УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авав

2016 оны 5 сарын 21

Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн /2016.05.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн

 

Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав нар танилцуулав.

Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Ажилтай, орлоготой Монгол хүн” зорилтыг биелүүлэхийн тулд бизнесийг дэмжсэн татварын хоёрдох үе шатны шинэчлэлийг хийхээр заасан байдаг. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдөр ашиглагдаж буй 1600 гаруй том, дунд, жижиг оврын автобусны насжилт 10-20 жил, гүйлт 600.0 мянган км-ээс дээш байгаа нь нийтийн тээврийн үйлчилгээний салбарын тулгамдсан гол асуудал болсон. Парк шинэчлэх зорилгоор 2016-2020 онуудад нийтийн тээврийн том, дунд оврын автобус гадаадаас худалдан авахад Монгол Улсад 400.0 сая ам.долларын төсөв шаардагдана. Энэ эрэлтийн 20 хувийг дотоодоос хангах, жилд евро стандартын 120 автобусны угсралт үйлдвэрлэлийн ажлыг гүйцэтгэхээр үндэсний компаниуд 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 5340 м.кв үйлдвэрлэлийн талбайд угсралтын 56 дамжлага бүхий үйлдвэр байгуулж байна. Хууль хэрэгжих 4 жилийн хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 7.6 тэрбум төгрөгийн чөлөөлөлтийг үзүүлэхэд Евро-4 хөдөлгүүртэй, порталь тэнхлэг бүхий 480 ширхэг автобусны угсралт үйлдвэрлэлээс Монгол улсад 20,3 тэрбум төгрөгийн нэмүү өртөг, мөн 220 хүний ажлын тогтвортой байр бий болох тооцоо гарч байна. Ачааны автомашин, нийтийн тээвэр, тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнийг угсарч үйлдвэрлэхэд шаардлагатай эд ангиудын тодорхой хэсгийг дотоодын нийлүүлэгчдээс авах боломжтой бөгөөд бусад эд ангиудыг импортлон авах шаардлага бий болсон нөхцөлд тухайн эд ангиудыг хагас иж бүрдэл хэлбэрээр багцлахыг хагас иж бүрдэл гэж ойлгоно. Хагас иж бүрдэл хэлбэрийн нөхцөлтэйгээр автомашин, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн машин, механизмыг Монгол Улсад угсрах үйлдвэрлэлд татварын таатай орчныг бий болгосноор энэ салбарт хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэн угсрах үйлдвэрүүд бий болох төдийгүй ажлын байрны тоо нэмэгдэж, хөгжингүй орнуудын технологийг Монгол Улсад нутагшуулах боломж бүрдэх юм. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн бизнесийг дэмжсэн татварын хоёрдох үе шатны шинэчлэлийг хийх зорилтыг хэрэгжүүлсэн ажил болох юм.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг  хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг 64.8 хувиар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авав

Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав нар танилцуулав.

Хуулийн төсөл санаачлагч Өрийн удирдлагын тухай хуульд тусгагдсан “өр” гэдэг ойлголтыг “өглөг” гэж, “өрийн баталгаа” гэснийг “зээлийн баталгаа” гэж мэргэжлийн нэр томьёог ашигласнаар Засгийн газрын өглөгийн удирдлагыг мэргэжлийн, зөв зохистой, хариуцлагатай байдлаар эрхлэх нөхцөл бүрдэж, Монгол улсын бүтээн байгуулалтыг тогтмол, сайн нөхцөлтэй хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр хангах боломжтой гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан байна.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй бөгөөд энэ асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар цөөнх болсон байна.

Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт энэ асуудлаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авч байгааг дуулгаснаар өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33602
0 эможи
keyboard_arrow_up