Цэнхэр дуулгатнууд НҮБ-ын медалиар энгэрээ мялаалаа

2016 оны 6 сарын 23

БНӨСУ-д UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй V ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүн НҮБ-ын медалиар шагнууллаа. Ёслолын ажиллагаанд UNMISS ажиллагааны Хүчний командлагчийн орлогч, хошууч генерал Яанг Чао Инг, Хойд секторын командлагч, хурандаа С.Амарсайхан, Монгол Улсаас UNMISS ажиллагааны Штабт үүрэг гүйцэтгэж буй офицерууд, Хойд секторын Мужийн зохицуулагчийн алба, холбогч офицерууд, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчид болон хамтран үүрэг гүйцэтгэж буй орнуудын энхийг сахиулагчид оролцлоо.

Медаль гардуулах ёслолын ажиллагааг нээж хошууч генерал Яанг Чао Инг хэлсэн үгэндээ “UNMISS ажиллагааны Хүчний командлагчийн зүгээс болон хувиасаа хурандаа Б.Баатар захирагчтай мотобуудлагын батальоны бүх энхийг сахиулагчдад НҮБ-ын медалиар энгэрээ чимэх болсонд баяр хүргэж байна. Та бүхний үүрэг гүйцэтгэлтээр бид бүхэн үргэлж бахархаж байдаг. Үүрэг гүйцэтгэсэн 10 гаруй сарын хугацаандаа энх тайван аюулгүй байдлыг тогтоохоор аливаа эрсдэл, хүнд хэцүүг ажралгүй давж, үүргээ амжилттай гүйцэтгэж байгааг тань үнэлж, энэхүү медалиар энгэрийг тань мялааж байгаа юм шүү. Эцэст нь хэлэхэд UNMISS ажиллагааны удирдлагын бүх алба хаагчдын нэрийн өмнөөс та бүхний энхийг сахиулах үйлсэд хамгийн их амжилтыг хүсэн ерөөе” гэсэн юм.

Хойд секторын командлагч хурандаа С.Амарсайхан “Аливаа улс оронд энх тайван амархан хүрээд ирдэггүйг бид мэднэ. “Энхийг сахиулна гэдэг нь цэрэг хүний хийх ажил биш ч ганцхан цэрэг хүн л үүнийг хийж чадна” гэх алдартай үгийг НҮБ-ын ЕНБД асан Дек Хэммершолд хэлсэн байдаг. Тив дэлхийн өнцөг булан бүрт энх тайвны төлөө цэнхэр дуулга өмсөн үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг хүний гавьяа зүтгэлээр бахархахгүй байхын аргагүй юм, үүний нэгэн эд эс болж яваа та бүхнээр ч тун их бахархаж байна. Энэ медалийг энгэртээ зүүх эрх хүн бүхэнд олдоод байдаггүй. НҮБ, эх орон, Төр засгийнхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа ЦАХ-ын эзнээ олсон шагнал боллоо. БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагааны хамгийн хүчирхэг, үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг ЦАХ-чидтай нь Хойд секторын энхийг сахиулагчид гэж боддог. Тэр дундаа Монголын цэнхэр дуулгатнууд хамтран үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчиддаа үлгэр жишээ болж явдаг юм. Та бүхэнд амжилт хүсэе” гэв.

Мөн V ээлжийн мотобуудлагын батальоныг болон ахмад Ч.Эрдэнэбулган, Ц.Даваадорж тэргүүтэй 30 ЦАХ-ыг тус тус UNMISS ажиллагааны Хүчний командлагчийн зүгээс талархлын бичгээр шагнаж, цаашдын энхийг сахиулах үйлсэд нь амжилт хүслээ.

Энгэрээ мялаасан энхийг сахиулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн хүндэт зочид болоод бие бүрэлдэхүүнд зориулж, үлээвэр хөгжмийн тоглолт, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт зэргийг бэлтгэн сонирхуулсан. Үдэш нь батальоны авьяаслаг цэргийн алба хаагчдийн зүгээс НҮБ-ын медаль хүртсэн энхийг сахиулагчдад зориулж хүндэтгэлийн урлагийн тоглолт зохион байгуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.

Мотобуудлагын батальоны рот, салааны хүч Парианг, Жамжанг болон Бентью хотын Тэргүүний ажиллагааны баазад байрлан тус тус үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд эдгээр баазуудад НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагаа мөн зохион байгуулагдсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34709
0 эможи
keyboard_arrow_up