Л.Хадбаатар: Ахмадын дуу хоолой төслийн хүрээнд бид ахмадуудаасаа саналыг нь авч байна

2016 оны 10 сарын 18

Одоогийн нийгэмд орхиж болохгүй ч орхигдоод байгаа хэсэг бүлэг хүмүүс бол ахмадууд юм. Тэгвэл Хан-Уул дүүргийн хувьд ахмадуудаа орхихгүй байхыг хичээж ажилладаг нь Ахмадын хорооны дарга Л.Хадбаатартай ярилцах үеэр мэдрэгдэж байлаа.

2016 онд ахмадын хорооноос ямар ажлыг хийж хэрэгжүүлэв. Ер нь ахмадууд гэхээр л ажил нь орхигдох гээд байдаг талтай шүү дээ. Дүүрэг энэ тал дээр хэрхэн анхаарлаа хандуулж ажиллаж байна вэ?

Манай дүүргийн хувьд ахмадуудыг их анхаарч үйл ажиллагааг  дэмжиж ажилладаг. 2016 онд манай Хан-Уул дүүргийн ахмадын хорооноос ахмадууддаа чиглэсэн хэд хэдэн томоохон ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Эхний ажил бол “Ахмадаа дээдэлье” хөтөлбөр.  Энэ хөтөлбөрийн хүрээнд  дүүргийн 16  хороодын ахмадуудынхаа эрүүл мэндэд анхаарал тавих үүднээс  нэг бүрийн  6.700.000  сая төгрөгийн үнэтэй  хаш чулуун ор дөрвийг авч, дүүргийн дөрвөн бүсэд байршууллаа. Орны өртөг болох 48 гаруй сая төгрөгийг “Ахмадаа дээдэлье” хөтөлбөрийн хүрээнд шийдэж өгсөн. Ахмадууд энэ ажилд их л сэтгэл ханамжтай байсан. Учир нь өмнө нь манай дүүргийн ахмадууд хаш чулуун ороор үйлчлүүлэх гэж Баянгол дүүрэгт байдаг хувийн эмнэлэгт олон хоног оочирлож байж нэг удаа үйлчлүүлдэг байсан юм билээ. Тэр эмнэлгээс бидэнд санал тавьсны дагуу бид судлаж үзээд энэхүү эмчилгээний орыг авсан. Үүнээс гадна “Ахмадын дуу хоолой” төслийг эхлүүлээд явж байна.

Дөрвөн бүсэд тавьсан гэж та сая ярилаа. Дээрх дөрвөн бүс хаана хаана байгаа вэ?

Тийм ээ. Бид ахмадууддаа илүү ойртож ажиллахын тулд дүүргээ дөрвөн бүсэд хувааж орнуудаа байршуулсан байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаар хорооны эрүүл мэндийн төв, Яармагийн 7 дугаар хороо, Өлзийт хороонд, Нисэхийн 10 дугаар хорооны эрүүл мэндийн төвүүдэд тус тус тавьсан байгаа. Ахмадууд маань энэ ороор үйлчлүүлснээр үе мөчний өвчин намдах, нурууны дискнээс хамгаалах, цаашлаад ясны ургалт, шохойжилтоос өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой болж байгаа. Энэ ороор үйлчлүүллээ гэж ямар нэгэн төлбөр төлдөггүй. Харин зарим ахмадууд өөрсдийн саналаар тог зарцуулалтын мөнгө гэж 500 төгрөгийг өгдөг.

Хороо бүрт ахмадын зөвлөл үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ жилийн хувьд танай дүүргийн ахмадын зөвлөл үйл ажиллагаа нь хэрхэн явагдаж байна.

Манай ахмадын зөвлөлүүд энэ ондоо үйл ажиллагаагаа нилээд жигдрүүлсэн. Бүх хороо дээр хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор дартс, шатрыг авч өгсөн байгаа. Ахмадууд хороондоо дартс, шатрын тэмцээнийг зохион байгуулдаг болсон. Үүнээс гадна бүх хороодын ахмадуудын зөвлөлийн дарга нарт ширээ, сандал авч  ажиллах нөхцлийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллалаа. Ахмадын ажил гэхээр ихэнхи иргэд эд нар яах вэ ажлаа хийж л байдаг юм гэсэн ойлголттой байдаг. Энэ бол тийм биш. Ахмадууд бол ажиллах маш том хүч. Энэ хүчийг хороонд зөв ашиглах хэрэгтэй. Насаараа ажил хийсэн хүмүүс чинь маш их туршлагатай байгаа. Эд нарыг зохион байгуулалтад оруулж, мэдэх, чадах үйл явцуудыг нийгэмд түгээх, залуучуудад туршлага судлуулах хэрэгтэй. Дүүргээс 2014, 2015 онд ахмадуудаа дэмжих, тэднийг ажлын байртай болгох зорилгоор “Ахмадын зөвлөх үйлчилгээ”  төслийг хэрэгжүүлж байсан. Энэ төсөлд ахмадууд маань ч их идэвхитэй оролцож ам сайтай байсан. Харин энэ жилийн хувьд  төсөл жаахан зогсонги байдалд орчихлоо. Уг нь энэ төслийг үргэлжлүүлвэл их л олон ахмадуудад хэрэгтэй ажил байгаа юм.

Саяхан ахмадын баяр болж өнгөрсөн. Танай дүүргийн хувьд хороо хороогоороо тэмдэглэдэг нь их саашаалтай санагдсан.

Тийм шүү. Манай Хан-Уул дүүрэг  Ахмадын баярыг хороо, хороогоороо тусдаа тэмдэглэдэг. Ингэснээр илүү олон ахмадыг хамарч чаддаг гэж би боддог. Бусад дүүргүүд ахмадын баяраар томоохон урлагийн арга хэмжээ л зохион байгуулж, нэг дор цуглуулж  байгаа харагддаг. Манайх ахмадын баярыг хорооны засаг дарга, ахмадын хорооны дарга нартай хамтарч зохион байгуулдаг.  Энэ үеэр хорооны ахмадууд маань дарга нартаа санал бодлоо хэлэх, тэдэнтэй яриа өрнүүлэх боломжтой болдог. Энэ ажилд дүүргээс 900-1сая төгрөгийн дэмжлэг хороо тус бүрт үзүүлдэг байгаа.

Хороодын ахмадуудтай хамгийн ойр ажилладаг хүн бол яахын аргагүй ахмадын зөвлөлийн дарга нар. Тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байна вэ?

Ахмадын хорооны даргын ажлыг хийсэн цагаас эхлээд тэтгэвэрт гараад ахмадын эгнээнд орсон бол ямар нэгэн улс төржилт хэрэггүй  гэдэг зарчмыг тавьсан. Үүнийг манай ахмадын зөвлөлийн ахмадууд бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Манай ахмадын зөвлөлд одоо АН, МАН, Иргэний зориг намын гишүүд хүртэл байна. Тэглээ гээд эд нар маань нам нам гэж талцаад явдаггүй.

Үүнээс гадна ахмадуудын зөвлөлийн дарга нарт өмнө нь 30 мянган төгрөгийн урамшуулал олгодог байсан. Дээрх мөнгөөр ахмадын хорооны дарга нар ямар нэгэн зүйл ажиллагааг зохион байгуулах  гэхээр үнэхээр боломжгүй байсан. Харин бид хөөцөлдөж байгаад энэ урамшууллыг 50  мянгаас 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн.  Үүнээс гадна манай дүүргийн хувьд улсын хэмжээнд байхгүй том ажлыг зохион байгуулсан. Тэр нь дүүргийн иргэдийн нийтийн хурлаас манай ахмадуудад 20 сая төгрөгийг өгсөн. Энэ мөнгөөр онцгой гачигдал тохиолдсон ахмадуудад тусламж үзүүлэх боломжтой болж байгаа юм. Энэ өвлийн хүрээнд 2014, 2015 онд тус тус 20 сая төгрөгийг өгсөн байгаа. Үүнийг зөв зарцуулахын тулд хороодын ахмадын зөвлөл нь ахмадуудын дунд судалгаа хийж, тусламж хэрэгтэй гэсэн ахмадуудад 150-500 мянган төгрөгийг хуваарилж өгсөн.

Таны ард саналын хайрцаг харагдаж байна. Энэ танай хэрэгжүүлж байгаа “Ахмадын дуу хоолой” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг мөн үү?

Ахмадын дуу хоолой тоөслийн хүрээнд бид ахмадуудаасаа саналыг нь авч байгаа. Хороо бүрт ийм саналын хайрцаг ажиллаж байна. Тус саналын хайрцгийг ажиллуулснаар ахмадууд маань заавал дүүрэгрүү ирж санал бодлоо хуваалцах шаардлагагүй болж байгаа сайн талтай. Энэ төслөөр дамжуулан ахмадуудад зориулж хийх ямар ажил байна, тэд юу хүсч байна гэдгийг мэдэх боломжтой болсон.  Энэ саналын хайрцгийг бид 11 сард задлана. Ингээд хамгийн их санал авсан ажлуудыг хамгийн эхэнд хэрэгжүүлэхийн төлөө ажиллах юм. Ямар, ямар санал бичсэн байна гэдгийг комисс гаргаж дүгнүүлнэ. Үүнээс дүгнэлт хийн хийх хэрэгтэй ажлыг дүүргийн Засаг даргад танилцуулна. Дүүргээс хэтэрсэн асуудал байвал бид нийслэлрүү хандана. Энэ төслийг хэрэгжүүлснээр бид маргааш ямар ажил хийх ёстойгоо олж харах юм.

Танд ахмадуудын хороондоо хийж, хэрэгжүүлэх юмсан гэж бодож явдаг ажил байдаг байх. Энэ талаараа яривал...

Би Японд томилолтоор явж байхдаа нэг зүйлийг ажигласан. Тэд ахмадуудад чиглэсэн олон ажлыг зохион байгуулагдаг юм байна. Үүний нэг бол япончууд Ахмадуудын төвөө хүүхдийн цэцэрлэгтэйгээ хамт байгуулсан байсан. Учир нь хүүхдүүдийг ахмадуудаасаа үг сонсгох, ахмадуудыг ганцаардуулахгүй байлгах зорилготой юм байна. Ахмадууд тогтсон цагт цэцэрлэгрүү орж хүүхдүүдтэй харьцаж болдог юм билээ. Энэ бол Монголд хийх хэрэгтэй ажлын нэг гэж бодсон. Үүнээс гадна ахмадуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх үүднээс төр засаг нь аялалын байгууллагуудтай хамтран ажиллаж, зарим үед хөнгөлөлт үзүүлэх, үнэгүй аялалд хамруулах ажлыг хийдэг юм билээ. Энэ ч манайд хэрэгжүүлэх бүрэн боломжтой үйлчилгээ гэж харж байна.

Ярилцсанд баярлалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37344
0 эможи
keyboard_arrow_up