Ч.Уранчимэг: Манай хүүхдүүд сурлага, урлаг, спортод онцгой авьяастай
2016 оны 4 сарын 28
Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн ажлууд хот, хөдөөгийн сургуулиудад амжилттай хэрэгжиж байна. Тиймээс энэ удаа бид Биокомбинатын сургуулийг зорьж, сайн туршлагыг нь хуваалцсан юм. Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирал Ч.Уранчимэгтэй ярилцсанаа хүргэе.
- Үндэсний хэмжээнд бага боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн энэ жилээс суурь боловсролын шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Танай сургууль дээр шинэчлэлийн ажлууд хийж байна уу?
-Боловсролын салбарт хийгдэж байгаа чанарын шинэчлэлийн хүрээнд бид олон ажил хийж байна. Бага, дунд боловсролын цөм хөтөлбөр хэрэгжээд, энэ хичээлийн жилд туршилтаа хийгээд дуусч байна. Мөн “Авъяас”, “Ном” хөтөлбөр болон багшийн хөгжлийн хөтөлбөрүүд 2-3 дахь жилдээ үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд сургууль тус бүр өөрийн гэсэн онцлог, хүүхдүүдийнхээ хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлын дагуу төлөвлөсөн ажлуудаа хийж байна.
Манай сургуулийн хувьд хэд хэдэн ажлуудыг санаачлан хийж, хэрэгжүүлээд сайн хичээл туршлагын санд багтааж яваа сургуулиудын нэг. Жишээ нь бид, бага боловсролын цөм хөтөлбөр 2014-2015 оны хичээлийн жилд хэрэгжсэн тэр үеэс эхлэн эцэг, эхчүүдэд цөм хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, тодорхой ойлголтуудыг өгсөн. Цөм хөтөлбөрийн ач холбогдол нь юу болох, энэ хөтөлбөрийн үр дүнд багш, хүүхэд хоёр яаж хөгжих ёстой талаар сургалт явуулсан. Үүнээс улбаалан багшийн харилцаа, хандлагыг өөрчлөх, багшийг хөгжүүлэх тал дээр багагүй ажил хийсэн.
Мөн энэ хичээлийн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилго, зорилт, хичээлийн жилийн төлөвлөлтийг хийхдээ багш, эцэг, эхчүүд, сурагчдын санал, санаачлага дээр үндэслэж, тэдний оролцоог өмнөхөөсөө нэмэгдүүлсэн байдлаар хийсэн нь үр дүнгээ өгсөн. Бага болон суурь боловсролын цөм хөтөлбөр хэрэгжсэн энэ хоёр жилд бид зорилго, зорилтоо яг энэ аргаараа тодорхойлсон. Тиймээс хүн бүр зорилго, зорилтоо мэддэг. Хүн бүр түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээн ажилладаг болсон.
-Шинэ хичээлийн жилийнхээ зорилго, зорилтыг өмнө нь яаж тодорхойлдог байв?
-Өмнө нь ажлын хэсэг томилоод, зорилго, зорилтоо тодорхойлоод, төлөвлөгөөгөө гаргаад явдаг байсан. Харин боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг арай өөр өнцгөөс, өргөн дэлгэр байдлаар харж хийсэн болохоор биелэлтийнхээ хувьд ч онцлог ялгаатай болсон.
-Шинэчлэлийн ажлын гол зорилго бол багш, хүүхэд хоёрыг хөгжүүлэх. Танай сургууль хотын захын сургууль учраас ачаалал харьцангүй бага байх. Багш нар хэр хөгжиж байна. Багшийн заах арга зүй, сургалтын чанар сайжирч байна уу?
-Өмнө нь багш заах ёстой хичээлээ заагаад гардаг байсан. Мөн бичиг цаасны ажилд нэлээд дарагддаг байсан. Харин одоо багш тухайн хичээлд өөрийгөө маш сайн бэлтгэдэг болсон. Бэлтгэлээ сайн хангасан учраас тухайн хичээл дээр хүүхдүүдийнхээ оролцоог нэмэгдүүлж, хичээлд татан оролцуулдаг болсон. Өөрөөр хэлбэл, багш 60-70 хувьтай хөгжсөн бол хүүхэд ч мөн адил хөгжих жишээтэй. Иймэрхүү байдлаар хичээлүүдийнхээ хандлагыг өөрчлөх тал дээр ахиц гарсан. Үүнтэй уялдуулан багшийн заах арга зүй, технологи бас өөрчлөгдөж байна. Санаачлаад хийж байгаа ажил ч цөөнгүй байна.
Өмнө нь заах аргын нэгдлээрээ хамтраад ажилладаг байсан бол энэ хоёр жилд судлагдахууны багаараа хамтран ажилладаг болсон. Судлагдахууны баг гэдэг нь бага, дундын багш нар нийлж, нэг баг болоод ажиллаж байгаа юм. Бага, дунд хоёр ангийн монгол хэл, математикийн багш нар баг болж ажиллахаар анги хооронд онолын зөрүү гарахгүй байна. Мөн сургалтын хөтөлбөрөө хамтарч боловсруулснаар заах арга зүй, онолын ялгаа бага гардаг юм байна. Туршлага, мэдлэгээ солилцоод багш нар ч бас хөгжихөд үр дүнгээ өгч байна.
-Хот, хөдөөгийн сургуулиуд хүүхдийг хөгжүүлэх үүднээс урлаг, спортын дугуйлан их хичээллүүлдэг болсон. Танай сургуулийн төгсөгчид дунд урлаг, спортын алдартнууд ч цөөнгүй байдаг. “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд бусад сургуулиас ялгарах ямар ажлууд хийж байгаагаа сонирхуулаач?
-Бид хүүхэд нэг бүрийг хичээлээр нь ч, авъяасаар нь ч хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд дуут жагсаалыг зургаа дахь жилдээ зохион байгууллаа. Энэ дуут жагсаалд бүх хүүхдийг хамруулдаг. Хүүхэд бүр оролцдог, хүүхэд бүрийг хөгжүүлдэг томоохон ажил болсон. Намар болгон зохион байгуулдаг энэ жагсаалд хүүхдүүд оролцох их дуртай. Манай сургууль Биокомбинатад байдаг учраас Сонгины арын талбай, Туул голын бургастай хэсэг газар өнгө өнгийн хувцас өмссөн хүүхдүүдээр дүүрээд, цэцэгс шиг их гоё харагддаг. Дүүрэг, хорооны иргэд ч их ирж үздэг.
Багахан сумын наадам шиг болдог. Хүүхдүүд маань ангиа ангиараа өрсөлдөнө, хөдөлгөөн бүрээрээ ялгарах гээд багш, хүүхэд хоёр багагүй хичээл зүтгэл гаргаж ажилладаг. Урлагийн тэмцээн наадам болоход дуулж чаддаг нь ордог, чаддаггүй нь ард нь үлддэг байсан бол дуут жагсаалд хүүхэд бүр оролцож, өөрийгөө хөгжүүлдэг. Мөн гуравдугаар ангидаа бид бишгүүрийн дугуйлан хичээлүүлдэг. Хичээлээр бас давхар ордог. Энэ дугуйланг манай Өлзийбадрах багш 2-3 дахь жилдээ амжилттай, сайн хичээллүүлж байна. Саяхан болсон бишгүүрийн улсын уралдаанд бид гуравдугаар байр эзэлсэн. Мөн хүүхэд бүр энэ хөгжмийг сонирхож, сурахыг хүсдэг.
Спортын төрөлд хөл бөмбөг, софт теннисээр хүүхдүүдээ хичээллүүлж байна. Болд, Биндэръяа багшийн дугуйлангийн хүүхдүүд “Дуулиан-2020” хөл бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцдог. Хөл бөмбөг болон софт теннисийн төрлөөр бид багаараа улсад эхний гуравт эрэмбэлэгддэг. Хөл бөмбөгийн спортыг амжилттай хөгжүүлж яваа гээд зургаан удаа тэргүүний сургуулиар шалгарсан. Хүүхдүүд маань одоо тив, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд амжилттай оролцоод, эх орныхоо нэрийг дуурсгаад явж байна. Манай хүүхдүүд сурлагадаа ч урлаг, спортод ч онцгой авьяастай.
-Хүүхдүүдийг ном уншуулахын тулд сонирхолтой арга сэдсэн гэж сонссон. Цахим ном бүтээсэн туршлагаасаа хуваалцаач?
-Хүүхдүүд ном уншихгүй байна. Цахим ертөнцөд цагаа их зарцуулж байна гэдэг. Үүнийг нь бид ашигтайгаар эргүүлж, “Ном” хөтөлбөрийн хүрээнд Азийн сантай хамтраад цахим таблет ашиглаад хичээлийн хөтөлбөрт байгаа номууд болон англи хэлээр бичигдсэн богино өгүүллэг, үлгэр, тууж уншуулж, уран зохиолын хичээлээ явуулдаг болсон. Энэ ажил маань хүүхдүүдэд их үр дүнгээ өгч байгаа. Ер нь манай сургууль дээр цахим сургалтын орчин бүрдсэн.
Бага, дунд багшийн хөгжлийн төв байдаг. Багш бүр интернэт, компьютерийн орчинд ажиллаж байна. Энэ мэтчилэн бид сурах, суралцах орчноо сайжруулаад, Нисэх, Био-гийн бүсээрээ хамтарч ажилладаг болсон. Ганцхан багш гэлтгүй захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан гээд бүгдээрээ хамтарч ажилладаг, сайн туршлагаа хуваалцдаг болсон.
-Биогийн хүүхдүүд балгасанд хичээллэж байна гээд нэг хэсэг их шуугисан. Хүүхдүүдийн сурах орчин хэр байна. Шинэ сургууль барих ажил тодорхой шийдэлд хүрсэн үү?
-Сургуулийн халаалт, дулаан маш сайн. Хэдийгээр манай сургууль актлагдсан ч гэсэн доторх орчин маш цэвэр цэмцгэр. Сургуулийн барилга маань 1963 онд баригдсан. 2010 оноос ашиглалтын хугацаа дууссан гэж акт гарсан. Хүүхдүүд маань үүнийг мэддэг учраас гүйж, харайх нь хүртэл бага байдаг. Одоогоор шинэ сургуулийн барилгын асуудал тодорхой шийдэлд хүрсэн зүйл алга байна.
-Удахгүй 70 жилийнхээ ойгоо угтах гэж байгаа гэсэн. Олон бүтээлч ажилтай ойгоо угтаж байгаа байх?
-Манай сургууль 1946 онд байгуулагдсан. Энэ жил сургууль үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Ирэх сарын 5,6-нд баярын хурлаа хийнэ. Сургуулийнхаа ойд зориулж бид 70 жилийнхээ түүхийг багтаасан ном, баримтат кино хийж бүтээлээ. Сургуулийнхаа сүлд дууны клифийг хийлгэсэн.
Үе үеийн төгсөгчид, багш удирдах ажилтнуудаа хүлээн авч уулзсан. Манай сургуулийн төгсөгчид дунд төрөлх сургуулийнхаа нэр алдрыг цуурайтуулсан алдар, цуутай хүмүүс, олны танил эрхмүүд олон бий. Тухайлбал, ТВ караоке тэмцээний хөтлөгч Ё.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх гуай, дуучин Н.Мөнгөншагай, жүжигчин А.Алтанхуяг, Н.Алтанцоож гээд үе үеийн төгсөгчид, олны танил хүмүүс хүрэлцэн ирсэн. Сургуулийнхаа түүхт 70 жилийнхээ ойн баярын мэндийг үе үеийн төгсөгчдөдөө хүргэе.
Б.Энхтуул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
32339
0 эможи