“МЭЛХИЙТ” ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, НИЙСЛЭЛИЙН ТУГ МАНДУУЛЛАА
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ой тохиож байна.
Одоогоос 377 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, өргөө байгуулж өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсэний тэмдэг болгож, “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Түүхэн энэ үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөө босгож, нийслэлийн ойн өдөр хотын удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм.
Нийслэлийн удирдлагууд Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан нийслэлийн “Сүлдэт хуур”-ыг цэнгүүллээ. Мөн өнөөдөр хуримаа хийж, гал голомтоо бадрааж байгаа залуу хосуудад Улаанбаатар хотын удирдлагууд баяр хүргэсэн юм.
Улаанбаатар хотын 377 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд нийслэлийн туг болон Монгол Улсын төрийн далбааг мандууллаа. Мөн НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотынзахирагч С.Батболд болон нийслэлийн удирдлагууд их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.