ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2016 оны 11 сарын 21

Нийслэлийн удирдлага, харьяа газар, агентлагийн ажилтнууд цас цэвэрлэлээ

 

Нийслэлд их хэмжээний цас орж, сүүлийн жилүүдэд тохиогоогүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгуулллага, хувийн хэвшил, иргэдийг 11 дүгээр сарын 19, 20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэж, зам талбайн хальтиргаа гулгааг арилгах уриалга гаргасан. Энэ дагуу 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, НЗД-ын орлогч П.Баярхүү нараар ахлуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ болон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлага, ажилтнууд гудамж талбайн цас цэвэрлэлээ. 

“Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталлаа

НИТХ-ын тавдугаар хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэж, баталлаа. Өнгөрсөн 10 дугаар сард Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг НИТХ-аар баталсан. Уг хөтөлбөрөөс 2017 онд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээг нарийвчлан тусгасан үндсэн чиглэлийг ийнхүү баталж байна.

“Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” нь Эдийн засгийн өсөлт өрх бүрт, Хот байгуулалт, дэд бүтэц, Байгал орчин, ногоон хөгжил, Нийгмийн хөгжил, Засаглал гэсэн 5 бүлэг, 26 зорилтоос бүрдэж байгаа юм.

Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлчүүдэд хандан уриалга гаргалаа

2016 оны 11 дүгээр сарын 17-ны  20 цагаас эхлэн орсон цас өнөөдөр үргэлжлэн орсоор байна. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд үзэгдээгүй их хэмжээний цас орж байгаа юм. Өнгөрсөн шөнө орсон цасны зузаан гэхэд зарим газраа 20 см-т хүрчээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлчүүдэд хандан уриалга гаргалаа.

Тэрээр “Өчигдөр шөнөөс эхлэн орсон цас байгалийн давагдашгүй хүчин зүйлийг бий болгож байна. Улаанбаатар хотын зүгээс өнгөрсөн хугацаанд орсон цаснуудын үеэр өөрсдийн бүх нөөц бололцоог дайчлан ажилласан. Нэг харьцуулалт хэлье. Өнгөрсөн онд нийт өвлийн турш 13 удаа цас орсон байхад энэ өвөл эхлээд нэг сар хүрэхгүй хугацаанд 13 удаа цас орчихоод байна. Сар хүрэхгүй хугацаанд өнгөрсөн жилийн давтамжаа давчихсан байгаа юм. Давтамжаасаа гадна хэмжээ нь их байна. Цаг уурын байгууллагаас цаашид ч цас үргэлжлэн орох мэдээлэл өгч байгаа учраас төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэд бүгд бэлэн байдалд байх шаардлагатай байна. Өнгөрсөн шөнийн 00 цагаас эхлэн хотын хувьд өндөржүүлсэн байдалд ажиллалаа. Хот тохижилтын газраас 116 гудамжинд 149 хүн 41 машинтайгаар ажилласан. Дүүргийн ТҮК-ууд 109 гудамжинд, Улаанбаатар авто зам арчлалтын компанийн ажилчид мөн ажиллалаа. Энэ хугацаанд 140 тонн давс, бодис цацсан байна. Өглөөний 6 цагаас хойш зам талбайн үйлчлэгчид ажиллаж байна.

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн хөгжлийн банкны захирлуудтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн газрын захирал Аюуми Кониши, Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандес Ломмен болон бусад салбар хариуцсан захирлуудыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкны Монгол Улстай 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн талаар санал солилцож, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлд хэрэгжүүлэх шаардлагатай хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжлийн нэн тэргүүний ач холбогдолтой төслүүд, одоо хэрэгжүүлж буй төслүүдийн явц, цаашид хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцав.

                                                                                                                                                                            

НЗД-ын орлогч П.Баярхүү Европын холбооны элчин сайдуудтай дэд бүтэц, дахин төлөвлөлтийн асуудлаар санал солилцлоо

Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Баярхүү 2016 оны 11 дүгээр сарын 17-ны  өдөр Европын холбооны элчин сайдууд болон Европын хөрөнгө оруулалтын банкны зэрэг албаны 26 гаруй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын дараа албаны төлөөлөгчид ирэх жил эхлэх Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн долоон буудал орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан байна.

Хотын дарга Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Польш Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэндатай уулзлаа. Тэрээр Польш Улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотод байгуулагдах гэж байгаад баяртай байгаагаа хэлээд Польш Улсын тусгаар тогтнолын өдрийн баярын мэндийг хүргэсэн.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Польш, Монгол Улсын харилцаа олон жилийн түүхтэй. Цаашид хоёр улсын харилцаа улам өргөжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна. Варшав хот, Улаанбаатар хотод ижил төстэй зүйл олон бий. Энэ утгаараа хамтран ажиллахад ойр байна гэж бодож байна” гэлээ.

Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэнда “Варшав, Улаанбаатар хотын хамтын ажиллагаа социализмын үед ч байсан. Одоо ч сайн харилцаатай хэвээрээ. Элчин сайдын яамаа Улаанбаатарт дахин нээхээр ажиллаж байна. Таны хэлсэнчлэн хоёр хот хүн ам ихтэй, том хот гэдгээрээ ижил төстэй зүйл, бэрхшээл бий. Манай хотын хувьд байгаль орчин, нийтийн тээврийн асуудал байдаг. Польшийн Засгийн газар Монгол Улсын Засгийн газарт 50 сая еврогийн нөхцөлт зээлийг санал болгож байгаа” гэсэн юм.

Нийслэлийн онцгой комиссын ээлжит хуралдаанаар болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн онцгой комиссын ээлжит хуралдаан 2016 оны 11 дүгээр 16-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын цаг агаарын байдлын тойм, нийт нутгийн хүйтний улирлын урьдчилсан төлөвийн талаар танилцуулав.

Хуралдаанаар нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж магадгүй байгаа тул байнгын бэлэн байдалд байж, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо. Улаанбаатар хотод үүссэн гудамж замын цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх, түүнээс үүдэлтэй автозамын түгжрэлийг бууруулах, цаг агаарын хүйтрэлтэй холбоотойгоор цахилгаан, дулаан зэрэг инженерийн байгууламжуудын бэлтгэл ажлыг дахин шалгах, онцгой байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар дадлага, сургууль зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэгдлээ. Мөн нийслэлээс орон нутаг руу зорих авто замуудыг цасанд хаагдахаас сэргийлэх чиглэлээр онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг байнгын бэлэн байдалд байлгах, дүүргүүдийн шинээр томилогдсон Засаг дарга нар үйл ажиллагаагаа жигдрүүлж, цаг агаарын хүндрэл үүссэн үед нэгдсэн удирдлагаар хангах, дүүргийн төсвөөс цас хайлуулах бодис нөөцлөхийг даалгалаа.

“Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал” зөвлөгөөн боллоо

Монгол улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж, ажиллаж, амьдарч байгаа  Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хөндсөн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөгөөн 2016 оны 11 дүгээ сарын 17-ны өдөр боллоо.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Онцгой байдлын газар, тагнуул, хууль хүчний байгууллагын удирдлагууд оролцсон энэхүү зөвлөгөөнийг НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  зохицуулах зөвлөлийн дарга   Ц.Сандуй нээлээ. Тэрээр хэлэхдээ “2016 оны эхний 10 сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 66.1 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байгаа нь бидний хувьд зайлшгүй анхаарч үзэх, түгшүүртэй эмзэг бөгөөд хэлэлцэх гол сэдэв болж байна. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг ахалж байгаагийн хувьд “Аюулгүй хот” төслийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулна. Нийслэл хотын  телекамерын хяналтын техник, технологийн өнөөгийн байдлыг эрс шинэчилж, найдвартай байдлыг хангах, шинээр гудамж, талбай, обьектуудыг телекамерын хяналтад оруулж,  нийслэл хотоо бүрэн камерын хяналтын системд оруулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ” гэлээ.

Хотын дарга Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Польш Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэндатай уулзлаа. Тэрээр Польш Улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотод байгуулагдах гэж байгаад баяртай байгаагаа хэлээд Польш Улсын тусгаар тогтнолын өдрийн баярын мэндийг хүргэлээ.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Польш, Монгол Улсын харилцаа олон жилийн түүхтэй. Цаашид хоёр улсын харилцаа улам өргөжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна. Варшав хот, Улаанбаатар хотод ижил төстэй зүйл олон бий. Энэ утгаараа хамтран ажиллахад ойр байна гэж бодож байна” гэлээ.

Цас цэвэрлэгээнд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцлоо

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, дүүргийн Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсээс хуваарилсан 1, 2 дугаар хорооны нийтийн эзэмшлийн зам талбайн авто зам болон явган хүний замын цас, мөсний цэвэрлэгээнд аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтан, албан хаагчдаа идэвхтэй сайн оролцуулж ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17.00 цагаас эхлэн цас орж 18-ны өдрийн 09.00 цагийн байдлаар 10-20 см-ын зузаантай болсон. Цас цэвэрлэгээг дүүргийн нийт аж ахуйн нэгж, байгууллагууд тухай бүр хийж  байна. Өнөөдрийн 11 цаг 30 минутын байдлаар цас цэвэрлэгээнд дүүргийн 33 аж ахуйн нэгж, байгууллагын 246 ажилтан албан хаагчид оролцож байна. Цас цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газрын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс болон 1, 2 дугаар хорооны тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нар хяналт тавьж ажиллаж байна.

Нийслэлийн гудамж, замуудад 99 тонн бодис цацлаа

Нийслэлийн Хот тохижилтын газрын ажилтнууд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн оройноос эхлэн 16 чиглэлийн 330 гаруй км замд ажиллаж, нийт 99 тн бодис цацсан байна. Мөн өнөөдөр өглөөний 05:00 цагаас хойш зам талбайн 450 гаруй үйлчлэгч зам, замын байгууламжийг цэвэрлэж байгаа юм. Алслагдсан зам, талбайд бодис, давс цацах, даваа гүвээг цэвэрлэх ажлыг үргэлжлүүлсээр байна. Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга хэлэхдээ “Манай газар нийтдээ 336 км замыг хариуцан ажилладаг. Өчигдөр оройноос эхлэн энэ чиглэлдээ бодис, давсаа хүртээмжтэйгээр хүргэж цацлаа. Төв замуудаас салбарласан туслах замуудыг дүүргийн тохижилт үйлчилгээний газрууд хариуцан ажилладаг. Дүүргүүд өөрсдийн нөөцөөс давс, элсээ цацсаар байна” гэжээ.

“ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР” техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж ажиллахаар боллоо

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь Нийслэлийн зургаан дүүргийн 116 гудамжны 337,5 км авто зам буюу нийт 4 сая 936554мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэдэг. 11 дүгээр сарын 17-ны өдрөөс нийт нутгаар эрс хүйтэрч, цас орохтой холбогдуулан хүн хүч, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэн ажиллахаар бэлтгэж байна. Тодруулбал тус газар нь давс, бодис цацах тусгай зориулалтын 10, хог тээврийн 18, бусад төрлийн долоо нийт 35 машин, механизм ажиллуулдаг байсан бол “Геодизи, усны барилга байгууламж” НӨҮГ-аас хоёр бобкат, гурван ачааны машин, “Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-аас нэг бобкат, гурван ачааны машин буюу нийт гурван бобкат, зургаан машиныг өвлийн улирал дуустал гэрээгээр ажиллуулахаар болж, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн байна.

ААН-үүд орчны 50 метр талбайн цасаа цэвэрлэхгүй бол  хариуцлага тооцно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас НМХГ-тай хамтран мэргэжлийн хяналтын улсын байцаагчид болон дүүрэг, хороодод ажилладаг 150 гаруй олон нийтийн байцаагчийг хамруулсан зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр ААН байгууллагын цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллах чиглэл өглөө. ААН-үүд орчны 50 метр талбайн цасаа цэвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох аж. Тухайн ААН үүргээ биелүүлээгүй тохиолдолд олон нийтийн байцаагч нь илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэлийг бүх шатны Засаг дарга болон эрх бүхий улсын байцаагчид зөрчил илрүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор танилцуулж хянуулах үүрэгтэй.

Нийслэлд 69 мянга 836 иргэн цахим хэлбэрээр газар өмчилжээ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор 2014, 2015, 2016 онуудад Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд нийтдээ 5 удаа, нийслэлийн Засаг даргын 9 удаагийн захирамжаар 69836 иргэнд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх  ажлыг зохион байгуулж, нэгж талбарыг баталгаажуулан кадастрын зургийн нэгж талбарыг газрын мэдээллийн санд бүpтгэж ажилласан.

2016 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн байдлаар энэ онд нийслэлийн Засаг даргын 9 удаагийн захирамжаар 16139 иргэнд 820.88 га газар өмчлүүлснээс одоо эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх чиглэлээр 2720 иргэнд 150.9 га газрыг, цахим хэлбэрээр 13356 иргэнд 668.64 га газрыг, хуулинд заасан хэмжээнээс илүү талбай эзэмшиж, ашиглаж байсан 45 иргэний 0.1595 га газрыг үнээр өмчлүүлж, зуслангийн зориулалтаар эзэмшиж буй 18 иргэний 1.14 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус өмчлүүлж  өссөн дүнгээр буюу 2003-2016 хооронд нийтдээ  185744  иргэнд 9828.3 га газрыг өмчлүүлсэн байна.



 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38259
0 эможи
keyboard_arrow_up