П.Баярхүү: Баруун гар тийш эргэх 4 уулзварыг нээснээр хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурсан

2016 оны 10 сарын 13

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв өнөөдөр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг буруулах жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэж байна.

 

Хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн дөрвөн уулзвараар гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш чөлөөтэй эргэх журмыг боловсруулж, үүний дагуу туршилт хийж байгаа. Энэхүү туршилт амжилттай болж байгаа төдийгүй хөдөлгөөний ачааллыг 30 хувь бууруулж буй аж. Цаашлаад бүх уулзварт баруун гар тийш гэрлэн дохио харгалзахгүй эргэх нөхцөл боломжийг судалж байгаа юм байна.

Иргэдэд замын хөдөлгөөний мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй өгөх ажлыг юун түрүүнд зохион байгуулах ёстой талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хурлын үеэр яригдлаа. Ажлын хэсэг энэ үеэр хийж буй болон хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан. Одоогоор тус төв фэйсбүүк хуудсаар иргэдэд шуурхай мэдээллийг өгч байгаа аж. Харин үүнийг илүү хүртээмжтэй болгох үүднээс замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл бүхий аппликейшн гаргахаар ярилцаж буй юм байна. Түүнээс гадна сургууль, цэцэрлэгийн орчмын газар аюулгүй байдлын тохижилтыг хийх. Мөн FM радиогоор замын хөдөлгөөний мэдээллийг түгээх. Ингэхдээ иргэд FM радио, cd тоглуулагчаар хөгжим сонсож байсан ч хамаагүй тухайн зорчиж буй замын мэдээлэл хүрэх боломжтой болох ажлыг зохион байгуулах санал гарсан юм. Иргэдийн утсаар мэдээлэл авч, хурдтай явж байгаа эсэхийг нь ч хянах бүрэн боломж байгааг танилцууллаа.

Дээрх саналуудыг Ажлын хэсэг ажил хэрэг болгох асуудлыг судлахыг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хурлаас гаргалаа.

Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү: Баруун гар тийш эргэх 4 уулзварыг нээснээр хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурсан

-Замын хөдөлгөөний ачаалал хичээлийн шинэ жил, аливаа баяр ёслолын үеэр ихэсдэг. Иймд ачааллыг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах шаардлага бий. Энэ үүднээсээ ажлын хэсэг байгуулж, уг асуудлыг хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг эхний ээлжинд баруун гар тийшээ эргэх 4 уулзварыг нээсэн. Энэ нь хөдөлгөөний ачааллыг 30 хувиар бууруулсан байгаа юм. Цаашлаад бүх уулзварыг баруун гар тийшээгээ эргэдэг болгох ажлыг зохион байгуулахаар судалж байна. Ингэснээр хөдөлгөөний урсгалыг 30-40 хувь бууруулах бүрэн боломжтой гэж харж байгаа. Мөн зөрчилтэй 11 тэмдэг тэмдэглэгээг буулгах ажлыг зохион байгуулна. Хөдөө орон нутгийн замын цэнхэр суурьтай тэмдэглээ тавигдсан байгаа нь хөдөлгөөнд саад учруулаад, жолооч нарыг төөрөгдөлд оруулаад байгаа юм. Жолооч нарын хувьд тэр тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд 80 км.ц хурдтай яваад байна. Иймд зөрчилтэй тэмдэглэгээг буулгана.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож: Замын хөдөлгөөний мэдээллийг багтаасан аппликейшнтэй болох ажлыг судалж байна

-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, осол аваараас урьдчилан сэргийлэх үүднээс бид ажлаа төлөвлөж, долоо хоног бүр хурал зохион байгуулдаг байгаа. Энэ удаа бид ирэх жил хийх ажлаа төлөвлөж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэгтэй хамтран бид ажлаа явуулж байна. Энд олон санал санаачилга гарч байгаа юм. Тухайлбал, замын хөдөлгөөний мэдээллийг багтаасан аппликейшнтэй болох ажлыг хийхээр судалж байна. Иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэй өгснөөр хөдөлгөөний ачаалал буурна гэж тооцоолж байгаа юм. Мэдээллийг түргэн, хүртээмжтэй хүргэх үүднээс юу хийж болох талаар мэдээллийг солилцож, цаашид ажил хэрэг болгох талаар ярилцаж байна. Улаанбаатар хотод 480-аад мянган машин бий. Үүнээс 370 орчим нь хөдөлгөөнд оролцдог гэсэн мэдээлэл байгаа. Эдгээр машиныг хөдөлгөөнд ачаалалгүй, түгжрэлгүй явуулах, мөн аюулгүй осол авааргүй байх ажлыг бид анхааран ажиллаж байна.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37178
0 эможи
keyboard_arrow_up