ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2016 оны 11 сарын 07

Улаанбаатар хотыг Санхүүгийн Төв болгох чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн талаар болон Улаанбаатар хотыг Санхүүгийн Төв болгох, Хотын ногоон хөгжил, Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцлжээ.

Элчин сайд Катрин Арнолд “Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаанд шинээр ямар салбаруудад хэрхэн хамтран ажиллахаа ярилцаж санал бодлоо солилцох бодолтой байна. Миний бие Монгол Улсад суугаад  нэг жил гаруй хугацааг өнгөрөөж байна. Энэ хугацаанд болон урд өмнө нь хэд хэдэн салбарт хамтран ажилласаар ирсэн. Бид хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөөд байгаа ажлуудаа гурван хэсэгт хуваагаад байна. Санхүүгийн төв болгох, Хотын ногоон хөгжил, Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллах бодолтой байна” гэлээ.

Нийслэлийн удирдлагууд шинэ суурьшлын бүсийг цогцоор нь хөгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ суурьшлын бүсийг цогцоор хөгжүүлж, орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх ажлууд тусгагдсан. Тус ажлын хүрээнд нийслэлийн Орон сууцны корпораци нь “Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх ажлын хүрээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг тодорхойлох нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг санаачлан зохион байгууллаа.  Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, мөн ХХААХҮЯ, ЭМЯ, БСШУСЯ-ууд болон судалгаа шинжилгээний хүрээлэн төрийн өмчийн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүд оролцож санал бодлоо солилцлоо.  

Уг хэлэлцүүлгээр Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсэд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн бодлогод нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бизнесийн орчныг бүрдүүлэх боломж, цаашдын хамтын үйл ажиллагааг илүү нарийвчлан тодорхойлж, нэгдсэн шийдэлд хүрэх, ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахаар боллоо.

ХУД-ийн дахин төлөвлөлтөд хамрагдсан айлууд байрныхаа түлхүүрийг гардлаа

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар арьс ширний 25 дугаар байр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2014 оны 7 дугаар сард гарсан байдаг. Энэхүү байрыг буулгаж, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Эфэс констракшн” ХХК шалгарсан юм. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр барилгыг чөлөөлж, дахин төлөвлөлтийн барилгын ажлыг эхлүүлсэн байна. Хуучин арьс ширний 25 дугаар байранд амьдарч байсан 24 өрх тус бүрт “Эфэс констракшн” ХХК 10 м.кв талбай үнэгүй нэмж олгон, 16 айлд орон сууц, 8 айлд үйлчилгээний талбай өгөхөөр тохиролцож, барилга ашиглалтад орох хүртэлх түрээсийн зардлыг олгожээ.

Ашиглалтын шаардлага хангахаа больж, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулаад байсан 25-р байрны буурин дээр 1 жил 2 сарын дараа “Морьтон” цогцолбор сүндэрлэж, 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр  оршин суугчид нь түлхүүрээ гардан, шинэ сууцандаа орлоо. 

УЛААНБААТАР ХОТ БУДАПЕШТ ХОТТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөл Бүгд Найрамдах Унгар улсын Будапешт хотод ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Будапешт хотын санхүү хариуцсан орлогч дарга Др.Габор Багди болон бусад албаны төлөөлөлтэй уулзаж хоёр хотын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болсон байна. Мөн энэ үеэр Улаанбаатар хотод хамтарсан үйлдвэрүүдийг барьж, байгуулах тал дээр Будапешт хотоос дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Нийслэлийн онцгой комисс ажлаа тайлагналаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн онцгой комисс 2016 онй 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж, Улаанбаатар хотын гамшгийн нөхцөл байдалтай танилцлаа. НОБГ-ын дарга, Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Н.Уламбаярын танилцуулснаар Улаанбаатар хотод 2016 оны эхний 10 сарын байдлаар 2525 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой осол гарчээ. Үүнээс 2115 удаагийн дуудлага буюу 83 хувийг обьектын гал түймэр, 0.3 хувийг ой хээрийн түймэр, 16 хувийг ахуйн болон техникийн холбогдолтой осол эзэлж байна. Осол болон гал түймрийн улмаас 24 хүн амь насаа алдаж, 15 хүн түлэгдэж, 126 хүн бэртэж гэмтсэнээс гадна 3.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Гэр хороололд зонхилон обьектын гал гарсан байна. Ой хээрийн түймрийн хувьд энэ онд 3 удаа түймэр гарсан нь өмнөх оны мөн үеэс 88.8 хувиар буурчээ.

Үерийн аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн аадар бороо энэ онд 11 удаа орсон байна. Өнөөдрийн байдлаар үерийн аюултай бүсэд 2500 гаруй өрх зөвшөөрөлгүй суурьшиж байгаа юм. Урин дулаан цагт усны ослын дуудлага нэмэгддэг. Энэ онд гэхэд 28 удаагийн усны осол бүртгэгдсэн байна.

Монголд Коосэн Үндэсний технологийн хүрээлэн төлөөлөгчийн газраа нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Японы Коосэн Үндэсний технологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Исао Танигучи болон холбогдох албаны хүмүүсийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Японы Коосэн Үндэсний технологийн хүрээлэн Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээх гэж буй талаараа нийслэлийн Засаг даргад дуулгаад, үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулав.

“Япон орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон Коосэн боловсролын системийн нэгдсэн удирдлагын төв байгууллага Үндэсний технологийн хүрээлэнгийн төлөөлөл Монгол Улсад ажиллаж эхэлснээрээ Аж үйлдвэрлэл, техник технологийн салбарын хөгжлийн бодлогод авч хэрэглэж болохуйц мэдлэг, мэдээлэл, туршлагын томоохон түшиц суурь бий болно. Коосэн дээд боловсролыг Монголдоо эзэмших боломж бүрдэнэ. Хөгжлийн гол түлхүүр болсон мэргэшсэн чадварлаг инженерүүдийг бэлтгэж, бүтээгчдийг бүтээх боловсон хүчний бодлого хэрэгжинэ. Хэрэглэгч эдийн засгаас бүтээгч эдийн засаг руу шилжих оюун санаааны шинэ үүд хаалга нээгдэх зэрэг олон давуу талууд бий болно” гэдгийг танилцуулгынхаа үеэр онцолж байлаа.

НИТХ-ын дарга Ц.Сандуй БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын дарга Жэгал Вон Ёныг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Ц.Сандуй БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын дарга Жэгал Вон Ён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй ноён Жэгал Вон Ёныг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд Улаанбаатар, Инчон хоёр хотын хурлын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санаачлагатай ажиллаж байгаа Инчон хотын Иргэдийн Хурлын хамт олонд талархал илэрхийллээ.

БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын дарга Жэгал Вон Ён НИТХ-ын дарга Ц.Сандуйд талархал илэрхийлээд “Хоёр хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2011 оноос хойш найрамдалт харилцаагаа өргөжүүлсэн. Монгол Улс бол асар их баялагтай, цаашид илүү хөгжих бүрэн боломжтой улс. Тиймээс ч Солонгосын аж ахуйн нэгжүүд Монгол Улстай салбар бүрт хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Цаашид хоёр хотын харилцааг улам өргөжүүлэхэд анхаарч ажиллана” гэсэн юм.

Улаанбаатар, Инчон хотын иргэдийн хурлын дарга нар болон төлөөлөгчид соёл, урлаг, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Нийслэлийн төсвийг 120 тэрбум төгрөгөөр бууруулжээ

НИТХ-ын 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталсан. Ингэхдээ 120 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан юм. Удахгүй УИХ-ын чуулганаар  ирэх оны төсөв, үндсэн чиглэл хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлээс сонгогдсон гишүүдтэй уулзаж, төсвийн байдлыг танилцуулсан юм. Баянгол, Сүхбаатар дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж, УИХ-д сонгогдсон гишүүдтэй уулзлаа.

Улаанбаатар хот 2012 онд 348.2 тэрбум төгрөгийн төсвийн орлого бүрдүүлж байсан бол 2016 онд 69.6 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Төсвийн орлого жил ирэх бүр өсч байгаа ч өнөөдрийн байдлаар 130 тэрбум төгрөгөөр тасраад байгааг хотын дарга танилцуулав.  Гэхдээ нийслэлийн удирдлагын зүгээс ирэх оны төсвийг эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү хуваарилж, бүтээн байгуулалтын ажлыг таслалгүй үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа хотын дарга  түшээдэд дуулгалаа.

Хөгжлийн бэрхшээлтэй гурван иргэнд түрээсийн орон сууцны эрхийн бичиг гардууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонсдог. 14 хоногийн өмнө уулзсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон байрны асуудлыг нь шийдвэрлэж өгөхийг хотын даргаас хүссэн юм. Тухайн иргэдийн амьдралыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас судалж үзээд гэр бүлийнх нь 2-оос дээш иргэн хөгжлийн бэрхшээлтэй, амьдарлын нөхцөл нь туйлын хүнд байгаа З.Мандах, Л.Оюунтуул, Б.Мөнхбаясгалан нарт Ахмадын хотхонд байрлах түрээсийн орон сууцанд амьдрах эрхийн бичиг гардууллаа.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замыг хүлээлгэн өглөө

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг  2 багцад хувааж, гүйцэтгэгч сонгон шалгаруулсан. Багц-1  буюу "Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их Монгол улсын гудамж,  Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто зам" –ын барилгын ажлын гүйцэтгэгчээр "Эрдэнэ зам" ХХК,Багц-2  буюу "Их Монгол Улсын гудамж, Жапан таун хотхоны уулзвараас ураш Их тэнгэрийн ам хүртэлх авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр "Тотал Инж" ХХК шалгарсан юм.

Тухайн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 м өргөнтэй зорчих хэсгийг 14 м өргөнтэй 4 эгнээ болгон өргөтгөж, явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах систем зэрэг ажлууд хийгдсэн бөгөөд зам барилгын ажил гэрээт хугацаандаа дуусч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байнгын ашиглалтад орууллаа.

Багануур дүүрэгт 6.44 км авто зам ашиглалтад орлоо

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Багануур дүүргийн 2, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан  6,44км  авто зам ашиглалтад орлоо.  "Ялгуусан" ХХК-ийн  гүйцэтгэсэн тус замыг  8м өргөн,  1.5 м явган зам, дугуйн зам, гадна гэрэлтүүлэг бүхий замын ажил хунацаандаа дуусч, 2016 оны 09 дүгээр сарын 19-нд байнгын ашиглалтад орлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37816
0 эможи
keyboard_arrow_up