Б.Алтанцэцэг : Хан-Уул дүүрэгт ажлын байр бий болгодог иргэд олон байдаг

2016 оны 10 сарын 03

Эдийн засгийн хүндрэлтэй үед нийгэмд хамгийн их тулгамдаж буй асуудал бол хөдөлмөр эрхлэлт болоод байна. Энэ тухай бид дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэгтэй дүүргийн хэмжээний хөдөлмөр эрхлэлттэй  холбоотой асуудлаар ярилцлаа.

Ажлын байр хайж байгаа хөдөлмөрийн насны өөрсдөө ажил хөдөлмөр эрхэлж, тодорхой орлоготой болох зорилготой залуучууд олон байдаг. Харин  Хан-Уул  дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст  иргэд хэр хандаж байна?

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн хувьд  2016 онд 3000 хүн ажилд зуучлахаас эхний найман сарын  байдлаар 1809 иргэнийг ажилд зуучилж, ажлын байртай болгосон. Манай хэлтэст өнөөдрийн байдлаар ажил хайж, бүртгүүлсэн 4480 иргэн байна.  Үүнээс ажил  идэвхитэй хайж байгаа 1687 иргэн байна.

Бид ажилд зуучлахаас гадна шинэ ажлын байрыг дүүргийн хэмжээнд бүртгэх ажлыг хийдэг. Энэ онд 3100 шинэ ажлын байр бүртгэж, баталгаажуулахаас  эхний найман сарын байдлаар 2706 ажлын байрыг бүртгэж, одоогоор ажлын явц 80 гаруй хувьтай байна.

2016 оны наймдугаар сарын байдлаар

1809 иргэнийг ажилд зуучилж,

ажлын байртай болголоо”

 

Ажил зуучлалын хувьд  2015 оны 5 дугаар сард 93, 6 дугаар сард 637 хүнийг ажилд зуучилж байсан бол 2016 оны 5 дугаар сард 248, 6 дугаар сард 652 хүнийг ажилд оруулснаар зуучлалын ажил энэ онд харьцангуй өссөн үзүүлэлттэй байна.

Ажил хайж байгаа иргэдийг анзаараад байхад Хөдөлмөрийн хэлтэстээ зүгээр л бүртгүүлээд орхичихдог юм шиг анзаарагддаг. Энэ тал дээр Хан-Уул дүүргээс хэрхэн анхаарч, эргэх холбоог бий болгодог вэ?

Ажил идэвхитэй хайж байгаа иргэн гэдэг нь бидэнтэй холбогдож, ажил идэвхтэй сураглаж, өөрийгөө байнга идэвхижүүлдэг хүмүүсийг хэлдэг. Манай хэлтэст хандаж байгаа зарим иргэдийн хувьд бүртгүүлээд орхидог, ажлын байр байна уу гэж эрж, сурагладаггүй нэг хэсэг хүмүүс байгаа. Харин хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн хирнээ өөрөө ажлын байраа олоод ажилд орсон  иргэд ч байдаг. Бид энэ тал дээр анхаарч, иргэдтэйгээ эргэж холбогдох ажлыг зохион байгуулдаг. Үүнээс гадна ажилгүй иргэдийн дунд судалгаа хийх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Аж ахуйн нэгжүүд чадварлаг, тогтвор суурьшилтай мэргэжилтэн, боловсон хүчин ажилд авахыг хүсдэг. Тэгэхдээ зар тавихаас илүүтэйгээр мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар  мэргэжилтэн олох сонирхол ихтэй байгаа юм шиг санагддаг. Танай хэлтэст аж ахуйн нэгжүүдээс ажлын байрны захиалга хэр их ирж байна?

Тиймээ. Таны хэлдэг үнэн. Аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагаар зуучлан боловсон хүчин авах сонирхол их байна. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг  аж ахуй нэгжүүд ажлын байрны захиалгаа манай хэлтэст өгдөг. Энэ жилийн хувьд ажлын байрны тоо өмнөх жилийг бодоход харьцангуй бага байна. 9 дүгээр сарын хувьд ажлын байрны захиалга өсөх хандлагатай байдаг. Яагаад гэвэл оюутнууд зун аж ахуй нэгж, байгууллагад ажиллаж байгаад хичээл эхлэхтэй холбогдуулан ажлаасаа гардаг. Иймээс энэ сард сул ажлын байр нэмэгддэг.

Мөн манай хэлтсээс ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг бүлгээр болон ганцаарчлан хийдэг. Үүнээс гадна ажлаасаа чөлөөлөгдсөн иргэд  дүүрэгтээ ханддаг. Одоогийн байдлаар манай дүүрэгт  4480 хүн ажлаасаа чөлөөлөгдөж, ажилгүй гэж бүртгүүлээд байна. Үүнээс харахад ажилгүйдлын тэтгэмж авах, ажил хайгчаар бүртгүүлж байгаа иргэдийн тоо их байна. Манай хэлтсийн зүгээс эдгээр иргэдийн асуудлыг шийдэж, нийгмийн даатгал руу тэтгэмжээ авах ёстой гэсэн бичгийг олгон ажиллаж байна.

Танай хэлтсээс олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүний нэг бол жижиг дунд үйлдвэрлэлийг /ЖДҮ/ дэмжих зээл байдаг. Тус зээл нь орлого нэмэгдүүлэх, ажлын байртай болгох чиглэлээр  олон ч хүнд боломж олгосон байх.

Эхний хагас жилийн байдлаар төсөл хөтөлбөр, жижиг зээлд иргэдийг хамруулах ажил төлөвлөгөөний дагуу явагдсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгогддог жижиг зээл нь Капитал банкаар олгогдож байгаа. Хувь хүнд  5 сая, нөхөрлөл хоршоо байгуулж ажил үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд 10 хүртэл сая төгрөгийн зээл олгодог. Иргэд маань Капитал банкнаас зээл аваад одоо төлбөрөө төлөөд эхэлчихсэн явж байна.

Иргэнд хэдэн төгрөгийн зээл олгохыг  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тогтоодог. Харин Капитал банк зээлийн асуудлыг  салбар дээр биш төв салбар руу явуулж шийдүүлдэг учраас  хугацаа их орох, хүлээгдэх, тухайн зээлийг хэрэгцээтэй, шаардлагатай цаг үедээ  авч чадахгүй байх тохиолдолууд их гардаг. Тиймээс манай зүгээс Капитал банктай энэ асуудлаар болон дэмжиж ажиллах талаар ярьж байгаа.

Ямар болзол хангасан иргэдэд  ХЭДС-ийн ажлын байрыг дэмжих  зээлийг олгож байна? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу.

Хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих сангаас өгч байгаа зээлийг нэгдүгээрт  шинээр ажлын байрыг бий болгосон хувь хүнд, хоёрдугаарт өөрөө, өөртөө ажлын байрыг бий болгосон иргэдэд сарын 0,5 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай таван сая төгрөгийн зээлийг олгодог. Тухайн ажлын байр нь дор хаяж гурван хүнийг ажлын байраар хангасан байх ёстой. Ингэж байж 5 сая төгрөгийн зээл авна гэсэн үг. Одоогийн байдлаар нэг хүнд таван сая төгрөгийн зээлийг олгох боломжгүй гэж үзэж байгаа.

Манай хэлтсийн хувьд иргэдийн төслийг дэмжихээс гадна төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд эргэн төлөлтөө хийж байна уу,  төслийн үйл ажиллагааны төсөв нь хуулийн дагуу зарцуулагдаж байна уу гэдэг дээр хяналт тавьж ажилладаг. 2015 оны төсөл хөтөлбөрүүдийн хувьд эргэн төлөлт 50 хувьтай байсан бол энэ жилийн хувьд бид давуу биелэлттэй явж байна.

Ажилгүй иргэдэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг танай хэлтэс зохион байгуулдаг.  Үүнээс миний анхаарлыг татсан ажил бол  таксины жолооч нарт чиглэсэн төсөл  байсан. Энэ төслийн талаар дэлгэрүүлэхгүй юу?

2016 оны хувьд Хан-Уул дүүргийн хэмжээнд  нилээдгүй шинэ төсөл хөтөлбөрийг санаачлан зохион байгуулан ажиллаж байна. Үүний нэг бол өөрөө өөртөө ажлын байрыг бий болгож байгаа “hybrid” автомашинтай жолооч нарт  санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл юм.

Бид дүүргийн ажилгүй иргэдийн дунд судалгаа хийхэд хувиараа таксинд явдаг иргэд олон байсан. Энэ нь тухайн иргэний  ажлын байр учраас  ажлын байрыг эрүүл аюулгүй байлгах, зорчиж байгаа хүнээ ая тухтай тээвэрлэх  нөхцлийг бүрдүүлэх үүднээс  санхүүгийн дэмжлэг олгох төслийг боловсруулсан. Үүнийг өмнөх Засгийн газар буюу Хөдөлмөрийн яамнаас дэмжиж, 100 сая төгрөгийн санхүүжилтыг олгосон.  Энэ ажлын хүрээнд таксины жолооч нарыг  сайн дурын нийгмийн даатгалд хамруулсан.  

Мөн зорчигчдоо аюулгүй тээвэрлэхэд нь туслах үүднээс манай хэлтсээс таван төрлийн тоног төхөөрөмжийг жолооч нарт нийлүүлсэн. Үүнд ослын гурвалжин, гал болон ослын үед хэрэглэх бүтээлэг, эмийн сан, галын хор, машин цэвэрлэх алчуур зэргийг олгосон байгаа. Мөн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах үүднээс санхүүгийн дэмжлэг болгож 200 гаруй жолоочид 100 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүлсэн. Одоогоор Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд бүтцийн өөрчлөлт орсон учраас 100 гаруй хүн тус мөнгөө аваагүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг танай хэлтсээс мөн анхааран ажилладаг. Энэ жилийн хувьд эдгээр бүлэг иргэдэд чиглэсэн ямар ажлыг зохион байгуулав?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр шинээр ажлын байр бий болгох тал дээр анхаарч, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж  байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө ажлын байрыг бий болгодог. Энэ тал дээр нь дэмжиж ажиллаж байна. Үүнээс гадна хувиараа ажил эрхлэгч, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангадаг. Энэ ажлын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн судалгааны  үндэсний төвтэй хамтран судалгаа гаргаж, санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.  Энэ жилийн хувьд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төвөөс манай дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан гурван байгууллагад 50 сая төгрөгийн санхүүжилтыг шийдэж өгсөн. Энэ дашрамд дээрх байгууллагуудад нийгмийн хариуцлага үүргээ ухамсарлаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажилладагт нь баярлаж явдгаа хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36919
0 эможи
keyboard_arrow_up