З.Цэрэнпүрэв: Энэ жил Яармагийн гэр хорооллууд буюу 4-8 дугаар хороодынхоо бүх гудамжийг камержуулах зорилго тавин ажиллаж байна

2016 оны 5 сарын 26

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийнТөлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн хошууч З.Цэрэнпүрэвтэй өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил болон энэ онд хийгдсэн шинэлэг, үр дүнгээ өгсөн тодорхой ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.

 

Сайн байна уу. Танай хэлтсийн хамт олон 2015 онд хийж хэрэгжүүлсэн шинэлэг ажлуудын талаар ярилцлагаа эхэлье?

Манай хэлтэс өнгөрсөн жил ард иргэдийнхээ амар тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан  болон олон нийтийн байцаагч, урамшуулалт эргүүлүүдийг татан оролцуулах, тэднийг мэргэжлийн удирдлагаар ханган хамтран ажиллах үүднээс “Хамтарсан баг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажилласан.  Тус  арга хэмжээний хүрээнд хэлтсийн нийт 146 алба хаагчийг 11 баг болгож, хороодод хуваарилан баг тус бүрийг ахлах  албан тушаалтнуудад  хариуцуулан өгч, үйл ажиллагааг нь төлөвлөн зохион байгуулан, хэрэгжилтэд нь хяналт тавин ажилласан.

Алба хаагчдыг хороодод хуваарилснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион явуулсан бөгөөд  гудамж, талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 11 нэгж буюу 8,3 хувиар, согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг 30 нэгж буюу 24,1 хувиар, нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс  64 хэргээр буюу  10,6  хувиар буурсан.

“Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрт оршин сууж байгаа малчин иргэдийн бод малыг зүсмийн бүртгэлд хамруулж, зурагжуулах нэгдсэн арга хэмжээг зохион явуулж, 595 өрхийн, 9433 бод малыг зурагжуулан бүртгэлжүүлж, 37334 кадр гэрэл зураг авч, бусад аймаг, хөдөө орон нутаг оторт гарсан 114 өрхийн 4936 бод мал байгааг арга хэмжээний хүрээнд тогтоосон байна. Уг ажлын хүрээнд иргэдийн малыг харилцан тохиролцож маллаж байгаа гэх “Туслах малчин” 76 иргэний гарын хээний дардас, гэрэл зургийг авч, судалгаанд хамруулсан ба Дорнод аймгийн 1, Эрдэнэт хотын 1, Завхан 1,Төв аймгийн харьяат 4, Дундговь аймгийн 1 туслах малчид байгааг тогтоон хяналт тавин ажиллаж байна.

Уг арга хэмжээг үр дүнтэй зохион явуулсны үр дүнд 2015 оны эхний 11 сард мал хулгайлах гэмт хэрэг 4 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 12 хэргээр буюу 75 хувиар буурсан, хэргийн илрүүлэлт 33,3 хувьтай байна.

Зам тээврийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр хэрхэн анхаарч ажилласан бэ?

Хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй зам тээврийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч хэлтсийн авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаар тээврийн хэрэгсэл шалгах ажиллагааг  эрчимжүүлсэн. Энэ ажлын хүрээнд 2015 оны эхний хагас жилийн байдлаар ЗХТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.5-аар 1701 иргэнийг 8.505,000 төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 иргэнийг саатуулан холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлсэн. Түүнчлэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах  таван гэмт хэргийг илрүүлэн ажилласан. Мөн Улаанбаатар хотын  цагдаагийн газрын  даргад хүсэлт тавьж, Замын цагдаагийн  газраас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Police reader зөөврийн шалгах  төхөөрөмж 2 ширхэг, зөөврийн хэвлэх багаж 2 ширхгийг хүлээн  авч, 2015 оны 07 дугаар сарын  06-ны өдрөөс  эхлүүлэн эргүүлийн чиглэлд  олгон ажиллуулж байна.  Тус багажаар Замын хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн нийт 434 жолоочийг бэлэн бусаар 16,915,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан. Тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 52 бүртгэгдсэнийг урьд оны мөн үетэй харьцуулахад 11 хэргээр буюу 17,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Дүүргийн байгууллага, аж ахуй нэгжүүдтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтарч ажилладаг байх. Яг ямар уялдаа холбоотой байдаг вэ?

Байгууллага аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах ажлыг эрчимжүүлж, тэдний дэмжлэг туслалцааг авч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн хэлтсийн жижүүрийн ахлах офицерууд шөнийн цагаар банк, ШТС, Сургууль, Цэцэрлэг, Худалдааны төв, Ломбард, Дэлгүүр зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын жижүүр, манаачтай утсаар холбогдож, санамж сэрэмжлүүлэг өгч, рапортод тусгаж, авто эргүүлийн алба хаагчдаар жижүүр, манаач нарыг биечлэн шалгуулж, хамтарч ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд нийт 42 аж ахуй нэгж байгууллагын 142 манаач, жижүүртэй холбогдож, санамж сэрэмжлүүлэг өгч ажилласан. Мөн дээрх байгууллагуудын дарга, захирлуудтай тасгийн дарга, ахлах алба хаагчид  уулзаж санал, хүсэлтийг авч шаардлагатай ажлыг зохион явуулж байна.

2016 онд хийж буй ажлуудаасаа товч дурдвал?

Энэ жил Ардын хувьсгалын 95, Цагдаагийн байгууллагын 95 жилийн түүхт ойнууд тохиож байгаа. Үүнээс гадна АСЕМ-ын  нэгдсэн чуулга уулзалт зохиогдохтой холбогдуулан Улаанбаатар хотынхоо тохижилт, цэцэрлэгжилтэд хувь нэмэр оруулах үүднээс манай хамт олон байгууллагынхаа гадна орчныг засаж тохижуулах,  мод, бут, цэцэг, зүлэг тарьж ургуулах зэрэг тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.    Уг ажлын хүрээнд  өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан хамт олны хүчээр гадна талбайд 6 ширхэг гацуур, 10 ширхэг хар мод, 90 ширхэг хайлаас нийт 106 ширхэг мод шинээр суулган тарьж, 200 м.кв газарт цэцэг, зүлэгний үр суулгаж, хэлтсийн хашааны автомашины хаалганы сууринд шинээр бетон цутгасан зэрэг бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Мөн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд алба хаагч бүрийн гэрээр биечлэн орж гэр бүлийн гишүүдийн санал хүсэлтийг сонсож орон байр, гэр ахуйн нөхцөл, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн талаар дэлгэрэнгүй судалгааг явуулж, цаашид хийх ажлуудаа төлөвлөн алба хаагчдад зуслангийн газар болон ажилчдын орон сууц барих газрыг шийдвэрлүүлэхээр холбогдох албан тушаалтануудад танилцуулга судалгаа, хүсэлтийг хүргүүлэн шийдвэрлүүлэхээр дүүргийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна.

Хан-Уул дүүрэг бусад дүүрэгтэй харьцуулахад цахим системийг илүү нэвтрүүлж чадсан. Танай хэлтсийн хувьд ухаалаг, дэвшилтэд буюу орчин үеийн системийг хэр ашиглаж байна вэ? 

Энэ оны хувьд ярихад “Канад” сангийн Орон нутгийн санаачилга (КСОНС) хөтөлбөрийн төслийн уралдаанд Цагдаагийн хэлтсүүдэд жишиг болохуйц “Байцаалт, ярилцлагын өрөө” байгуулах төслийг ЦЕГ-ын Судалгаа, дүн шинжилгээний төвтэй хамтран бичиж оролцсон. Манай цагдаагийн 2 дугаар хэлтэс, Төв аймгийн Цагдаагийн газар 2 шалгарч байцаалт, ярилцлагын өрөөтэй болсон.      Мөн Хариуцсан нутаг дэвсгэрийн Наадамчдын гудамжны зам дагуу байрлуулсан камеруудыг хэлтэс дээрээ давхар хянах тоног төхөөрөмж болон камерын хяналтын өрөөг тохижуулсан байгаа.

Мөн явган эргүүлийн алба хаагчдын үйл ажиллагаа аюулгүй байдлыг зайнаас хянах зорилгоор GPS  төхөөрөмжийн ажиллах зарчим болон үнийн судалгааг дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт танилцуулан 12 ширхэг GPS  төхөөрөмжийн үнэ болох 1 сая гаруй төсвийг шийдвэрлүүлэн төхөөрөмжийг авчруулахаар захиалга өгсөн.

Танай дүүрэг камержуулалтын ажлыг эрчимтэй хийж байгаа гэж сонссон?

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны 5 дугаар хэсгийн иргэдийн дунд “Камержуулалт“ хэлэлцүүлгийг зохион явуулж, уг хэсэгт оршин суудаг 98 айл өрх, аж ахуйн нэгжтэй хамтран ажилласны үр дүнд Нүхтийн 17, 18, 19, 20 дугаар гудамжинд нийт 9 ширхэг камер суурилуулсан. Камер байршуулсан газарт 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 1 сарын хугацаанд ямар нэгэн захиргааны зөрчил, гэмт хэрэг бүртгэгдээгүй. Цаашид дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хороодын бүх гудамжийг камержуулахаар төлөвлөн тодорхой ажлуудыг хийж байна.

 

Ярилцсанд баярлалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33857
0 эможи
keyboard_arrow_up