НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР-аас өнгөрсөн долоо хоногт хийгдсэн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

2016 оны 11 сарын 01

Олон улсын хөрөнгө оруулагчдын уулзалтыг  Токио хотод зохион байгуулахаар боллоо

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Япон Улсын “Фронтиер” компаний захирал Маса Игатаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Маса Игата “Инвест Монголиа конференц”-ийг Монгол улсад 10 дах жилдээ амжилттай зохион байгуулж байгаа талаараа Засаг даргад танилцуулав. Ноён Маса Игата “Есдүгээр сарын 5,6-ны өдрүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдын уулзалтыг 10 дах жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулсан. Мөн энэ оны арванхоёрдугаар сарын 7,8-ны өдрүүдэд Токио хотод зохион байгуулах гэж байна. Уулзалтаас гарсан олон сайхан  санал санаачилгыг эмхтгэл болгон гаргадаг байна. Үүнийг цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилдаа тусган ажиллах боломжтой хэмээн ноён Маса Игата онцлов.  Энэ айлчлалын үр дүнд Япон  Монголын харилцаа шинэ шатанд гарах боломж бүрдээд байгаа юм. Дан ганц Засгийн газар хоорондын харилцаанаас гадна хоёр улсын Нийслэлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх нь чухал юм.

Дэлхийн банкнаас нийтийн тээврийн салбарт 300 мянган америк долларын дэмжлэг үзүүлэхээр болов

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Дэлхийн банкны Хотын нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын төлөвлөлт, нийтийн тээврийн ухаалаг үйлчилгээ чанарыг дээшлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж нийтийн тээврийн салбарын ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Дэлхийн банкны нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен “Бид танай хотын тээврийн асуудалтай холбоотой тулгамдаад байгаа хэд хэдэн асуудал дээр хамтран ажиллаж өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцаж дэмжин ажиллах саналтай байна. Манай баг сүүлийн гурван жил Улаанбаатар хоттой хамтран ажиллаж хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Дэлхийн банк нь дан ганц санхүүжүүлэхээс гадна тус салбарын ажилтан, мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, өөрсдийн төслийн үр дүнг сайжруулах тал дээр байнга анхааран ажилладаг. Дэлхийн ихэнх улсууд нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод нээлттэй тавьдаг болсон. Энэ нь нийтийн тээврийн ажилчид болон зорчигч, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулж илүү хялбар болгож өгдөг. Бид энэ үйлчилгээг Улаанбаатарт нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Эхний ээлжид 300 мянган ам долларын хөрөнгө оруулалт шийдээд байна. Энэ танай улсад буцалтгүй тусламж хэлбэрээр үлдэнэ гэлээ.

Нийслэлийн түргэн тусламжийн төв иж бүрэн тоноглосон 10 автомашинаар хүч нэмлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн түргэн тусламжийн төвд иж бүрэн тоноглосон “Kia Bongo” маркийн 10 авто машиныг хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, өвчлөлтэй уялдан дуудлагын тоо жил тутам 10-12 хувиар нэмэгддэг. Яаралтай тусламжийн баг хоногт 950-1200 дуудлага хүлээн авч, 2-75 км-ын хүрээнд үйлчилж байна.  Иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг хугацаа алдалгүй хүргэхэд туулах чадвар сайтай автомашин нэн шаардлагатай байгаа юм. НЗДТГ-аас хүлээлгэн өгч байгаа энэхүү 10 автомашиныг амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, сорох аппаратаар иж бүрэн тоноглосон нь нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээнд дэвшил авчирч байгааг онцоллоо. Ялангуяа алслагдсан дүүрэг, хорооны яаралтай тусламжийн үйлчилгээ зогсолтгүй ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ботаникийн бичил цэцэрлэг” байгууллаа

Улаанбаатар хотноо 2015 онд зохион байгуулсан Азийн бүс нутгийн ойн менежмент, нөхөн сэргээлтийн талаарх уулзалтын үеэр Монголын байгаль орчин аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Төрийн ойн агентлаг, Ази, номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх байгууллагууд хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8,4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

“Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн ажил дуусч, нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдолын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БНХАУ-ын Төрийн ойн газрын орлогч дарга Ли Шуминг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. 

Артерын даралт ихсэх буюу халдварт бус өвчинтэй тэмцэх төслийг хэрэгжүүлэхээр боллоо

Нийслэлийн Засаг даргын орлогч, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Энхтөр Новартис сангийн Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Роберт Босурги болон Оном сангийн удирдлага, холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ЭМЯ, Оном сан, Новартис сантай хамтран Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж буй артерын даралт ихсэх өвчинтэй тэмцэх төслийн талаар ярилцлаа. Тус төсөл нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа артерын даралт ихсэх буюу халдварт бус өвчнийг таслан зогсоох зорилготой. Новартис сан, Оном сангууд хамтран Монгол Улсад артерийн даралттай тэмцэх хөтөлбөр санаачлан гарган өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн уг өвчлөлийн талаарх судалгааг явуулж дууссан бөгөөд цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө гаргаж ажиллах талаар Засаг даргын орлогч Д.Энхтөрд танилцууллаа. 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хууль эрхзүйн зөвлөгөө үнэгүй өгөх ӨДӨРЛӨГ зохион байгууллаа

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлгийг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр иргэн, хуулийн этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлжээ. Өдөрлөг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон дахь салбаруудад боллоо.

“Монгол бахархалын өдөр”-ийг НИЙСЛЭЛҮҮД тэмдэглэн өнгөрүүлээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр өчигдөр буюу энэ сарын 31-ний өдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Энэ 2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, П.И.Чайковскийн нэрэмжит мэргэжлийн хөгжимчид, дуучдын 15-р наадмын дуулаачийн төрлийн тэргүүн, уг наадмын Гран при шагналт Ганбаатарын Ариунбаатар хүртлээ.  

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын ТҮҮХТ 377 жилийн ой тохиолоо

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын түүхт 377 жилийн ой тохиолоо. Тэртээ 1639 онд “Ширээт цагаан нуур”-т өнөөгийн Улаанбаатар хотын суурь тавигдаж байсан түүхтэй. Өдгөө сая гаруй иргэдтэй болсон нийслэл хотын ойн хүрээнд зохиогдсон арга хэмжээнүүдийг танилцуулья.

Нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа

Нийслэлийн 377 жилийн ойг тохиолуулан зарим хүмүүсийг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа. Бразилийн Рио де Жанеро хотноо зохион байгуулагдсан “Рио-2016”  зуны олимпийн наадмаас жудо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртэж, эх орныхоо нэр хүндийг тив, дэлхийд дуурсгасан  Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, нийслэлийн иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд ухамсарт амьдралаа зориулж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавъяат эмч Г.Батчулуун нарын  хөдөлмөр, зүтгэлийг  өндрөөр үнэлж,  нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнаж байгаа юм. Шагналыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулан өгч, баяр хүргэлээ.

НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД “МЭЛХИЙТ” ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, НИЙСЛЭЛИЙН ТУГ МАНДУУЛЛАА

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ой тохиож байна. Одоогоос 377 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, өргөө байгуулж өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсэний тэмдэг болгож, “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Түүхэн энэ үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөө босгож, нийслэлийн ойн өдөр хотын удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн ойн өдрөөр 41 иргэнийг шагналаа

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа. НИТХ-ын хүндэт тэмдэгээр 22 иргэнийг, МХЕГ-ын хүндэт тэмдэгээр - 1, НИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр 6, нийслэлийн Засаг даргын шагнал болох Улаанбаатар хотын хүндэт тэмдэгээр 5, нийслэлийн Тэргүүний ажилтан 2, нийслэлийн Засаг даргын жуух бичгээр нийт 5 хүнийг тус тус шагнаж урамшууллаа.

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулагчид тодорлоо

Монгол улсын нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолыг 4 дэх жилдээ зохион байгууллаа.  Энэ удаагийн шилдэг бүтээн байгуулалтыг  шилдэг франчайзинг,  шилдэг брэндинг, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, шилдэг барилга байгууламж гэсэн 4 төрлөөр нэр дэвшүүлэн сонгон шалгаруулжээ.  Сонгон шалгаруулалтад нийт 20 орчим аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөнөөс шилдэг Франчайзинг төрөлд Cаfe bene, шилдэг брэндинг төрөлд “Imax” кино театр, дэвшилтэд техник технологи бүхий үйлдвэр төрөлд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Хос гарьд” ХХК, шилдэг барилга байгууламж төрөлд МCS поперти ХХК-ийн “Шангрила центр” тус тус шалгарлаа.

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагналын тусгай байранд “Энканто” спорт комплекс, “Ариуна Сури”, “И март” ХХК, Нийтийн тээврийн зогсоол гудамжны мэдээллийн байгууламжийг шинэчилсэн Жи Си Деко  компани, Хуванцар хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг “Мод пластик” компани, Перлитен хавтангийн үйлдвэрлэгч “Нью сервер” компани, Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж нэвтрүүлсэн “УльтраСоник” компани тус тус шалгарч нийслэлийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа.

Нийслэлийн тэргүүний өрхөөр 9 гэр бүл тодорлоо

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ахмадын хороо хамтран нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дуурайл үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр өргөмжиллөө.

Нийслэлийн тэргүүний өрх гэрийг 3 үе шаттайгаар шалгаруулдаг бөгөөд 1995 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд 134 өрх шилдэг өрхөөр шалгарч байжээ. Өнөөдөр тэргүүний өрхөөр шалгарсан 9 өрх гэрт нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж өргөмжлөлийг нь гардуулан өглөө.

Нийслэлийн Засаг дарга С.Батболдод “Ёслол хүндэтгэлийн Гэрэгэ” гардууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хангарди ордонд хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийн тодотголын төсөл болон Төслийг дагалдах журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.  Хуралдааны үеэр нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод  ёслол хүндэтгэлийн “Гэрэгэ” гардуулан өглөө.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2004 оноос эхлэн үе үеийн хотын дарга нарт ёслол хүндэтгэлийн Гэрэгэ  гардуулан өгдөг  уламжлал тогтсон.

“ИХ ХОТЫН ХЯМДРАЛ- 377” ХУДАЛДАА СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛЛОО

“Их хотын хямдрал 377” худалдаа Сүхбаатарын талбайд энэ сарын 28,29-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор үндэсний үйлдвэрлэгчид, томоохон импортлогчид бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, нийслэлийн иргэддээ бэлэг барьж байгаа юм. Хямдралтай худалдаанд 80 орчим аж ахуйн нэгж, иргэн оролцож байна. Иргэд ноос, ноолуур,  савхин эдлэл, гар урлал, бэлэн хувцас, гутал, цүнх зэрэг бүх төрлийн бараа болон хүнсний бүтээгдэхүүнүүдийг хямдралтай үнээр худалдан авах боломжотой болжээ.

“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдаан зарласан. Гурван насны ангиллаар явагдсан уралдааны шилдэг бүтээлийн эздэд өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө.

“Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдааны 6-9 насны ангилалын 1-р байрыг Сүхбаатар дүүргийн 29-р сургуулийн 3б ангийн сурагч Б.Галдан, 2-р байрыг Баянгол дүүргийн 20-р сургуулийн 3в ангийн сурагч М.Гэгээ, 3-р байрыг  Баянзүрх зүүргийн “Оюунлаг” сургуулийн 3б ангийн сурагч З.Бүжинлхам нар эзэлсэн бол тусгай байрт 10 хүүхэд шалгарчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37622
0 эможи
keyboard_arrow_up