Хог бүү хаяарай, хотоо хамт гоёцгооё

2016 оны 5 сарын 31

Юуны өмнө хүний амьдралын хамгийн гэгээтэй мөчүүдийн нэг болдог Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Энхрий бяцхан үрсээ инээн баярлуулах Хүүхдийн эрхийн өдрөө энэ жил илүүтэй өргөн дэлгэр тэмдэглэцгээнэ. Хүүхдийн инээд хөөр эцэг, эхийн хайр халамжаар их хот дүүрэх сайхан. Харин баяр ёслолоо хийхдээ хүн бүр, хүүхэд бүхэн хогоо ил задгай хаяхгүй, их хотын соёлтой оролцохыг уриалж байна.  Улаанбаатар жилдээ сая гаруй тонн хог “үйлдвэрлэдэг” их хот. Их хотын ажил их ээ. Та бидний шар хантаазтангууд гэж нэрлэдэг үйлчилгээний 775 хүн өглөөний ургах нарнаас эртлэн үдшийн бүрий тасартал Улаанбаатар хотоо цэвэрлэдэг. Өдөрт 321 машин хог тээвэрлэдэг, өчигдөр л гэхэд 2200 тонн хог хаягдал зөөвөрлөсөн дүн ширээн дээр минь байна. Гэгээн гэрэлтэй баярын дараа зам, талбай, өргөн чөлөө хог цаасандаа дарагдан хоцорч, хот тохижилтын ажилчид хөлсөө урсган тэр бүхнийг цэвэрлэхийг харах юу нь сайхан байх билээ. Их хотын иргэн болж өснө гэдэг хүссэн газраа хог хаяхгүй байж сурахаас, ногоон гэрэл хүлээж зогсохоос, бие биедээ зай тавьж өгөхөөс эхэлдэг шүү дээ. Эцэг эхчүүд маань ч гэсэн үр хүүхэддээ илүү сайхан хотод аж төрөг гэсэн чин хүслээрээ, хүний хөдөлмөрийг хүндэтгэн үлгэр дууриал үзүүлнэ хэмээн найдаж байна. Та бид Нийслэл хэмээх нэгэн том өргөө гэрт, нэг л Улаанбаатартаа ажиллаж сурч,  илүү сайхан хотод аж төрөх хүсэл зорилгоороо нэгдмэл. Монголын минь үрс инээж байг. Сайхан баярлаарай.

 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын Захирагч Эрдэнийн БАТ-ҮҮЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34143
0 эможи
keyboard_arrow_up