Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс СӨБ-ын 2015-2016 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байна

2016 оны 9 сарын 17

Өнгөрсөн хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжиж, Хан-Уул дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамт олон нэлээдгүй зүйлийг хийж хэрэгжүүлэн тодорхой амжилтад хүрч ажилласан байна. 
Тухайлбал Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүртээмжтэй, чанартай боловсрол олгох өнөөгийн чиглэл, сургалтын дэвшилтэт арга технологоос харилцан туршлага судлах, тэдэнд анхан шатны боловсрол олгох нөхцлийг бүрдүүлэн шинэ туршлага нэвтрүүлж, бодитоор хэрэгжүүлэн ажиллахад мэргэжлийн байгууллагуудын хамтын уялдаа холбоо, хамтран ажиллах явдал чухал гэж үзэж Боловсролын хэлтэс, төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн санаачлагаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв” сэдэвт Олон Улсын зөвлөгөөнийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан. Тус зөвөлгөөнд ОХУ, Япон, Солонгос зэрэг орны эрдэмтэн судлаач нар оролцож, илтгэл туршлагаа хэлэлцүүлэн зөвлөгөөнөөс гарсан уриалгаа нэгж байгууллагууд амжилттай хэрэгжүүлсэн юм.
Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан жил бүр Дүүрэг, Нийслэл, Улс тэргүүний сургууль, цэцэрлэгээ шалгаруулдаг уламжлалтай бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилд С.Эрдэнэчимэг эрхлэгчтэй 71-р цэцэрлэг Дүүрэг, Нийслэлийн тэргүүний цэцэрлэгээр шалгарчээ. Мөн Нийслэлийн шилдэг тохижолттой сургууль, цэцэрлэг шалгаруулах уралдаанд 28, 71, 189-р цэцэрлэгүүд тус тус шалгарсан.
Сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр үнэлж, дүгнэх журмын шалгуурыг хангаж, 2015-2016 оны хичээлийн жилд 28-р цэцэрлэгийн багш Ц.Даваажаргал, 29-р цэцэрлэгийн багш Б.Пагмадулам, 71-р цэцэрлэгийн багш С.Наранцэцэг, Ч.Солонго, Ч.Цэвэгсүрэн, 209-р цэцэрлэгийн багш Х.Ганцэцэг , 65-р цэцэрлэгийн багш Э.Гандолгор нар саятан багшаар шалгарч, Хан-Уул дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын саятан багшийн тоог нэмэгдүүлжээ.
Дүүргийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, ДЗОУБ-аас хамтран зохион байгуулдаг хүүхдийн “Хараацай” урлагийн наадам, Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд Б.Баярмаа эрхлэгчтэй 65-р цэцэрлэгийн хамт олон тэргүүн байранд тус тус шалгарсан байна.
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх болон Нийслэлийн боловсролын газрын 85 жилийн ойн хүрээнд “Сургалтын хэрэглэгдэхүүн”-ий уралдаан зарлаж, тэргүүлсэн багш нарыг Улаанбаатар сувилалд амрах, “Оном” эмнэлэгт иж бүрэн шинжилгээ хийлгэх, Дорнод аймагт туршлага судлах аялалд оролцох эрхийн бичгээр тус тус шагнаж урамшуулсан байна.
Мөн цэцэрлэгийн эрхлэгч нарыг ажлын байранд хөгжүүлэх, харилцан туршлагаа солилцуулах зорилгоор Дорнод-Манжуур, Сэлэнгэ-Улан-удэ-Байгаль далайгаар аялуулах ажлыг 2 удаа зохион байгуулан ажилласан.
Мөн боловсролын хэлтсээс санаачлан цэцэрлэгийн эрхлэгч нарын 14 хоног тутмын шуурхай зөвлөгөөнийг нэгж дээрээ зохион байгуулдаг, Нийслэл дүүргийн сургагч багш нарын дэмжлэгтэйгээр 7 хоногийн нэг өдөр нэгж дээрээ ажиллаж, багш нарынхаа тэргүүн туршлагыг илрүүлэн бусдад түгээх, тэдэнд тулгарч байгаа мэргэжлийн бэрхшээл, хүндрэлийг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх “Зөвлөн туслах” үйлчилгээг тогтмолжуулан ажилласны үр дүнд сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. 
Өнгөрсөн хичээлийн жилд Хан-Уул дүүрэгт 218, 219, 223, 230-р цэцэрлэгүүд шинээр ашиглалтад орсон ба 27-р цэцэрлэгийн барилгыг нурааж, 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга баригдсан, 165-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж, төрийн бус өмчийн цэцэрлэгийн тоо нэмэгдсэнээр сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 2015-2016 оны хичээлийн жилд 81.6%-д хүрсэн байна. Мөн 35-р цэцэрлэгийн барилгыг буулгаж, 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга баригдаж, 11-р сард ашиглалтад оруулах, 16-р хороонд 10 бүлэгт 240 хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Төрийн бус өмчийн цэцэрлэгүүд “Сайн үйлсийн аян” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд төрийн албан хаагчдын 300 гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр сургуулийн өмнөх боловсрол олгох ажлыг зохион байгуулжээ. 
2016-2017 оны хичээлийн жилд төрийн ба төрийн бус өмчийн 112 цэцэрлэгт 12801 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36445
0 эможи
keyboard_arrow_up