“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газарт хүргүүллээ

2016 оны 10 сарын 12
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газарт хүргүүллээ. “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” 1994 онд батлагдсанаас хойшхи 22 жилийн хугацаанд Улаанбаатар хот эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудлууд шинээр үүсэхийн хэрээр уг хууль зохицуулалтын чадвараа алдаж, эрх зүйн хийдэл үүсэх тохиолдол давтагдах болжээ.

Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64,5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг харгалзан, хотын дарга С.Батболд өнгөрсөн хугацаанд уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулсан төсөлд хотын хөгжлийн үзэл баримтлал, УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байгаль орчин, нийгэм, эдийн засаг, татварын бодлогыг тусгаснаас гадна Засаг дарга, засаг захиргааны чиг үүрэг, хотын оршин суугч, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг тодорхой тусгажээ. Түүнчлэн нийслэл хотыг санхүүгийн хувьд бие даасан чадавхтай болгоход чиглэсэн эрс шинэчлэлийн шинжтэй эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэгжүүлэх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчин бүрдүүлэх зорилгоор төрийн үйлчилгээг шуурхай болгох арга замуудыг хуульчилсан байна.

Уг хууль хэрэгжсэнээр Улаанбаатар хот 1,5 сая хүн амтай дэлхийн 400 гаруй метрополис хотын нэгэн адил өөрийн тогтвортой үзэл баримтлал бүхий эрүүл, аюулгүй орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, стандартын өндөр шаардлагатай, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай томоохон төв болох эрх зүйн орчин бүрдэх юм. Хуулийн төсөлд тусгаснаар юуны өмнө нийслэлийн удирдлагын хөгжлийн талаар баримтлах бодлогыг тодорхой болгож байна. Түүнчлэн эдийн засаг, нийгмийн цогцолборын хувьд дүүргүүдийг сумтай, хороог багтай адилтган шийдвэр гаргаж ирсэн практик өөрчлөгдөхөөр байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэл хотыг засаг захиргааны статусын хувьд өөрчилнө. Өнөөдөр хүн амын өсөлтийн хувьд л гэхэд хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг 300 гаруй мянган хүн амтай болчихсон. Хөдөөгийн 2-3 аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй адил оршин суугчтай мөртлөө дүүрэг гэдэг утгаараа сумтай адил статустай байна. Хууль батлагдвал дүүргээс авдаг төрийн үйлчилгээ 2000 хүнтэй сумынх шиг биш аймгаас авдаг үйлчилгээтэй ижил түвшинд хүрч очно. Эрх, чиг үүргийн хувьд томорно гэсэн үг” гэлээ. Мөн “Энэ хуулиар Нийслэлийн Засаг даргаас эхлээд иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх, үүрэг нь тодорхой болно. Өнөөдрийг хүртэл засаг захиргаа, дарга нарын эрх, үүрэг л хуульчлагддаг байснаас хотын иргэний үүрэг гэдэг зүйл огт хуульчлагдаагүй явж ирсэн. Бид хамтын амьдралдаа сэтгэл хангалуун байя гэвэл хотын иргэн бүр үүрэгтэй, эрхтэй байх ёстой. Үүнээс гадна нэг том асуудал бол хот эзэнтэй, стандарттай байх ёстой. Эмх журамтай, стандарттай болох, стандартаа хатуу мөрдөх цаг нь болсон. Энэ хууль хэрэгжвэл эцсийн дүндээ эрүүл, аюулгүй, амгалан тайван хот болно” гэсэн юм.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нийслэлийн удирдлага жил бүр тайлагнаж, цаашид авах арга хэмжээний талаар иргэддээ танилцуулж байхаар хуульчилсан нь төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдлыг бий болгох онцлогтой байна.

Хотын даргын санаачлан боловсруулсан хуулийн төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Засгийн газар энэ хуулийн төсөлд нухацтай хандаж, судална. Үүний дараа бид УИХ-д өргөн барьж, хэлэлцэнэ” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37171
0 эможи
keyboard_arrow_up