Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хотын дарга ажиллаж, иргэдтэй уулзлаа

2016 оны 8 сарын 24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзалт хийдэг уламжлал тогтоолоо. Анхны уулзалтаа  Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хийсэн бол  хоёр дахь уулзалтыг  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарт хийлээ.   Хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн  иргэдийн төлөөлөл болон  нийслэлийн Засаг даргын  Тамгын газар, нийслэлийн харьяа  агентлаг, газар,  төрийн өмчит үйлдвэрийн захиралууд уулзалтад оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзсан эхний иргэн  бол  Монголын язгуур бий  биелгээний багш  Г. Баярт  байлаа.  Тэрээр  Увс аймгийн театрт  30 жил ажилласан.  Урлагийн байгууллагад тасралтгүй  45 жил ажиллахдаа “Монгол улсын язгуур бий биелэгээний  урлаг”-ийг  өсвөр үед зааж сургах үйлсэд зүтгэж ирсэнээ хэлээд  2 мянга хол давсан шавьтай гэдгээ ч онцолсон юм.  Цаашид нийслэлийн  ерөнхий  боловсролын сургуулиудад  дээрх чиглэлээр анхан шатны сургалт явуулах хүсэлтэй байгаа гэдгээ тодотгож,  хотын удирдлагаас дэмжлэг хүслээ.  Нийслэлийн Засаг дарга  “ Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, тэр тусмаа   бий биелэгээг  түгээх, зааж сургах эрмэлзэлтэй байгаа  С.Баярт багшийн санал санаачилгыг хотын удирдлага дэмжинэ. Гэхдээ бүхий л  Ерөнхий боловсролын сургуулиудад  заалгана гэвэл  хүндрэлтэй.  Эхний ээлжинд судалгаа хийж, төсөл боловсруулж, зарим дүүргийн сургуулиудад хэрэгжүүлэх боломж  бий” гэдгийг хэллээ.  Эхний ээлжинд төсөл боловсруулж, нийслэлийн Боловсролын газар болон Соёл урлагийн газарт хүргүүлэхийг зөвлөлөө.

“Хог хаягдалыг бууруулах“ талаар  судалгаа хийсэн  иргэн  Д.Дарамренчин мөн хотын даргатай уулзаж,  хогийг  баялаг болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нөөц бололцоо, судалгаа бий гэдгийг дуулгасан.  2000 оноос хойш   ахуйн хог хаягдлын асуудлаар судалгаа хийж, төрийн албаныхантай уулзаж, мөн  дахин боловсруулах талаар хөндөж байна.  Хотын дарга энэ асуудлыг анхааралдаа авч,  Улаанбаатар хотоо  “Хоггүй хот” болгох иргэдийн саналыг дэмжинэ гэв.  Иргэн Д.Дарамренчингийн  хөндөж байгаа асуудлыг хотын дарга дэмжиж,  холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах нь зөв гэдгийг хэллээ. 

Иргэн  Ч. Мөнхтулга “Улаанбаатар хотыг хөгжүүлэх” талаар өөрийн санал бодлоо хотын даргатай солилцов. Хотын хаягжуулалт, зам талбайд хийгдэж байгаа явган хүний   гарц,   замын хөдөлгөөний зохицуулалтын талаар   зураг бүхий материал дээр тулгуурлан саналаа хотын дарга нарт танилцуулсан.  Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,  байгалийн чулуун туслах замуудын талаар   иргэнийхээ бодол байр суурийг илэрхийлсэн.  Хотын дарга  Ч. Мөнхтулгын  судалгаа,  төслийг  нягтлан үзэж,  хамтран ажиллана гэдгээ хэллээ.

Мягмар гарагийн  уулзалтад ирсэн иргэдийн  дийлэнхи нь газрын маргаантай асуудал болон “ТҮЦ“-ний тухай, мөн  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны халамжийн асуудлаар   өргөдөл гомдлоо шийдүүлэх хүсэлт танилцуулсан. 
 
Баянгол дүүргийн  15 -р хорооны нутаг  дэвсгэрт   хүүхдийн тоглоомын талбайг буулгаж,  зөвшөөрөлгүй барилга барьж байгаа.  Дүүргийнхээ Засаг даргад хандсан ч  үл тоон , иргэдийг чирэгдүүлж,  өргөдөл гомдлоо барьсан иргэд хаашаа хандахаа мэдэхгүй  болсон. Аргаа бараад  хотын даргын уулзалтад  орох хүсэлтээ өгсөн гэдгээ ч учирлалаа.
 
Нийслэлийн  төр захиргааны байгууллага,  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон нийслэлийн харьяа  газар, агентлагууд иргэдийн  өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдэх  ёстой гэж   нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд хэллээ.

Иргэнээ сонсож, тэдний амар тайван амьдрах орчныг бүрдүүлж, бухимдалгүй нийслэл хотын төлөө төр захиргааны байгууллага ажиллах учиртай.    Тиймээс ч  14 хоног тутам  хотын даргын хувьд иргэдтэйгээ нүүр тулан уулзахдаа   нийслэлийн   төр захиргааны байгууллагын удирдлагуудыг ч уулзалтад   оруулдаг  дэг тогтосныг онцолсон.

Хотын дарга  иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, асуудлыг шийдэж,  шийдэх гарц олохын төлөө ажиллаж байгаад иргэд талархаж байна.  Нэг удаа уулзаад өнгөрөх биш асуудлыг хэрхэн шийдсэн мэдээллээ ч хотын  даргад ирүүлэхийг   холбогдох албаны дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35653
0 эможи
keyboard_arrow_up