ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2016 оны 11 сарын 14
 

Шаргаморьтын гүүрэн дээр Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалт боллоо

2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр  Шаргаморьтын гүүрэн дээр нийслэлийн Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалт боллоо. Гамшгаас хамгаалах, үер, хөлдөлт, цасан шуургатай тэмцэх алба, авто замын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн голомтод орон тооны бус штаб болон мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, аврах, хор уршгийг арилгах, харилцан ажиллагааны шуурхай арга хэмжээг хангах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтад  Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газрын нийт 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцож, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Гандан орчмын дахин төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Гандангийн залуусын нэгдэл ТББ-ын санаачлагаар Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дэмжлэгтэйгээр  2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр “Гандангийн хөгжилд залуусын оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийн Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нью урбанизм ХХК-ний захирал З.Туяа, Гандан залуусын нэгдэл ТББ-ын төлөөлөгчид болон Гандангийн оршин суугчдын төлөөлөл залуучууд оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр БГД-ийн 16 дугаар хорооны Гандангийн дэнжийн суурьшлын бүсийн  өнөөгийн байдлыг үнэлж дүгнэх, орчин нөхцөлийг сайжруулах талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас авч хэрэгжүүлж буй бодлого, түүнтэй холбоотой төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, төлөвлөгөөний талаар оршин сууагчидтай санал бодлоо солилцлоо.

Барилгын үндэсний ассоциацитай санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын  хот байгуулалт, барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, харилцан үр ашигтай тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд,  Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нар  санамж бичиг байгуулав.

“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хот байгуулалт, барилгын салбарын хөгжилд хамтын хүчин чармайлтаар хувь нэмрээ оруулахад Санамж бичгийн зорилго нь оршиж байгаа юм. Энэхүү санамж бичигт нийслэлийн Засаг даргын дэргэд дараах 4 чиглэлээр 9 хүний бүрэлдэхүүнтэй  орон тооны бус зөвлөл байгуулан ажиллана гэж заасан байна.  

Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд “Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн.

Үндсэн чиглэлийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, 2013 оны 23-р тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08  дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагаас ирүүлсэн саналд үндэслэн, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан боловсруулсан байна.

Агаарын бохирдлыг бууруулахад шинэ технологи, инноваци нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийсэн билээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин их байгаа юм. Нийслэлийн гэр хорооллын 198 мянган өрх жилд 1 сая тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг байна. Харин нийслэлд ашиглаж буй 330 мянга гаруй тээврийн хэрэгсэл 10 хувийг, 3 ДЦС 6 хувийг, хөрснөөс дэгдэж буй тоос 4 хувийг эзэлдэг аж. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр 2011- 2015 он хүртэл 132.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэвч нийслэлийн агаарын бохирдол төдийлөн буухгүй байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдлыг бууруулахын тулд урт хугацааны туршид тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Дулаан хуримтлуулах, цахилгаан инновацийг бий болгох, эрчим хүчний шөнийн хөнгөлөлт үзүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан байгуулж ажиллах зэргээр дорвитой арга хэмжээ аван ажиллахаар төлөвлөөд байна” гэдгийг онцлоод цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим ажлаа танилцууллаа.  “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) байгуулж, түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөсөн. Мөн нийтийн тээвэрт явж буй дизель хөдөлгүүртэй автобусанд тортогжилтыг 80 хүртэл хувиар бууруулах төхөөрөмж суурилуулах зэрэг олон ажил төлөвлөж байна" гэж хэллээ.

Хотын дарга нийслэлийн цахилгаан, дулаан хангамжийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК дээр ажиллаж, нийслэлийн өвлийн цахилгаан болон дулаан хангамжийн нөхцөл байдалтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирын танилцуулснаар 2016 оны зуны засварын батлагдсан графикаар 15 магистраль шугамыг 5 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 25-ны хооронд 12 хэсэгт хуваан, хуваарийн дагуу 12 зогсолт хийгдэж дууссан. Их засвар, шинэчлэлт, урсгал засварын ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн байна. Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2663 хэрэглэгчтэй ДЭХ худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тэдгээрийн 9200 гаруй барилга, обьектын халаалтыг залгаж, жигдрүүлжээ. Энэ оны 10 дугаар сарын 30-ны байдлаар 93.63 Гкал/ц-ийн ачаалалтай 147 хэрэглэгчийн барилга обьектыг шинээр холбож, ДЭХ-ээр хангасан байна. Мөн компанийн санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг дуулгалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангагдсан, дулаан хангамжийн ажил хэвийн явагдаж байгааг сонслоо. Нэг үеэ бодвол нийслэлийн дулаан хангамжид ахиц гарсан. Энэ нь Амгалан дулааны станц ашиглалтад орсон, дулааны станцуудын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдсэн, улс, нийслэлийн төсөв хөрөнгөөр дулааны шугамын шинэчлэлтийн ажлыг эрчимтэй хийсэн, барилгын компаниуд дулааны норм стандартыг хангаж ажиллаж байгаа зэрэг асуудлуудтай холбоотой гэж харж байна. Гэхдээ өнөөдөр дулаан хангамж хэвийн байгаа ч нийслэл хот өдрөөс өдөрт өргөжин, тэлж байгаа учраас миний хувьд дулааны 5-р цахилгаан станцыг барих хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.

Нийтийн тээврийн 14 чиглэлийн үйлчилгээг түр хугацаагаар хаалаа

Их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүссэнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаар тушаал гарч иргэдийн амь нас, эрүүл мэнд эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагаас мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон.  Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газрын даргын  “Нийтийн тээврийн үйлчилгээнд шуурхай зохицуулалт хийх тухай” А/82 дугаар тушаалаар нийтийн тээврийн үйлчилгээний Ч:12 “Ургах наран хороолол - Офицеруудын ордон”, ХО:1 “Бага Баян-Санзай-7 буудал -Тэнгис кинотеатр”, ХО:6 “Өлзийт хороолол – 120 мянгат”, ХО:8 “Найрамдал зуслан – Саппоро - 3-р эмнэлэг “, ХО:9 “Био комбинат – Сонсголон – 5 Шар“, ХО:10 “Эмээлт /хурган / - Хар хорин саппоро”, ХО:12 “Мал Бордох – 5 шар-Саппоро“, ХО:13 "Баруун түрүү - 10 хороолол", ХО:7 "Туул тосгон- Биокомбинат - 120 мянгат", ХО:2 "Шарга морьт - Дүнжингарав худалдааны төв", ХО:5 "Налайх - Зүүн 4 зам - Дүнжингарав худалдааны төв", ХО:4 "Тэрэлж - Мэлхий хад - Налайх - Баруун 4 зам", ХО:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" зэрэг 14 чиглэлийн үйлчилгээг түр хааж шуурхай зохицуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38031
0 эможи
keyboard_arrow_up