Бугат хотын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчилж байна

2016 оны 8 сарын 05

ӨМӨЗО-ны “Бугат хот-2016” үзэсгэлэн, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт өнөөдөр “Мишээл экспо”-д эхэллээ.

Уг үзэсгэлэн монголд анх удаа зохиогдож байгаа бөгөөд наймдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэнд Бугат хотын 113 аж ахуйн нэгж бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүд, бизнесийн төлөөлөл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхэт Элчин сайд Шинь Хаймин, Бугат хотын ардын Засгийн газрын нарийн бичгийн дарга Жан Жан, Бугат хотын худалдааны газрын албаны дэд дарга хүрэлцэн ирсэн байв.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан үзэсгэлэнг нээж хэлэхдээ, “Бугат 2016” үзэсгэлэнг Улаанбаатар хотноо анх удаа нээж байгаагаараа онцлогтой. “Мишээл экспо” төв, НЗДТГ, НИТХ, Дорноговь аймгийн ЗДТГ-ын дэмжлэгээр Бугат хотын Ардын засгийн газар, ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны дэмжлэгээр  Монгол Улсын соёлын өдрүүдийг энэ оны 3 дугаар сард амжилттай зохион байгуулсныг онцолмоор байна. Энэ хүрээнд хэд, хэдэн томоохон асуудлыг ярьсан. Тухайлбал хоёр орны гадаад худалдаа, жижиг дунд бизнесийг дэмжих замаар бараа бүтээгдэхүүнийг хятадын зах зээлд гаргах, Бугат хотын төмөрлөгийн үйлдвэрлэлийг Монгол Улсад нээх, аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна  Улаанбаатараас Бугат руу шууд нислэг явуулах талаар санал солилцсон. Үүний эхлэлийг “Хүннү эйр” компанийн нислэг тавилаа. Түүнчлэн Бугат хотын даргын дэмжлэгээр монголын ААН-ийн албан ёсны дистрибьюторууд тус хотод нээгдсэн. Тодруулбал “Говь”, “Эрдэнэт хивс”, “Хаан хүнс” компани  нээлтээ хийж худалдаа эрхлэх зөвшөөрлөө авсан. Дээрх үзэсгэлэн жил бүр уламжлал болно” гэлээ.

Бугат хот нь 2.2 сая хүн амтай, хүнд машин механизм тоног төхөөрөмжийн үйлдвэр, ган болон титан төмөрлөгийн үйлдвэр, хөнгөн цагаан, төмрийн хүдэр болон газрын ховор элементийн уурхайд түшиглэсэн боловсруулах үйлдвэрүүдтэй аж. Түүнчлэн Дорноговь аймагтай хиллэдэг, авто замын Ханги-Мандалын боомтоор холбогдсон нь үйлдвэрлэл, гадаад харилцааг хөгжүүлэх эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.

Үзэсгэлэнд барилга, уул уурхайн материал, газар тариалан, хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцов.

Үзэсгэлэнд оролцогсод ийнхүү ярьж байна.

-Бугат хотын  “Шо Будянь ХХК”-ийн ТУЗ-ийн дарга Ху Бин:  “Монгол Улсад анх удаа ирж энэхүү үзэсгэлэнд оролцож байна. Үйлдвэрийнхээ бараа бүтээгдэхүүнийг монголчууддаа танилцуулж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг үүгээр зогсохгүй олон удаа зохион байгуулах нь бидний хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой.

-Бугат хотын “Я Ань цай” ХХК-ийн нарийн бичгийн дарга Ян Чу Мэй: Бид Монгол Улсад анх удаагаа 70 жилийн түүхтэй цайгаа танилцуулахаар ирээд байна. Манай цай Сичуан мужаас гаралтай бөгөөд цусны эргэлт сайжруулдаг эрүүл мэндэд тустай эмчилгээний бүтээгдэхүүн юм. Тиймээс манай бүтээгдэхүүнийг монголчууд сонирхоно гэдэгт итгэлтэй байна”.

“Монгол заяа ХХК”-ийн төлөөлөгч Н.Мөнхзаяа: “Би монголд хоёр дахь удаагаа ирж байна. Өнөөдрийн үзэсгэлэн маш сонирхолтой, хүртээмжтэй болж байна. Манай компани Бугат хотод үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн шар будаагаа танилцуулж байна” гэлээ.

М.Үүрийнтуяаa

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35140
0 эможи
keyboard_arrow_up