Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг болон дүүргийн удирдлагуудад хүргэх талархлын захидал

2016 оны 5 сарын 26

Хан-Уулчууд бидний амьдрах орчин, гэр хорооллын нөхцлийг сайжруулж ирээдүйд итгэх итгэлийн галыг бадрааж, өдрөөс өдөрт цэцэглэн хөгжсөн шинэ дүүрэг, шинэ хорооллыг бүтээн байгуулж буй дүүргийн удирдлагууд та бүхэнд талархал илэрхийлж, зуны эхэн сарын билэгт сайн энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

 

Миний бие Хан-Уул дүүргийн 3-р хорооны оршин суугч, 60 настай, тэтгэвэрийн хөгшин байна. Залуу насаа эх орныхоо сайн сайхны төлөө зориулж, төр улсдаа өөрийн чадах чинээгээр хувь нэмрээ оруулж, өсөж төрсөн нутгаас минь өөрцгүй дүүрэгтээ ажиллаж амьдраад 40 гаруй жилийг өнгөрүүлжээ.

Улс төр, нийгэм эдийн засгийн бодлого шийдвэрийн нарийн ширийнийг мэдэхгүй ч нүдний өмнө өдөр бүр хөгжин өөрчлөгдөж, өсөн нэмэгдэж байгаа шинэ бүтээн байгуулалтын ажлуудыг хараад өөрийн эрхгүй сэтгэл баясаж, орчин үеийн хөгжил дэвшил гэдэг ийм байдаг байх гэсэн итгэл төрж, иргэн хүний хувиар энэхүү захидлыг бичлээ.

Хотынхон өдөр бүр ажлаа амжуулж, өглөө оройдоо хөл залгуулдаг нийтийн тээврийн үйлчилгээ шинэчлэгдсэнд манай гэр бүлийнхэн болон  маш олон хүмүүс талархаж байгаа.

Саяхан л бид автобусанд суух гэж хойгуур  урдуур нь чихэлдэж шахцалдан, хэрүүл маргаан хийж, цүнх саваа халаасны хулгайчаас хамгаалж, гудамжны архичдын эвгүй үнэр, агсам согтуу тавихыг тэсч тэвчин хурдхан шиг буух газраа очихыг яаран их л тэмцэлтэй явдаг байсан. Хөгшин настай хүмүүс олон хүн чихэлдсэн автобусанд зогсоогоор явж хотын төв хүрнэ гэдэг  хүсэх юм биш. Харин одоо автобусанд явахад урдуураа сууж, хойгуураа бууна, ухаалаг карт уншуулж төлбөрөө төлнө, зорчигчид сэлүүхэн, чимээ шуугиан багатай, соёлтой цэвэрхэн,  үйлчилгээтэй болсонд баярладаг шүү. Өөрөө ч мэдэлгүй нэг л мэдэхэд энэ сайхан соёлд татагдаж бусдын адил соёлтой боловсон үйлчлүүлдэг болсон байна.

Өвлийн өдрийн богинод эрт харанхуй болж ач зээ нарынхаа хичээлийг оройтож тарахад, хүүхдүүдээ  ажлаасаа оройтож ирэхэд бид чинь заавал хэн нэгнээр тосуулна. Хаа сайгүй согтуу хүмүүс бөөгнөсөн, ноход хуцсан харанхуй гудамж, гэмт хэрэг айдас дагуулсан орчин манай гэр хороолол, гудамж талбайд олон байдаг байсан.

Харин одоо манай дүүргийн гудамж талбай, гэр хорооллын гудамжууд гэрэлтүүлэгтэй болж айдас жихүүдэсгүй амгалан орчин бүрдэж байна. Хөдөө гадаанаас ирсэн ах дүүс, өдөр шиг шөнөтэй сайхан болжээ гэж хорооллыг маань магтаж бидний өмнөөс та бүхний ажлыг сайшааж байна.

Яармагийг агаар нь сайхан гэж ярьдаг ч нялх нярай хүүхдээ салхилуулах, хөгшчүүл ярьж суух газаргүй,  хашаанаасаа өөр салхилах талбайгүй байлаа.

 Яармагт бүх насныхан очоод амарч тухалж болох тохилог сайхан цэцэрлэгт хүрээлэнг байгуулж өгснийг хараад тэнд оршин суудаг хамаатнуудынхаа өмнөөс өөрийн эрхгүй баярласан. Олон жил айлуудын дунд дарагдсан жалгын хур хогийг цэвэрлэж оршин суугчдад салхилах цогц сайхан, тохилог цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулсанд талархалтай байна. Ингээд та бүгдийн бүтээн байгуулсан ажлыг тоочоод байвал талархаад баршгүй олон ажил байна.

Бусдыг бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж үг байдаг. Төр засгийнхаа хийж бүтээж байгаа сайн сайхан зүйлд талархаж, хайрлаж хамгаалж явах нь иргэд бидний үүрэг гэж бодож байна.

Захидалынхаа төгсгөлд олон мянган оршин суугчдын өмнөөс Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид,дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг болон Засаг даргын тамгын газрын хамт олон, хороодынзасаг дарга нар, ажилчин албан хаагчид та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

 Хан-Ууд дүүргийн 3-р хорооны иргэн Ч.Эрдэнэтуяа 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33885
0 эможи
keyboard_arrow_up