ААН-үүд орчны 50 метр талбайн цасаа цэвэрлэх үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцно

2016 оны 11 сарын 18

Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас НМХГ-тай хамтран мэргэжлийн хяналтын улсын байцаагчид болон дүүрэг, хороодод ажилладаг 150 гаруй олон нийтийн байцаагчийг хамруулсан зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр ААН байгууллагын цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллах чиглэл өглөө. ААН-үүд орчны 50 метр талбайн цасаа цэвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох аж. Тухайн ААН үүргээ биелүүлээгүй тохиолдолд олон нийтийн байцаагч нь илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэлийг бүх шатны Засаг дарга болон эрх бүхий улсын байцаагчид зөрчил илрүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор танилцуулж хянуулах үүрэгтэй.
 
Цаашлаад  НЗДТГ-аас олгож буй “Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрчилгээ”-г түдгэлзүүлэх, хүчингүй болгох, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоолын 5.2 дахь хэсгийг үндэслэн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд заасны дагуу газар эзэмших эрхийг түдгэлзүүлэх, цуцлах болон удаа дараа шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлэх зэргээр ААН байгууллагуудын цас, мөс, хог хаягдлын цэвэрлэгээг хэвшүүлэхэд чиглэж байгаа юм.
 
Шуурхай зөвлөгөөнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүүргүүдийн Дэд бүтэц тохижилтын хэлтэс, хороодод ажилладаг олон нийтийн байцаагчид, НЗАА-наас хяналт тавьж ажилладаг ТББ-ууд тус тус оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38237
0 эможи
keyboard_arrow_up