С.БААСАНДОЛГОР: Тариаланчдын зөвлөгөөнийг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна

2016 оны 5 сарын 05

Хан-Уул дүүргийн Засаг даргын Байгаль орчин, ХАА, дэд бүтэц, хот нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч С.Баасандолгортой тус дүүргийн мал аж ахуй, фермер, тариалан эрхлэгчидтэйгээ хэрхэн уялдаа холбоотой хамтарч ажилладаг талаар цөөн хором ярилцлаа

 

Танай дүүргийн 3 хороог эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйн бүс болгон баталсан байдаг. Танай дүүргийн хувьд хичнээн малчин өрхтэй вэ?

Манай Хан-Уул дүүргийн захын 3 хороо буюу 12, 13, 14 дүгээр хороодыг эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйн  бүс нутаг болгон шийдвэрлэсэн. Энэ дагуу бусад хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлж байсан айл өрхүүдээ мал бүхий бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ малтай иргэдийн А дансыг үндэслэн газар олголтын ажлыг дүүргийн Засаг даргын захирамжаар зохион байгуулсан. Дүүргийн хэмжээнд 816 малтай өрх байгаагаас 26.4 хувийг 16-34 насны залуу малчид,64.8 хувийг 35-аас дээш болон тэтгэврийн насны иргэд  тус тус эзэлж байна.

Хан-Уул дүүрэг малчдадаа чиглэсэн ямар хөнгөлөлт урамшуулалыг үзүүлж байна вэ? Малчид руу чиглэсэн ажлуудыг хэр зохион байгуулдаг вэ

Энэ жил өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс болон Нийслэлийн мал хамгаалах сангийн дэмжлэгээр малчин иргэдэд 30 хувийн хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл, хүчит тэжээл гэх мэт нийт 6 төрлийн тэжээлийг олгосон. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газраас болон дүүргийн онцгой байдлын хэлтсээс үнэ төлбөргүй өвс тэжээл малчдад олгосон. Дүүргийн зүгээс Биокомбинат буюу 12 дугаар хороонд малчдад зориулж зөвхөн мал услах зориулалттай худаг гаргаж өгсөн. Мөн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих болон бусад зээл тусламжид малчдаа хамруулах үйл ажиллагааг манайх тогтмол зохион байгуулдаг. Техник тоног төхөөрөмж, өөрийнхөө аж ахуйн нэгжийн бааз суурийг нэмэгдүүлэхэд чиглэсэн том том хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Малчдын саналын дагуу дүүргийн 4 дүгээр хорооны Туул кондоминиун хороололд “Фермерүүдийн зах” ашиглалтанд орох гэж байна. Мөн саяхан манай дүүрэг малчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан.

Тус зөвлөгөөнөөр ямар асуудлуудыг түлхүү ярилцсан бэ. Зөвлөгөөний талаар тодруулбал?

Зөвлөгөөний үеэр мал бүхий бүсэд карьерын аж ахуйн эрх их хэмжээгээр олгосны улмаас бэлчээр хомсдох, ус бохирдох, тоосжилт ихсэж асуудлууд үүсч байна гэсэн санал гомдолууд гарсан. Үүний дагуу эрчимжсэн МАА-н бүсэд карьерын эрх олгох асуудлыг дээд шатны байгууллагууд анхаарч, тоог нь хязгаарлах хэрэгтэй байна. Цаашдаа Нийслэлийн хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангах, сүү цагаан идээ, мах өндөгөөр хангах, үйлдвэрлэл явуулах орчин нөхцөл муудаж байна гэдгийг иргэд сануулж хэлж байсан.

Энэ үеэр төрөөс малчдад үзүүлж байгаа бодлого болон Нийслэлийн мал аж ахуйн эрчимжсэн МАА-н хэлтсийн мэргэжилтнүүд ирж мэдээлэл өгсөн. Малчны зээл, эрүүл мэндийн даатгалд хамрагдахын ач холбогдолын талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн. Манай дүүрэгт 3 мал эмнэлэг байдаг. Мал эмнэлгүүд маань өнгөрсөн 3 жил хийсэн ажлуудаа иргэддээ тайлагнаж, ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан.

Тариаланчдад зориулсан арга хэмжээг хэр зохион байгуулдаг вэ? Жил бүрийн намар танай дүүрэг “Ургацын баяр” хийдэг санагдаж байна?

Тариаланчдаа дэмжих зорилгоор “Дэлхийн зөн”, “Адра” зэрэг олон улсын байгууллагууд дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран “Ажилчны алдар” талбайд 2 сарын хугацаанд шинэ ургацын ногоонуудаа зарах боломжийг олгодог.

Одоо удахгүй 05 дугаар сарын 05-нд Тариаланчдын зөвлөгөөнийг хийхээр төлөвлөж байна. Зөвлөгөөнөөр үр үрсэлгээ, тариалангийн чиглэлийн тоног төхөөрөмж нийлүүлдэг, энэ чиглэлээр сургалт судалгаа явуулдаг бүхий л ААН, компаниудыг оролцуулж зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн энэ үеэр үзэсгэлэн худалдаа гарах учраас сүүлийн үеийн бага оврын дэвшилтэд тоног төхөөрөмж, сүүлийн үеийн шинэ сортын чанартай үр, мод зэргийг худалдана. Түүнчлэн манай дүүрэг БНСАУ-ын Хаман сумтай хамтын ажиллагааны гэрээтэй байдаг. Гэрээний дагуу оны өмнө 12 сарын 8-29-ний хооронд фермерийн аж ахуй эрхлэгч 10 иргэнийг БНСАУ-ын Хаман суманд үнэ төлбөргүй сургалтанд хамруулсан. Сургалтанд хамрагдсан иргэд маш их сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэ жил хүлэмжийн аж ахуйдаа цэцэг үрслүүлж дүүргийн гадна талбайг цэцэгжүүлэлт хийж өгөхөөр болсон. Энэ мэт бие биенээ дэмжээд амжилттай ажиллаж байна

Төвийн бүсийн иргэд хорооноосоо эсвэл цахимаар дүүрэгт болж буй мэдээ мэдээлэл, төрийн үйлчилгээг маш түргэн шуурхай авдаг болсон. Тэгвэл малчин айл өрхүүдэд мэдээллээ хэрхэн хүргэдэг вэ?

Манайх алслагдсан 3 хорооны иргэддээ очиж үйлчилгээ үзүүлж, мэдээлэл өгдөг. Сар бүр мал эмнэлэг, өрхийн эмнэлэг, хорооны мэргэжилтнүүд очиж үйлчилгээ үзүүлж, мэдээлэл өгч хэвшсэн байгаа. Тиймээс цаг алдалгүй мэдээ мэдээлэл болон төрийн үйлчилгээг нэг дор авч чаддаг.

Ярилцсанд баярлалаа.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32679
0 эможи
keyboard_arrow_up