Гэр хороолол дунд хоёр дахь зайсан байгуулж байна

2016 оны 5 сарын 25

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хорооны гэр хорооллын дунд “Дарь-Эх цогцолбор” гэх амралт зугаалгын газартай болж, тэр хавийн оршин суугчдаас гадна нийслэлийнхэн тийш очиж чөлөөт цагаа өнгөрүүлдэг болж байгаа талаарх таатай мэдээлэл байна. Тиймээс үүнийг “Олны үг ортой эсэхийг шалгалаа” буландаа онцолж байна.

“Дарь-Эх” цогцолборыг Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутагт иргэд Суваргатай уул хэмээн нэрлэж заншсан толгод дээр байгуулсан бөгөөд эргэн тойрны 20 га газрыг бүрэн цэцэрлэгжүүлж, дугуйн зам, явган зам, гүйлтийн зам бүхий томоохон талбайг тохижуулахаар төлөвлөн ажиллаж буй юм байна. Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа юм билээ.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд иж бүрэн цогцолбор маягаар хийж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн жилийн есдүгээр сард эхний ээлжийн ажлыг хийж дуусгасан нь зураг дээрх байдлаас харагдаж байна. Харин энэ жилийн ажил саяханаас эхэлж, явган хүний зам тавих ажил эхэлсэн байхтай бид таарлаа. Хэдийгээр бүрэн ашиглалтад ороогүй, дөнгөж хоёрдугаар ээлжийн ажил эхлээд буй хэдий ч Дарь-Эх цогцолборын оройд гарч, хотын өнгө үзэмжийг тольдон харахаар зорьж буй нийслэлчүүдийн хөл тасрахгүй байгаа гэдгийг тус хорооны засаг дарга Л. Батдэлгэр ярьж байна.

 

-ӨМНӨ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЙЛУУД БУУСАН, ХОГИЙН ЦЭГ БАЙСАН-

-Өмнө нь энэ газар хогийн цэг байсан гэж үнэн үү?

-Өмнө нь Дарь-Эх цогцолборын энэ бүсэд 20 орчим айл зөвшөөрөлгүй буучихсан, дээрээс нь Цагаан давааны хог нэртэй хогийн цэг байсан. Төсөл маань нийт гурван жилийн хугацаанд явагдана.Өнгөрсөн онд Дарь-Эх цогцолбор хүртэлх замыг янзалж тэгшлэх, бурхан багшийн суурийг хийх зэрэг төслийн 20 орчим хувь  л  хийгдсэн.Гурван жилийн дараа буюу 2018 онд бүрэн хэмжээний соёл амралтын хүрээлэн болно. Хамгийн гол нь ажлын байр нэмэгдүүлсэн, нэлээд олон талын бодлого тусгагдсан бүтээн байгуулалт болох юм. Энэ жилийн бүтээн байгуулалтынх нь ажил өнгөрсөн бямба гаригт явган хүний зам тавих ажлаар эхэллээ. Энэ жилийн хувьд Дарь-Эх цогцолбор хүртэлх сайжруулсан шороон замыг цементелж, засмал зам болгох ажил хийж дуусгана. Дээрээс нь Мандал талбайн ажлууд хийгдэнэ.

-Оршин суугчид, иргэдийн санал хүсэлт ямархуу байгаа юм бол?

-Мэдээж энэ бол маш том бүтээн байгуулалт.Тийм учраас энэ ажлыг эхлүүлж байх үед иргэдийн зүгээс худлаа шоудаж байна гэх маягаар хандаж байсан. Одоо бол хийгдээд эхэлчихсэн учраас маш ам сайтай байцгаах болсон. Энэ бүтээн байгуулалтыг дагаад газрын үнэлгээ нь ч өсөөд эхэлсэн. Хамгийн гол нь бидний хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг иргэд хэрхэн дэмжиж байгааг илэрхийлэх нэг гол зүйл бол иргэд өөрсдийн өмчлөлийн газраас 2-3 метрийг, зарим нь дөрвөн метрийг дотогш хумиж, явган зам болон үндсэн авто машины замын зорчих хэсгийн талбайг гаргаж, чөлөөлж өгсөн.

-УЛААНБААТАРЫН ОРОН СУУЦ БОЛОН ГЭР ХОРООЛЛЫН БАЙДАЛ ЯЛГАРЧ ХАРАГДДАГ-

-Оршин суугчдаас гадна нийслэлчүүд хэр их зорьж ирж байна вэ?

-Өнгөрсөн бямба гаригт Дарь-Эх цогцолбор дээр нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр гэхэд л 250 орчим хүн ирлээ. Төрийн байгууллагууд оффис дээрээ нээлттэй ажилладаг байдлыг бид халаад бүтээн байгууллатын ажлуудыг танилцуулах зорилгоор тэнд ажилласан. Өдөрлөгийн үеэр цогцолбор дээр гарч үзээгүй иргэд маш их ирсэн байсан. Ийм гоё газартай болчихсон юм уу гээд баярлаж хөөрөх хүмүүс олон байна лээ.Сонсох нэг өөр. Өөрийнхөө нүдээр харж, мэдрэх шал өөр л дөө. Мөн жуулчид маш их ирж бичлэг хийгээд, зураг авалт хийгдэж байна. Хамгийн гол нь Дарь-Эх цогцолбор дээрээс харахад Улаанбаатар хотын байшин хороолол, гэр хороолол алган дээр тавьсан юм шиг ялгарч, ялгаатай харагдаж байдаг. Иргэд чөлөөт цагаараа тэнд гарч салхилаад хэвшиж байна.

-Үнэхээр эргэн тойрондоо мод буттай, ногоон байгууламжтай болно гэдэгт итгэж болох уу?

-Энэ бүтээн байгууллалт бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг бие даасан статустай байгууллага болно. Мод бут, сөөг, ногоон байгууламжтай болох ажлуудад иргэдийг татан оролцуулахаар төлөвлөж ажиллаж байна. Тухайлбал тэр гэр бүлийн тарьсан төгөл гэдэг ч юм уу тэр хүний тарьсан мод гэдэг ч юм уу ийм байдлаар бүтээн байгуулалтад иргэдийн хувь нэмрийг оруулах ажил хийгдэнэ. Мэдээж мэргэжлийн хүний зөвлөгөө, зуграг төслийн  дагуу энэ ажил хийгдэнэ. Арчилгааны асуудлын хувьд мэргэжлийн байгууллага нь хариуцаад явчихна. Тэгэхээр тарьсан мод, ногоон байгууламждаа санаа зовох хэрэггүй болно.

-Нэршлийн хувьд хүмүүс “Зайсан-2” гэж ярьдаг болсон гэв үү?

-Хүмүүс “Зайсан-2” гээд яриад сурчихлаа. Хүн төрсөн аймаг, сум, өөрийнхөө нэрийг солиод байдаггүй шүү дээ. Түүнтэй адил энэ бүтээн байгуулалт маань Дарь-Эх цогцолбор гэсэн нутгийн нэршлээр нэрлэгдсэн болохоор энэ нэрээр нь олон нийтэд таниулах зайлшгүй шаардлага байгаа юм. Тодорхой мэдээлэл аваагүй хүмүүс бол Дарь-Эхийн тэр хавьд “Зайсан-2” бүтээн байгуулж байна гэж ярьж явах нь их байгаа. Нутаг усныхаа нэршлээр дуудагдаж байгаа ёстой, бүтээн байгуулалтын хамгийн гол зүйл нь алдагдах гээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33770
0 эможи
keyboard_arrow_up