Автобусаар карт уншуулахгүй зорчдог болно
Автобусанд картаар зорчдог иргэд сууж, буухдаа түүнийгээ заавал уншуулдаг. Гэвч зарим тохиолдолд буухдаа картаа уншуулахаа мартах, картны машин нь ажиллахгүй байх зэрэг хүндрэл учирдаг. Тэгвэл автобусны “U Money” картын шинэчлэлийг ирэх сараас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. “Улаанбаатар смарт карт” компанийн мэдээлснээр нэн тэргүүнд карт уншуулахгүй автобусаар зорчих хэлбэрийг гаргажээ.
Тодруулбал, иргэд гар утасны симэндээ автобусны картын чипийг суулгах юм. Ингээд автобусанд гар утсаа уншуулаад үйлчлүүлдэг болох юм байна. Эхний ээлжид “Юнител” компанитай гэрээ байгуулан чиптэй сим карт оруулж иржээ. Удахгүй худалдаанд гарах аж. Харин бусад операторуудтай уулзалт хийж, мэдээлэл солилцох шатандаа явж байгаа талаар мэдээллээ.
Үүнээс гадна банкны картуудад чипээ суурилуулах боломжийг бүрдүүлж байгаа юм байна. Эхний ээлжид “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банкны картанд чип суулгахаар болжээ. Ингэснээр иргэд нэг картаараа банкны гүйлгээ болон автобусны төлбөрөө хийх боломжтой болох ажээ.