мэдээж, хотын төсөв алдагдалтай батлагдах ёсгүй. Тиймээс орлого зарлагаа яг тэнцүүлсэн.

-Хотын төсөвт жил болгон тэдэн сургууль, цэцэрлэг барина гэсэн хөрөнгө мөнгө суулгадаг. Гэтэл намар намарт сургууль, цэцэрлэгийн асуудал эцэг, эхчүүдийн толгойны өвчин болсон хэвээр байна. Хотын даргатай уулзсаных, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж хэзээ сайжрах вэ. Ирэх дөрвөн жилд энэ асуудал цэгцлэгдэх болов уу?

-Засгийн газраас 2017 онд шинээр ямар нэгэн обьект эхлүүлж болохгүй гэсэн захирамж гаргасан ч Улаанбаатар өөрийнхөө төсвийн хэмжээнд хийхээр төлөвлөсөн ажил цөөнгүй бий. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж нь хотод хуримтлагдсан олон асуудлын нэг. Үе, үеийн Засаг дарга нар нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад анхаардаг. Гэхдээ намрын намарт зовлон болдог нь үнэн. Миний хувьд ирэх дөрвөн жилд нийслэлийн сургуулиудыг хоёр ээлжээр хичээллэдэг болгох зорилгоо биелүүлнэ ээ. Ирэх онд 30 сургуульд өргөтгөл хийх болон шинээр барина. Мөн ирэх дөрвөн жилд бүх хороодод цэцэрлэг барина. Тиймээс арван цэцэрлэгийн барилгын ажлыг ирэх оноос эхлүүлнэ. Энэ бүгдийг Засгийн газрын концессийн гэрээгээр хийнэ. Урьд нь барилгын ажлыг нь эхлүүлсэн гурван сургуулийг ашиглалтад оруулна. Бага төсөвтэй гэлтгүй нийгмийн салбарын хөгжилд зориулж, хот өөрийнхөө байгаа бүх боломжийг ашиглана.

-Нийслэлийн сургуулиуд хоёр ээлжээр хичээллэж, бүх хороод цэцэрлэгтэй болчихвол олон хүүхэд баярлах байх даа. Гэхдээ ингээд болчихгүй биз дээ. Мөрийн хөтөлбөртөө та нэлээд олон ажил хийнэ гэдгээ амалсан байсан?

-Өндөр хүүтэй зээлийн хөрөнгөөр зам бариад шоудаад явахгүй ээ. Хүн рүүгээ чиглэсэн ажлуудыг хийнэ. Шинээр цэвэрлэх байгууламж барина. Барих ажлыг концессийн гэрээгээр хэрэгжүүлнэ. Хуучин цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар шинэчилнэ. Улаанбаатар хотод зам барих, шинэчлэх ажлыг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийхээр төлөвлөж байна. Улаанбаатар аюулгүй, эрүүл хот болох ёстой. Тиймээс цэцэрлэгт хүрээлэнгүүд барина. Богд уулыг аялал зугаалгын бүс болгоно. Улаанбаатарт дугуйн зам барина. Энэ бол нийслэлийн иргэдийн сайн сайхан амьдралын төлөө хийх ёстой ажил. Энэ өвөл Улаанбаатар хотын бүх гудамжийг камержуулна. Ингэснээр гэмт хэргийн гаралт буурна гэж тооцож байна.

-Цэвэрлэх байгууламжийг концессийн гэрээгээр барина гээд өмнөх хотын дарга нар ч, Засгийн газрын сайдууд ч зөндөө ярьсан. Гэвч өнөөдөр цаасан дээрх төсөл хэвээрээ л байна. Тэгэхээр шинэ цэвэрлэх байгууламжийг хэзээ барьж эхлэх вэ. Нийслэлчүүдэд хүлээлт үүсгэсэн энэ асуултад та тодорхой хариулт өгөөч?

-Хотын зүгээс Засгийн газарт хүсэлтээ хүргүүлсэн. 2017 оны хавар гэхэд шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлмээр байна, тиймээс концессийн гэрээний  асуудлыг яаралтай шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьчихаад хариуг нь хараад сууж байна. Засгийн газар маш сайн концессийн гэрээ хийгээд өгвөл хот өөрөө хяналтаа тавиад явчихна. Тэгж чадвал 2018 оны өвөл гэхэд шинэ цэвэрлэх байгууламжтай болчихно гэсэн төлөвлөгөөтэй сууж байна.

-Монгол Улсын хүн амын бараг тал хувь нь амьдардаг нийслэлийн ачаалал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэсэн хэрнээ муу муухайг нь хотын дарга ганцаараа үүрээд өнгөрдөг. Нийслэлийн асуудал ганц хотын даргын толгойны өвчин байх ёсгүй биз дээ?

-Уг нь тийм л дээ, нийслэл бол өөрийн гэсэн онцлогтой. Өнөөдөр нийслэлийн эрх зүйн байдлыг цоо шинээр харах цаг болсон. Нийслэлийн төсөв, санхүү, эдийн засгийг ч шинээр харах эрх зүйн орчин үгүйлэгдэж байна. Монгол Улсын хувьд Улаанбаатарыг засаг захиргааны тусгай бүс болгох шаардлага тулгарч байгаа нь үнэн. Тусгай бүс гэдэг нь арай өөр статустай. Ядаж л нийслэл хотыг аймгийн хэмжээнд авч үзэхээ больчихмоор байна. Бие даасан төсөвтэй, бие даасан эдийн засагтай болж байж нийслэл хөгжинө. Хуримтлагдсан, шүүмжлэл дагуулсан олон асуудал шийдэгдэнэ. Нийслэлд өөрт нь бүх асуудлыг даалгаад байлгүй улстайгаа, Засгийн газартайгаа хамтарч шийдэх олон асуудал бий. Хотын өмнөх дарга нарт байсан шиг бид нарт бондын мөнгө, Хөгжлийн банкны мөнгө  гэж халгиж, цалгисан хөрөнгө алга. Томоохон төслүүдийг гадны хөрөнгө оруулалтаар хийгээд, төсөвлөсөн жаахан хөрөнгөө хүн рүүгээ чиглэсэн бодлогодоо зарцуулна. Улаанбаатар хөгжиж байж л улс хөгжинө.

-Хүн рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ гэлээ. Яаж?

-Ганцхан жишээ хэлье. Хотын дүүргүүдийн эмнэлэг гэхэд өнөөдөр маш их ачаалалтай. Тэгсэн хэрнээ тоног төхөөрөмж муу, эмч нарын ур чадвар нь таруухан гэсэн шүүмжлэлд өртдөг. Тиймээс гурван дүүргийн гурван эмнэлэгт орчин үеийн мэс заслын тасаг байгуулж ажиллуулна. Иргэд яаралтай тусламжийг цаг алдалгүй дүүргийнхээ эмнэлгээс авдаг болно. Өөрөөр хэлбэл, дүүргийн эмнэлгүүдийг олон улсын жишигт нийцүүлнэ. Мөн сургуулийн хүүхдүүдийн автобусыг бий болгоно. Жижиг юм шиг санагдаж байж магадгүй л дээ. Гэвч, энэ жижиг ажлуудын ард маш том асуудал шийдэгдэж байдаг юм. Түүнээс урьдынх шиг маш их мөнгөөр маш бага ажил хийчихээд хар, цагаанаар Пи-Ар хийгээд явахгүй ээ. 

-Хотын дарга болсон хүн болгон эсгий хорооллоос сална гэдэг. Гэвч, хотын өнөөдрийн ч, маргаашийн ч хамгийн том асуудал гэр хороолол байна. Дөрвөн жилийн өмнө Э.Бат-Үүл дарга нийслэлийн гэр хорооллыг барилгажуулна гээд нийгэмд том хүлээлт үүсгэчихсэн. Гэтэл та гарч ирээд өмнөх даргынхаа эхлүүлсэн ажил явцгүй болсон гэсэн. Гэр хорооллын олон зуун өрх одоо ч хүлээлттэй хэвээрээ байгаа шүү дээ?

-Хотын үе, үеийн дарга нар гэр хорооллоо яаж шийдэх вэ гэж тархиа гашилгаж ирсэн нь үнэн. Нэг хоёрхон, гурав дөрөвхөн жилийн дотор шийдэгдчих амархан ажил биш л дээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ. Э.Бат-Үүл даргын үед гэр хорооллын 24 газрыг дахин төлөвлөлтөд хамруулах шийдвэр гаргасан юм байна лээ. Энэ ажлыг үргэлжлүүлнэ. Гэхдээ эргэж харах, өөрчилж шинэчлэх зүйл олон байна. Дахин төлөвлөлтөд хамрагдаад хашаагаа чөлөөлчихсөн, орох оронгүй болчихсон олон өрх хохироод явж байна. Гэтэл гэрээ байгуулсан компани нь хөрөнгө мөнгөгүй гээд ажлаа хийж чадахгүй зогсчихсон байх жишээний. Би ажлаа авсны дараа 103 айлыг түр орон сууцанд оруулсан. Өмнөх Засаг дарга маань олон газарт зэрэг зэрэг ажил эхлүүлээд, нөгөө компаниуд нь хөрөнгө мөнгөгүй таг зогсчихсон. Тиймээс ажлаа явуулж чадахгүйд хүрсэн компаниудтай гэрээгээ цуцалж, шинэ компанитай гэрээ байгуулах зайлшгүй шаардлага үүссэн. Хоёрдугаарт, ганц, хоёрхон биш, олон компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд оролцох боломжоор хангана. Өмнө нь нэг компанид асар том газар өгчихсөн. Маш их мөнгө гаргаад бүтэлгүйтсэн жишээ цөөнгүй байна. Ирэх дөрвөн жилд дүүрэг болгонд жишиг гэр хороолол байгуулна. Үнэндээ гэр хорооллыг ад үзээд байх юм биш ээ. Одоо гэрт амьдардаг айл цөөхөн болсон. Ихэнх нь байшинтай болсон. Тэнд амьдарч байгаа хүмүүсийг дэд бүтцээр хангаад өгчихвөл байшингаа хүмүүс нь өөрсдөө томруулаад, орчноо тохижуулаад явчихна. Саяхан Гандангийн дэнжийг барилгажуулъя гэсэн хэсэг залуус надтай уулзаад явлаа. Хот, олон улсын санхүүгийн байгууллага, иргэдтэйгээ хамтраад дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ. Иргэд  ч санаачлагатай байгаа. Мэдээж, дөрвөн жилийн дотор гэр хорооллоо бүгдийг нь алга болгочихгүй. Гэхдээ үр дүнтэй ажлуудын ард гарсан байна аа.

-МАН засгийн эрхэнд гарч ирээд Ардчилсан намын хийсэн болгоныг гацааж, нурааж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Үнэн үү?

-Ардчилсан намынхан сайн сайхан юм хийснийг нь Батболд гарч ирээд зогсоочихсон юм биш л дээ. Наанатай, цаанатай асуудал олон бий. Тэр болгоныг дэлгэх нь утгагүй. Би улс төр хийгээгүй, ажил хийх гэж л энд томилогдож ирсэн хүн шүү дээ. Надад төрийн ажлын туршлага байна. Миний хувьд төрийн ажил аль нам, ямар даргаас үл хамаараад залгамжтай явах ёстой гэж үздэг. Явж ч байгаа. Тиймээс хотын үе, үеийн дарга нарын эхлүүлсэн зөв зүйтэй ажлуудыг үргэлжүүлнэ. Буруу ажлуудыг нь зогсооно. Хотод нэн тэргүүнд шийдэх ёстой, хүнд хэрэгтэй олон асуудал байхад, зуслангийн хэдэн айл руу өндөр хөрөнгөөр зам тавихыг зөвшөөрөхгүй. Нэг компанид зориулаад гүүрэн доогуур нь нүхэн гарц хийхийг таашаахгүй. Би төрд олон жил зүтгэхдээ шударга үнэний төлөө явж ирсэн. Наанаа харахад ажил хийсэн мөртлөө цаанаа үргүй зардалтай, маш их мөнгө гаргасан байдлыг дэмжихгүй. Миний хийсэн бүх ажил хүний төлөө байх ёстой. Манай нам бол нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай. Би түрүүнд ч хэлсэн, гоё ганган цэцэг навчаар хотын төв гудамжийг гоёхоос илүү хүн рүү хандсан ажил хийнэ гэж.

-Энэ зорилгоо та “Аз жаргалтай Улаанбаатар” гээд нэрлэсэн үү?

-Нийслэлийн МАН-ын хорооноос “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр боловсруулж сонгуульд ороод ялсан. Ялсан намын бодлогыг Засаг дарга хэрэгжүүлэх ёстой. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон юм. Аз жаргал гэдэг өргөн ойлголт л доо. Аз жаргал гэдэг энгийн зүйлээс эхэлдэг шүү дээ. Ажилтай, орлоготой байхаас л аз жаргал эхэлдэг. “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр ерөнхийдөө улаанбаатарчуудын амьд явах эрхийг л хангахын төлөө юм шүү дээ.
 
-Та орон сууцны барилга, сургууль цэцэрлэгийн ойр орчим шинээр газар олгохгүй гэдгээ зарласан. Энэ шийдвэр чинь харин иргэдэд их таалагдаж байх шиг байна. Гэхдээ хууль зөрчиж өмнө нь олгосон газруудыг яах вэ?

-Намайг Засаг дарга болсноос хойш манай орон сууц, сургуулийн ойролцоо барилга бариад байна, шөнөөр хашаа хатгачихлаа гэсэн гомдол иргэдээс өглөө болгон ирсэн. Тиймээс энэ шийдвэрийг гарахад хүрсэн. Хууль зөрчиж, өмнө нь олгосон газрыг бүгдийг нь чөлөөлнө.

<p text-align:=">-Улаанбаатарт ганцхан өнөөдөр л өвөл болоогүй, ганцхан өнөөдөр л хальтиргаа гулгаа үүсчихсэн юм биш л дээ. Энэ жилийн хувьд цаг агаар хүнд, хатуу  өвөл таарч байна. Хот, хөдөөгүй л цас зудын аюул нөмөрч байна. Сүүлийн арван жилд тохиогоогүй хүйтэн болж байгаа тухай цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна. Бид өвөлд бэлтгээгүй юм биш, бэлтгэсэн.

Цасанд цацах давсны нөөц нь байна. Ер нь Улаанбаатарт нийтийн аж ахуйн техник, хэрэгсэл нь их хоцрогдсон байдаг юм байна. Цас цэвэрлэхэд хүн хүч, техник хэрэгслийн хүрэлцээгүйгээс хотын иргэний үүргээ биелүүлээрэй гэж санаачилга гаргаж бүх нийтийн цэвэрлэгээнд уриалсан нь үнэн. Энэ цас зудыг Батболд авчраагүй. Байгалийн гамшигт үзэгдэл хэлж ирдэггүй шүү дээ. Тиймээс Батболдыг харааж шүүмжлээд суухаас илүү нийслэлийнхээ цас мөсийг хамтын хүчээр цэвэрлэе гэж л уриалсан. Би хотын захиргааныхаа ажилчдыг цас цэвэрлэ гэж хэлчихээд өөрөө өрөөндөө суугаад байх зохимжгүй. Тиймээс хотын даргын хувиар биш хотын иргэний хувиар цас цэвэрлэх бүх нийтийн ажилд оролцсон. С.Батболд иргэний үүргээ л биелүүлсэн хэрэг, ингээд ойлгочихоорой.

-Гэхдээ үнэндээ цас, мөснөөс илүү гантиг зам дээр хальтирч бэртэх нь их байна.  Өнгөрсөн жил гантиг зам дээр хальтирч унаад бэртсэн хүмүүс өдөртөө 200 хүрч байна гэсэн. Энэ жил цас ихтэй ч иймэрхүү л тооны хүмүүс өдөртөө бэртэж байна гэсэн судалгаа байна лээ?

-Гантиг зам гамшиг дагуулж байгаа нь үнэн шүү. Ер нь нийслэлийн зам талбайн стандартыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон. Дулаан оронд зориулсан гялгар хавтан хүйтний улиралтай манайд яав ч зохихгүй л дээ. Гэтэл гантигаар замаа тавьчихсан. Өнгөлгөөний чулуугаар довжоо хийчихдэг. Үүнээс болоод хальтиргаа гулгаа үүсээд, хүн амьтан бэртэж байна. Гудамжны замыг цоохорлосон, хальтиргаа гулгаанаас хамгаалсан хавтангаар хийнэ. Ирэх жилээс зам, талбайн стандартаа өөрчлөөд явна аа. 

-Та оюутан, цэрэг, сурагчдаар цас цэвэрлүүлэх шийдвэр гаргасан байсан. Цэргүүдийг ч ийм ажилд дайчлах нь зөв байх. Харин оюутан, сурагчид хэр хүлээж авсан бэ?

-Батлан хамгаалах яамтай ярьж тохиролцсоны дагуу цэргийн ангиудыг цас цэвэрлэх ажилд дайчилж байна. Төрийн өмчит томоохон их дээд сургуулийн оюутны зөвлөлийнхөн өөрсдөө ирж уулзаад сайн дураараа цас цэвэрлэхэд оролцмоор байна гэсэн. Оюутнуудын автобусаар үнэгүй явах мөнгийг хот даадаг. Тиймээс хотод хүнд хэцүү нөхцөл үүссэн энэ үед нийслэлчүүдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бид оролцоё, замаа цэвэрлэе гэсэн санаачилга гаргаад явж байгаа оюутнуудыг харахад сайхан л санагдаж байлаа.  

-Улаанбаатарт гамшгаас хамгаалах сан байдаг уу. Уг нь ийм үед хөрөнгө мөнгө гаргаад техник хэрэгсэл худалдан авах юм уу, цас цэвэрлэгээнд зарцуулдаг сан гэж байх хэрэгтэй биз дээ?

-Засаг даргын нөөц сан гэж хэдэн төгрөг байдаг юм. Түүнээс эрсдлийн сан гэж байдаггүй. Хотын нийтийн аж ахуйн техник хүчин чадлыг нэмэгдүүлэх нь зөв. Бид байгаа бүх боломжоороо цас мөсөө цэвэрлэж байна. Авто замын цас мөсийг өдөр цэвэрлэж болдоггүй. Яагаад гэвэл манай замын ачаалал их. Тиймээс шөнө манай ТҮК-ийнхан авто замын мөс цасыг цэвэрлэж байна. Тэр болгоныг манай иргэд олж харахгүй юм даа.

-Та нэгэнтээ би шүүмжлэл, хэл амнаас айхгүй байна гэсэн. Саяхны хэдэн өдөр олон нийтийн сүлжээгээр тан руу баахан “дайрлаа”. Иргэдийн шүүмжлэлд хэр эмзэглэв. Ингэхэд та шүүмжлэл хүлээж авахдаа хэр вэ?

-Иргэдийн эрүүл, зүй ёсны шүүмжлэлийг зөвөөр хүлээж авч байгаа. Тухайлбал, хотын цасыг хүрзээр биш машин техникийн хүчээр шийдэх хэрэгтэй гэсэн зөвлөмж, шүүмжлэлийн дагуу бид цас арилгадаг, ачдаг машин техниктэй болохоор төлөвлөж байна. Харин зарим нэг нь С.Батболдыг л харлуулах зорилготой улстөржүүлээд байна уу даа гэж бодогдох үе байна. Би УИХ-ын гишүүн байхдаа шүүмжлэлд төдийлөн өртөөд байдаггүй байж. Харин хотын дарга болсныхоо дараа эхэндээ бол бухимддаг л байлаа. Би шүүмжлэл, хэл амнаас айхгүй гэсэн маань чихэн дүлий явна гэсэн үг биш.  

-Дөрвөн жилийн дараа хот ямар болох вэ. Хоёулаа мөрөөдье. Нийслэлийн хоёр иргэний хувьд ч юм уу нэг нь хотын дарга, нөгөө нь сэтгүүлчийн хувиар дөрвөн жилийн дараах хотыг төсөөлөөд үзье.

-Тэгье. Энэ дөрвөн жил Улаанбаатар хотын усан хангамжийг найдвартай болгох үүднээс Туул усан цогцолбор төслийг эхлүүлнэ. Хэдийгээр энэ төсөл дөрвөн жилийн дотор ашиглалтад орохгүй ч гэсэн 40-50 жилийн нийслэлийн цэвэр усны нөөцтэй болно. Энэ миний эхлүүлсэн хамгийн том ажил болно. Дөрвөн жилийн дараа Улаанбаатар дөрвөн тийшээ гарсан хурдны замтай болно. Нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргана. Сүхбаатарын талбайг тойрсон нэг төвтэй биш гурван төвтэй хот болгоно. Богд уулыг экологийн бүс болгоно. Шинэ цэвэрлэх байгууламжтай болно. Бүх хороод цэцэрлэгтэй болно. Сургуулиуд гурав биш х

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38430
0 эможи
keyboard_arrow_up