Ш.Батнасан: 20 саяар хийдэг байсан дээврийг бид найман саяар хийж байна

2016 оны 6 сарын 24

Хан-Уул дүүргийн Нийтлэг үйлчилгээний алба ОНӨААТҮГ-ын  Захирал Ш.Батнасантай хийсэн ярилцлагаа танд хүргэж байна.

 

Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе.Хоёулаа яриагаа танай алба хэдэн онд байгуулагдаж байснаар эхлэе.

За баярлалаа. Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе.

            Манай Нийтлэг үйлчилгээний алба нь анх 2014 онд 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан бол одоо манай байгууллага нь 32 хүний бүрэлдэхүүнтэй захиргаа-санхүүгийн алба, инженер техникийн алба, үйлчилгээний  алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийтлэг үйлчилгээний алба нь   Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байр болон дүүргийн 16 хорооны байрны ашиглалт хамгаалалт болон нийтийн эзэмшлийн зам талбай дээр хийгдсэн хүүхдийн тоглоомын талбай, саад, цэцэрлэгийн бүх ашиглалт хамгаалалтыг бүрэн хариуцан ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон ажлуудаасаа дурдвал

            Ер нь бид өнгөрсөн хугацаанд өвөлжилтийн бэлтгэл байдлыг  бүрэн хангах зорилгоор хороодуудын засварын ажлыг өөрсдөө хийдэг болсон. Урьд нь гадна пасад, дээвэр гэх мэт томоохон ажлуудыг тендер зарлаж хийдэг байсан бол нийтлэг үйлчилгээний алба байгуулагдсанаас хойш өөрсдөө бид  энэ бүх ажлыг хийдэг болсон. Энэ  ажлыг өөрсдөө хийснээс хойш бид хөрөнгө мөнгө их хэмнэн ажилладаг болсон байна. Жишээлбэл Хороодын байрны дээврийн засварын ажлыг өмнө нь 20 сая төгрөгөөр хийж гүйцэтгэдэг байсан бол одоо бид 8 сая төгрөгөөр хийж гүйцэтгэж байна.  Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгддэг бүтээн байгуулалтын ажлууд нь хийгдсэнийхээ дараа хариуцах хүн байхгүйгээс болж тоглоом эвдрэх, хулгайлагдах гэх мэт үзэгдэл маш их гардаг байсан бол одоо манай байгууллага нь энэ бүхэнд анхаарал хандуулж, ашиглалт хамгаалалтыг нь хариуцан ажилладаг болсноор хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын эвдрэл гэмтэл үүсэх, хулгайд алдагдах зэрэг  үзэгдлүүд харьцангуй бага болсон.

Нийтлэг үйлчилгээний алба байгуулагдсаны ашиг тус нь юу вэ?

            Манай алба байгуулагдсанаар иргэдэд үзүүлэх үйлчилгээг шат дамжлагагүйгээр түргэн шуурхай хүргэх  болсон. Хороодоос  ирсэн засвар үйлчилгээний дуудлагыг цаг тухайд нь бүртгэн авч, түргэн шуурхай засч, баталгааг нь өөрсдөө хариуцдаг нь  давуу талтай юм . Өнөөдөр хороон дээр ус  алдлаа, цахилгаан нь тасарлаа гэхэд манайд дуудлага өгдөг. Хүнд суртал гэдэг зүйл арилсан. Иргэд өмнө нь хүүхдийнх нь тоглодог тоглоомын талбай эвдрэхэд хаана хандахаа мэддэггүй байсан. Харин одоо бол манайд хандаж үйлчилгээгээ авдаг болсон.

Бид ажлаа хүртээмжтэй хүргэхийн тулд график гаргаж, сар сард нь хороон дээр очиж, шалгалт хийн эвдэрч, хэмхэрсэн зүйл байвал засаад явчихдаг.

Танай дүүргийн Нийтлэг үйлчилгээний албаны хувьд бусад нийтлэг үйлчилгээний албуудаас ялгарах онцлог

            Нийслэлийн бусад дүүргүүд болон аймгийн нийтлэг үйлчилгээний албадуудаас ялгарах нэг онцлог зүйл байгаа. Тэр нь юу вэ гэвэл манай байгууллага нь өнөөдөр тусгай зөвшөөрөлтэй болсон. Ингэснээр бид  өөрсдөө засвараа хийх мэргэжлийн засварын бригад, инженерүүдийг хажуудаа ажиллуулж байна. Түүгээрээ их давуу талтай. Өмнө нь бид нар засвар хийхээр бол эхлээд төсөв хийгээд, дараа нь тендер зарлаад явдаг байсан бол өнөөдөр бид мэргэжлийн төсөвчин, инженер, засварын бригадтай болсон болохоор ажлыг маш түргэн шуурхай хийдэг. Ялангуяа  ус алдах, цахилгаан дулаан тасарлаа гэхэд бид маш шуурхай арга хэмжээ авч ажилладаг болсон. Одоо манай дүүргийн иргэд эвдэрч, хэмхэрсэн зүйл харагдвал манай нийтлэг үйлчилгээний албаруу утасддаг болсон. Манай алба харин түүнийг нь засч сайжруулах тал дээр анхаарч ажилладаг.

2016 онд хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудаасаа дурдвал

-           2016 оны хувьд бид өвөлжилтийн бэлтгэл ажлыг хороодуудын хэмжээнд 100 хувь ханган ажилласан. Тиймээс бидэнд одоо өвөлжилтийн тал дээр санаа зовох зүйл байхгүй. Улсын хэмжээнд өнөөдөр олон улсын төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын  яам, Германы хамтын ажиллагааны сантай хамтарсан тендерт манай байгууллага шалгарч ирэх долоон сарын 1-ээс ажлаа эхлүүлэх гэж  байна.

            Үүнээс гадна бид мэргэжлийн багтай учраас төсвийн мөнгийг хэмнэх, өөрсдийн гэсэн орлогыг бий болгох, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх тал дээр илүү их анхаарах хэрэгтэй болсон. Бид жил болгон төсвөөс тодорхой хэмжээний мөнгө авдаг байсан бол энэ жилээс эхлээд төсвөөс авдаг мөнгөө багасгаж, орох орлогоо ихэсгэх тал дээр дээр анхаарч ажиллаж байна. Эцсийн зорилго бол улсын төсвөөс хараат болох юм.

Германы сантай хамтран төсөл хэрэгжүүлнэ гэж байна. Үүнийгээ дахин дэлгэрүүлэн яриач

            Бид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын  яамнаас зарласан  Горхи Тэрэлжийн дагуу зургаан байрлалд аялал зугаалгын бүс байгуулах зорилгоор тохижилтын ажлыг хийхээр болсон . Зуны цагт иргэд маань Горхи Тэрэлж , Туул голын  эргээр амрах зугаалах зэргээр байгаль орчинг ихээр бохирдуулдаг. Тэгвэл энэ төсөл хэрэгжсэнээр иргэд маань тав тухтай эргийн орчинд амрах боломж бүрдэх юм. Энд нэг дор машины зогсоол, майхан гэр орноо барих талбай,  био нийтийн бие засах газар, хогийн цэг, сүүдрэвч,  явган зам, наран шарлагын газар, шорлогийн газар зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх юм.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34759
0 эможи
keyboard_arrow_up