Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хөндсөн зөвлөгөөн боллоо.

2016 оны 11 сарын 17

Монгол улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж, ажиллаж, амьдарч байгаа  Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хөндсөн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөгөөн боллоо.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Онцгой байдлын газар, тагнуул, хууль хүчний байгууллагын удирдлагууд оролцсон энэхүү зөвлөгөөнийг НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  зохицуулах зөвлөлийн дарга   Ц.Сандуй нээлээ. Тэрээр хэлэхдээ “2016 оны эхний 10 сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 66.1 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байгаа нь бидний хувьд зайлшгүй анхаарч үзэх, түгшүүртэй эмзэг бөгөөд хэлэлцэх гол сэдэв болж байна. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг ахалж байгаагийн хувьд “Аюулгүй хот” төслийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулна. Нийслэл хотын  телекамерын хяналтын техник, технологийн өнөөгийн байдлыг эрс шинэчилж, найдвартай байдлыг хангах, шинээр гудамж, талбай, обьектуудыг телекамерын хяналтад оруулж,  нийслэл хотоо бүрэн камерын хяналтын системд оруулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ” гэлээ.

“Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал” зөвлөгөөний үндсэн илтгэлийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа  Ж.Эрдэнэболд тавьсан байна. 

Улаанбаатар хотод гарч байгаа гэмт хэргийн 34 хувийг хулгайн хэрэг эзэлдэг бол зам тээврийн осол аваарийн дуудлага 400-500-ын хооронд хэлбэлзэж, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг ч өсөх хандлага ажиглагдаж байгааг тэрээр онцолсон  юм. Мөн  гэмт хэрэг хаана их гарч байгаа вэ гэсэн асуултад хариулах судалгааг цагдаагийн байгууллага хийж байна. Ганцхан тоо баримт дурьдахад Баянзүрх дүүргийн 7 хорооны нутаг, Баянцээлийн гудамжинд 200 метр хүрэхгүй газарт 40 гаруй баар, ресторан, караоке ажиллаж, оршин суугчдын амар амгалан алдагдуулж байна. Мөн үүнийгээ дагаад согтуу, танхай, дээрмийн дуудлага тасардаггүй. Энэ бүсэд зохих ёсны шинэ стандарт мөрдүүлэх шаардлага тулгарч байгааг онцоллоо.

Улаанбаатар хотын цагдаагийн байгууллага дэлхийн жишигт нийцэхүйц техник технологийг үе шаттай нэвтрүүлэх зорилт тавьж байна. Сүүлийн үед мансуурах, хар тамхинд донтох төрлийн гэмт хэрэг өсөх хандлага ажиглагдаж байна. Түүнчлэн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдээ аюулгүй байлгахад нэн чухал технологийг нэвтрүүлж, “Comp Stat” төслийг бусад өндөр хөгжилтэй орны жишгээр нэвтрүүлэх боломж бий гэдгийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд  илтгэлдээ онцолж байлаа.

Тус зөвлөгөөний үеэр гэмт хэргийн гаралтыг бууруулах асуудлыг хөндөөд зогсохгүй “Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед нийслэлийн онцгой комис албадын харилцан  ажиллагаа”, “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бодисын хууль бус хэрэглээтэй холбоотой судалгааны дүн, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”, “Архи согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулах, түүгээр үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд тавьж байгаа хяналт, өнөөгийн нөхцөл байдал”-ын талаар холбогдох газрын дарга нар илтгэл тавьсан байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан зохион байгуулсан энэ зөвлөгөөнийг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хааж үг хэллээ. Хотын дарга хэлсэн үгэндээ “Цаашид нийслэлийн иргэддээ аюулгүй, амар амгалан орчинг бүрдүүлж өгөхийн төлөө төрийн байгууллагууд нягт хамтран ажиллана. Нийслэлийн иргэдийнхээ   амар амгалан, энхийн манаанд өдөр шөнө, халуун хүйтнийг үл хамааран цаг наргүй ажилладаг цагдаагийн байгууллагаа онцгойлон дэмжин ажиллана. Энэхүү зөвлөгөөн цагаа олсон, асуудлаа тал бүрээс нь хөндөж чадсан, гарцаа олж, шийдвэрээ гаргасан үр дүнтэй боллоо” гэдгийг тодотголоо. Мөн тэрээр 90 жилийнхээ ойтой золгож байгаа  Улаанбаатар хотын цагдаагийн байгууллага, алба хаагчид, үе үеийн төлөөлөлд баярын мэнд дэвшүүлж байгаагаа хэлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38189
0 эможи
keyboard_arrow_up