Ц.Энхболд: Халамж үйлчилгээний нэгдсэн онлайн программыг 4 сараас эхлэн ашиглаж эхэллээ

2016 оны 6 сарын 02

 Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Энхболдтой цаг үеийн асуудал болон шинээр зохион байгуулж  буй  ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.

 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 2016 оны ажлын хэрэгжилт ямар түвшинд явж байгаа талаар ярилцлагаа эхлэе?

Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь энэ жилийн хувьд зургаан  зорилтын хүрээнд нийт 48 ажил үйлчилгээг төлөвлөн ажиллаж байна. Тодруулбал,Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээг зорилтот бүлэгт түргэн шуурхай, хүнд сурталгүй, чанартай хүргэх, халамж, асрамжийн шинэ үйлчилгээ, менежментийг нэвтрүүлэх, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор үйлчилгээг чанартай хүргэх зорилгын хүрээнд WAIS буюу Халамж үйлчилгээний нэгдсэн онлайн программыг 4 сараас эхлэн ашиглаж эхэллээ. Үүний үр дүнд халамжийн олголтыг түргэн шуурхай олгож байна.

Тус системийг нэвтрүүлснээр улсын хэмжээнд бүх халамж үйлчилгээ авагчдын нэгдсэн бааз үүсэн хадгалагдаж, цаашдаа мэдээ мэдээлэл архив болон хадгалагдах боломжтой болж байна.

Мөн дараагийн хийж буй томоохон ажлуудын нэг бол өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгааг гаргах. Энэ ажлын хүрээнд 2016 онд нийт 6094  өрх иргэн хүсэлт гаргасан. Үүнээс 1687 өрх дахин үнэлгээнд орох, 4405 өрх  огт судалгаанд хамрагдаагүй бөгөөд нийт 5877 өрхийн оноог бодуулж шийдвэрлэн ажиллалаа.

НХҮХ-ээс энэ жил ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?

Нийгмийн хамгааллын бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, өрхийн мэдээллийн нэгдсэн санг ашиглан халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, мэдээллийн цахим  технологийг нэвтрүүлэх зэрэг зорилт тавин ажиллаж байна.

Хүүхдийн мөнгөний олголтын ажил болон хүнсний эрхийн бичиг олгох ажил хэрхэн явагдаж байна.Энэ  талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Дүүргийн7-19 дүгээр хорооны зорилтод бүлгийн 51 өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд  сонгогдож тус үйлчилгээнд хамрагдсан. Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлалттай 7 хүнсний дэлгүүрээр болон Төрийн банкны Чингэлтэй тооцооны төв хамтран гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна.

2016 оны 4 дүгээр сарын байдлаар нийт 256 хүүхдийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”д бүртгэж оруулсан байна. Дүүргийн хэмжээнд хүүхдийн мөнгө олголтын ажил жигдэрч, хэвийн явагдаж байгаа. Үүнээс гадна судалгаанд хамрагдаагүй өрхүүдийг судалгаанд хамруулах ажил үргэлжлэн хийгдэж байна.

Хороон дээр нийгмийн ажилтнууд хэрхэн ажиллаж байна вэ?

Манай хэлтэс нь нийт53 албан хаагчидтай, үүнээс 1-19 хороонд хороо хариуцсан 24 халамжийн мэргэжилтэн ажиллаж байгаа. Хороо бүр дээр нэг нийгмийн халамжийн мэргэжилтэн ажилладаг. Мэргэжилтнүүд маань хэн ирж мэдээлэл, үйлчилгээ авах бол гэж өрөөндөө хүлээн суух биш зорилтот бүлгийн иргэд, өрх рүү чиглэсэн бодитой үйл ажиллагаа явуулахад анхаарч, өрхөөр явж нөхцөл байдлын үнэлгээ хийж, иргэдийг зохих үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах, мэдээллийг бүрэн шуурхай хүргэхэд анхаарч ажилладаг.

Эмзэг бүлгийн иргэдээс гадна ямар хүмүүс нийгмийн халамжид хамрагддаг вэ?

Халамжийн үйлчилгээг эмзэг бүлгийн иргэд гэхээс илүү Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль болон Олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хууль, Монгол улсын баатар хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай дээрх хуулиудын дагуу төрөөс үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хуулийн дагуу хүрч ажилладаг. 

Энэхүү зорилтот бүлгийн иргэнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүчирхийлэлд өртсөн иргэн, хорих ангиас суллагдсан иргэн, согтуурах, мансуурах донтох өвчтэй иргэн, гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, иргэн, өрх толгойлсон эх, эцэг багтдаг. Манай байгууллагын зүгээс эдгээр иргэдэд хуулийн дагуу үйлчилгээ үзүүлж байна.

Иргэдэд мэдээллээ ямар сувгуудаар хүргэдэг вэ?

Байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод байлгахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг. Иргэд  мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журам, заавар болон үйлчилгээ авахад шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг Chingeltei.halamj.gov.mn цахим хуудас, халамж үйлчилгээний хэлтсийн фэйсбүүк хуудсаар болон мэдээллийн самбараас авдаг. Мөн бид салбарын хэмжээнд явагдсан арга хэмжээнүүдийн талаарх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлан ил тод байрлуулж ажилладаг.

Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34185
0 эможи
keyboard_arrow_up