Газартай холбоотой 26 үйлчилгээг цахимаар авна

2016 оны 5 сарын 26

Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэх хуулийг 2002 онд баталж, 2003 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 2013 он хүртэлх хугацаанд 90 орчим мянган иргэн газар өмчилжээ. Тэдний 10 мянга орчим нь шинээр, үлдсэн нь хуучин газраа өмчилсөн байна. Харин 2013-2016 оны хооронд цахимаар газар өмчлүүлэх журмын дагуу эхний 52 байршилд 75 мянган иргэнд газар өмчлүүлжээ. Одоогоор 68 байршилд дэвсгэр зургаа гаргасан бөгөөд  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт гарахыг хүлээж байгаа аж. Мөн “Драгон төв дэх” “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д газартай холбоотой бүхий л мэдээллийг төвлөрүүлж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Цахим газар өмчлөлтэй холбоотойгоор газар өмчлөгчдийн тоо эрс өссөн. Энэ онд нийт хэчнээн иргэнд газар өмчлүүлэх вэ?
- Газар өмчлөлийг цахимжуулснаар үйлчилгээ авахад хялбар болж, газрын маргаан, санал гомдол 75 хувиар буурсан. 44 мянган иргэн зуслангийн газраа өмчлөхөөр санал ирүүлсэн ч ойн болон усны сав газар оршин суугаа иргэдийг хасаад 18 мянган орчим иргэнд өмчлүүлнэ. Зөрчлөө арилгаад явбал өмчлөх тоо нэмэгдэнэ. Хэрэгцээний газар өмчлөлтэй нийлээд энэ онд нийт 100 мянган иргэнд цахимаар газар өмчлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний “Драгон” төвийн нээлтийн үеэр зуслангийн газраа өмчлөх хүсэлт гаргасан эхний 100 иргэнд гэрчилгээг нь гардуулсан. Цаашдаа үргэлжлээд явна.
-“Драгон” төвийг газар эзэмших, өмчлөхтэй холбоотой бүхий л үйлчилгээг үзүүлдэг төвлөрсөн төв болгох талаар мэдээлэл гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Өмчийн болон газрын нэгдсэн үйлчилгээний төв байрлана. Эндээс газартай холбоотой 26 үйлчилгээг авах боломжтой. Газрын дуудлага худалдаа, газрын бирж, өмч хувьчлал, дуудлага худалдаа зэрэг үйл ажиллагааг нэгдсэн журмаар явуулна. Үүнээс гадна энэ онд хийж байгаа томоохон ажлын нэг нь газрын харилцаа, өмчлөлийн үйлчилгээг цахимжуулах “U-Las” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд газрын талаар бүхий л үйлчилгээг цахимжуулна. Тодруулбал, наадмаас өмнө газрын 26 үйлчилгээг цахимаар авдаг болно.
-Нийслэлд барилга барих болон зуслангийн газрын нөөц хэр байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд нийслэлийн газар нутгийг тэлэх бодлого баримталж байгаа. Энэ бодлогыг хэрэгжүүлэх үүднээс нийслэлийн 1.3 сая иргэнд өмчлүүлэх газрын хүрэлцээ, газар олгох судалгаа хийсэн. Хангалттай хүрэлцэнэ гэж үзэж байгаа. Төв аймгийн удирдлага холбогдох мэргэжилтнүүдтэй газрын асуудлаар ярилцаж Их хурлын хэмжээнд шийдвэрлэх байх. 2012 онд нийтийн эдэлбэр газрын судалгаа явуулахад 340 мянган га газар байсан. Газар эзэмших, өмчлөхтэй холбоотой зөрчлийг арилгаж эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 644 дүгээр захирамжаар 12969 аж ахуйн нэгж байгууллагын 14066 га талбайд судалгаа хийсэн. Тэгэхэд улсын чанартай авто замын газар эзэмшиж ашиглаж буй 1282 аж ахуйн нэгжийн 5586 га, СӨХ-ны талбайд давхардсан болон маргаантай байгаа 47 аж ахуйн нэгжийн 4.43 га газар, нийтйин эзэмшлийн зам талбайд газар эзэмшиж ашиглаж буй 132 иргэн, аж ахуйн нэгж 2.2 га газар, сургуулийн эзэмшлийн газраас шилжүүлж авсан 54 иргэн, аж ахуйн нэгжийн 7.41 га, Цэцэрлэгийн эзэмшлийн газрыг шилжүлж авсан 15 иргэн аж ахуйн нэгжийн 2.2 га газар, эмнэлгийн эзэмшлийн газраас шилжүүлж авсан 46 иргэн, аж ахуйн нэгжийн 9.72 га зэрэг зөрчил илэрсэн. Үүнээс 312 газрын эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон. Нэгэнт бүтээн байгуулчихсан зүйлийг нураана гэдэг боломжгүй. Тиймээс, Засаг даргын захирамжийн дагуу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газрыг баталгаажуулж, гэрээнд нь албан ёсоор тусгаж өгсөн. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлг нэмж барих, өргөтгөх үүднээс эдгээр байгууллагуудад судалгаа хийсэн. Энэ мэт зөрчил арилгах ажил эрчимтэй үргэлжилж байгаа. Өмнө нь сургууль, цэцэрлэгийн захирал удирдах албан тушаалтнууд нь байгууллагынхаа ойролцоо газрын зөвшөөрөл өгч олон хотхон, үйлчилгээний төв барьсан. Үүнийг 2013 оноос зогсоосон.
-Сургууль, цэцэрлэгийн орчныхоо газрыг ашиглах эрхийг хууль бусаар олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжгүй юм уу?
- Өмнө нь эрх зүйн хувьд тодорхойгүй байдалтай байсан. Нэгэнт иргэд, аж ахуйн нэгжид олгоод бүтээн байгуулалт хийсэн учраас бүгдийг нь нураалгах боломжгүй. Уг нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар газар олгоно гэсэн байдаг. Тэгж олгоогүй учраас дээр хэлсэн 68 тэрбум төгрөгийг нөхөж оруулж байгаа юм. Газрын эрх олгох, барилгын зөвшөөрөл олгох чиглэлээр таван журам, өмчийн чиглэлээр 12 журам батлуулсан. Үүний хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа.
-Газрын дуудлага худалдаанаас төсөвт хэр их мөнгө оруулсан бэ. Энэ онд хэчнээнийг оруулах вэ?
-Газар эзэмших эрхийг Газрын тухай хуулиар олгодог. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй олгосон газруудад дуудлага худалдааны анхны үнэ төлөвлөж 2012-2016 онд нийт 64.9 тэрбум,  газрын дуудлага худалдаанаас 3.5 тэрбум нийт 68.5 тэрбум төгрөг улсын төсөвт оруулсан. Зарим газар эзэмшигчтэй 30, 70-аар нь төлөх график гаргасан. Үүнээс хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2016-2019 онд 10.5 тэрбум төгрөг орох ёстой. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж олгосон газраас нэхэмжлэх хэлбэрээр дуудлага худалдааны анхны үнийг нөхүүлэн төлүүлэх замаар улсын төсөвт 80 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулна. Өмч хувьчлалаар улсын төсөвт 51.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Сонирхуулахад, 1990 оноос өмнө газрыг өмч гэж ойлгодоггүй байсан. Үүнээс хойш нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжид олгосон газрыг хууль дүрмийн дагуу дуудлага худалдаагаар олгосон бол 26 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжтой байсан гэдгийг Дэлхийн банк судалгаагаар гаргасан байдаг.
-Цахим газар өмчлөлөөр цөөнгүй иргэн газартай болсон. Шинээр газар өмчлүүлж байгаа хэсэгт дэд бүтцийн асуудал хэрхэн, хэзээнээс шийдвэрлэх вэ?
-Одоогоор 52 байршилд олгосон 75 мянган иргэний газрыг ерөнхий төлөвлөлтийн дагуу олгосон. Шинээр олгож буй байршлын дэд бүтцийг шийдвэрлэх хоёр хэлбэр байгаа. Нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийх. Хоёрдугаарт хувийн хэвшлийг түншлэлээр оруулж ойр, орчмын зам, дулааны шугам зэрэг дэд бүтцийн ажил хийлгэж ойролцоох ашигтай байрлалтай талбайг тухайн компанид олгоно. Ингэснээр тухайн компанид олгосон талбайг зарж борлуулах маягаар ашиг олох хэлбэрээр дэд бүтэцжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Үүнийг нийслэлийн ИТХ-аар оруулж баталгаажуулсан. Холбогдох шийдвэрүүд нь гарч байгаа. Ирэх сарын сүүлчээр дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33829
0 эможи
keyboard_arrow_up