Ч.Болормаа: 160 хүний мэргэжлийн сургалтанд хамрагдуулаж 2030 он хүртэл ажлын байраар хангана

2016 оны 4 сарын 28

Чингэлтэй дүүргийн дахин төлөвлөлтөнд орсон хороонуудын нэг болох  10 дугаар хороонд  хийгдэж байгаа бүтээн байгуулалт, амжилттай хэрэгжүүлсэн ажлуудын талаар тус хорооны Засаг дарга Ч.Болормаатай цөөн хором ярилцлаа. 

 

Сайн байна уу? Юуны түрүүнд та манай уншигчдад хорооныхоо талаар товч танилцуулаач?

Манай хорооны хувьд дүүргийн 19 хороодоос гол байршилд байрладаг. Нийтдээ 2200 гаруй өрхтэй. Байнгын болон түр оршин суугчид нийлээд 11000 гаруй хүн амтай. Баруун талаараа дүүргийн 9 дүгээр хороо, хойд талаараа Хүчит шонхор зах, 7 дугаар хороо, зүүн талаараа 11 дүгээр хороо, урд талаараа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороогоор хиллэдэг, нийт 93 метр  га газар нутагтай.

Хороонд төрийн үйлчилгээний 5 албан хаагч, гэрээт 13 хэсгийн ахлагч нар иргэдэд төрийн үйлчилгээг хөрвөх чадвартайгаар үзүүлж байна.

Хөрвөх чадвартайгаар ажиллаж байна гэдгийг тодруулбал?

Манайх гэр хороолол учир иргэдийн ихэнх нь хороонд ирж мэдээлэл, үйлчилгээ авдаг. Тиймээс  албан хаагчид маань хөрвөх чадвартайгаар ажиллаж байна. Тодруулбал, зохион байгуулагчийн өгөх мэдээллийг нийгмийн ажилтан,  бүртгэлийн мэргэжилтний  өгөх мэдээллийг зохион байгуулагч өгөх хэлбэрээр ачааллыг тэнцвэржүүлж иргэдэд түргэн шуурхай, цаг тухайд нь мэдээлэл зөвлөгөө, тусламж үзүүлэн ажиллаж байна.

Хорооноос хийгдэж буй ажил иргэдийн оролцоо хэр байна вэ?

Манай хорооны хувьд одоо иргэдийн оролцоо сайжирсан. Өмнө хүндрэлтэй бэрхшээлтэй ажлууд нэлээдгүй байсан. Хамгийн гол нь иргэдийн санал бодлыг чухалчилан ажлаа хийж байгаа учир иргэдийн оролцоо нэмэгдсэн гэж бодож байна.  Энэ бүхний үр дүнд хороо маань Нийслэлийн шилдэг хорооны нэг болсон.

Мөн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс гудамж талбай, тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад иргэдийн бүлгийг түлхүү оролцуулж байна.

Танай хорооны дахин төлөвлөлтийн ажилд иргэдийн сэтгэл ханамж хэр байна. Ажил ямар түвшинд явагдаж байна вэ?

Манай хороонд дахин төлөвлөлтийн ажил хийгдээд явж байна. Иргэдийн хувьд мэдээж дахин төлөвлөлтийн ажлыг нааштай хүлээн авч дэмжсэн.  Дахин төлөвлөлтийн ажлыг “Бармон” ХХК, “Эрэл групп” ХХК-иуд хийж гүйцэтгэж байна. “Бармон” компанийн хувьд дахин төлөвлөлтийн ажлаа эхлүүлсэн.  Бетон суурь цутгалтын ажил явагдаж байна. Энэ ажилтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт иргэд хуралдаж, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй компаниудад ажлын байрыг нэмэгдүүлье гэсэн санал санаачлага, шийдвэр гаргаад 160 хүний мэргэжлийн сургалтанд хамрагдуулаж 2030 он хүртэл ажлын байраар хангах зорилт тавин ажиллаж байна.

Хороонд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ямар томоохон ажлууд байна вэ?

Орон нутгийн хөгжлийн сангаас мөнгөөр хүүхдийн орчинд хөрөнгө оруулалт хийсэн. Энэ ажлын хүрээнд  39 дүгээр сургуулийн урд талд цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын  талбай байгуулах ажлыг  167.7 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Дахин төлөвлөлтийн дараагаар зөөж байршуулах боломжтой учир гэрэлтүүлгийн ажлыг хийсэн.

Мөн 2016 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр цэцэрлэгийн нэмэлт бүлгийг нэмэгдүүлэх, хамрагдах байдлыг сайжруулах  тал дээр анхааран ажиллана. Үүнийг дагаад өрх орлоготой нэмэгдэж, ээжүүд ажилтай болно.

Цэцэрлэгийн нэмэлт бүлгийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа юм байна.  Хорооны хувьд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хэр байна вэ?

Манай хорооны хувьд 124 дүгээр цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс гадна 31 дүгээр цэцэрлэгт тодорхой хэмжээгээр хүүхдүүдийг давхар хамруулахаар тодорхой хэмжээний зохицуулалт хийгдсэн. Одоогийн байдлаар хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 40 хувь нь СӨБ-д хамрагдсан байгаа учраас энэ орон тоог нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна.

Энэ ажлын хүрээнд цэцэрлэгийн өргөтгөл болох 120 хүүхдийн хоёр бүлэг зураг төслийн түвшинд явагдаж байна.  Сургуулийн хүрэлцээний хувьд харьцангуй гайгүй байгаа.

Иргэдэд мэдээлэл өгөх ажлыг хэрхэн зохион байгуулдаг вэ?

Иргэд мэдээлэл  хүргэх гэдэг нь хамгийн чухал. Иргэд хэсгийн ахлагч нараас болон хороо, аж ахуй нэгжүүдээр дамжуулан мэдээлэл авдаг. Мөн утсаар 4 оператор мэдээлэл өгч ажиллаж байна. Энэ нь утаснаас иргэд ямар нэг тарифгүйгээр тусламж, зөвлөгөө, мэдээлэл авдаг байгаа.

Хорооны хувьд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

Одоо хороо нь дээр 2 газрын асуудал байна. Дэнжийн 1000-ын 40, 42 дугаар гудамжны зөвшөөрлөгүй буусан айлуудын орц гарцын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Учир нь галын машин, түргэн тусламжийн, цагдаагийн машин орж гарахад маш их хүндрэлтэй байдаг. Мөн хорооны нутаг дэвсгэрт байршиж байгаа төрийн байгууллагуудын эзэмшлийн газруудыг тодорхой батлагаажуулах ажлуудыг хийнэ.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32364
0 эможи
keyboard_arrow_up