Б.Цогзолмаа: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдээ хамруулж ажиллаж байна

2016 оны 4 сарын 21

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны засаг дарга Б.Цогзолмаатай тус  хороонд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын  талаар  цөөн хором ярилцсанаа хүргэж байна.­

 

Сайн байна уу? Юуны түрүүнд та манай уншигчдад хорооныхоо талаар товч танилцуулаач?

Сайн байна уу.  Манай хороо 116.2 га газар нутагтай.   Хороо нь баруун талаараа дүүргийн 12 дугаар хороотой, хойд талаараа 16,18 дугаар хороодуудтай, зүүн талаараа 13 дугаар хороотой тус тус хиллэн оршдог. Гэр хороололын томоохон уулархаг бүсэд байрладаг хороодын нэг юм. 12 хэсэг, 1997 өрх, 9613 хүн ам, 73 гудамж, 1173 хашаа, 90 гаруй төрийн болон төрийн бус байгууллагатай. Хороонд төр захиргааны жинхэнэ 5 албан хаагч, 12 хэсгийн ахлагч, цагдаагийн хэсгийн байцаагч, хорооны цагдаа, олон нийтийн цагдаа нар нь  төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

Танай хороо 2016 оны ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа вэ?

Манай хороо энэ онд иргэддээ ээлтэй “Найрсаг хороо” гэсэн зорилт дэвшүүлсэн.  Иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй тайван орчинд амьдрах, хороогоо цэвэр цэмцгэр байлгахыг зорилгоо болгосон. Энэ ажлын хүрээнд иргэдийн санаачилгаар хорооны гудамж талбайг тохижуулах,  төсөл хөтөлбөрт хамрагдах зэрэг  үйл ажиллагааг эрчимтэй явуулахаас гадна  иргэддээ мэдээлэл зөвлөмж өгч, нийтийн болон гудамжны эргүүлүүд ажиллаж байна.

2016 онд бүтээн байгуулалтын ямар ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна вэ?

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдээс хамгийн их санал авсан ажлуудыг хамгийн эхэнд эрэмблэн хийж хэрэгжүүлдэг. Энэ ажлын хүрээнд энэ онд Жаргалантийн 1 дүгээр  гудамжийг чулуун замтай болгох ажлыг иргэдийн саналын дагуу хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн  боловсролын салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын хувьд энэ жил Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил эхлээд байгаа. Мөн Хүүхдийн эмнэлэгийн барилга баригдана.  Ерөнхий болосролын 72 дугаар сургуулийн бага сургуулийн өргөтгөл баригдахаар төлөвлөгдсөн.

Өнгөрөгч 2015 онд хийсэн онцлог ажлаас дурдвал Дүүргийн Засаг даргын санаачилгаар Хайлааст, Чингэлтэйг холбосон чулуун зам тавьсан. Мөн БНХАУ-ын Энхтайван найрамдлын сангийн 1,5 тэрбум төгрөгний хөрөнгөөр Хүүхдийн амбулаторийн барилга баригдаад, БНТУ-ын тусламжаар тоног төхөөрөмж, Дүүргээс тохижилтын ажил хийгдэн иж бүрнээрээ ашиглалтанд орон хүүхдүүдээ хүлээн авч ажиллаж байна. Энэ ажил нь иргэдээс өндөр үнэлгээ авсан ажлын нэг болсон. Чулуун замыг байгалийн чулуугаар хийж байгаа  учир эдэлгээ удаан, өвөл халтиргаа гулгаа харьцангуй бага гардаг болохоор гэр хороолол, өндөрлөг газруудад зохимжтой замын шийдэл болсныг хэлэхэд таатай байна.

Танай хороо найрсаг хороо зорилтынхоо хүрээнд  иргэдийн оролцоог дэмжсэн ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Хөршийн хяналт”-ын бүлгийг түлхүү оролцуулж байна. Хорооны 12 хэсэгт иргэдийн оролцоотой 31 бүлэг 67 нийтийн эргүүл ажиллаж байгаа.  Энэ нь өөрөө  бүх ажилд иргэд оролцоод явж байгаа гэсэн үг. Хөршийн хяналтын бүлэг байгуулагдснаар хорооны оршин суугчид ойр орчмоороо хоорондоо танилцах, аж амьдралын туршлагаа  хуваалцах, харилцан  мэдээ мэдээллээ солилцох, нөхцөл бололцоог бүрдүүлэх гэх зэрэг ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Мөн сар бүр Хөршийн хяналтын бүлэгтэйгээ  уулзалт, өдөрлөг зохион байгуулж, уулзалтыг хурал маягаар биш нөхөрсөг харилцан санал бодлоо солилцох байдлаар зохион байгуулдаг.Жишээ нь  өнгөрсөн сард бүлэгүүдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Тиймээс хороонд хандах иргэдийн тоо нэмэгдсэн.

Нийтийн эргүүл, урамшуулалт эргүүлийг ажлуулснаар  ямар үр дүн гарсан вэ?

Энэ ажил асар өндөр үр өгөөжтэй.  Өмнө нь гудамж болгонд  муу усаа асгасан, хогоо  ил задгай хаядаг гомдол иргэдээс их ирдэг байсан. Одоо бол 12 хэсэгт 4 бүлэг өдөр болгон ээлжээр албаны хувцастай хүмүүс эргүүлд гардаг болсон. Ингэснээр гудамжинд муу ус асгасан, хог хаясан талаар нэг ч гомдол ирээгүй. Энэ бүхэн ажлын үр дүн гэж үзэж байна. Мөн 2015 онд нийтийн  эргүүл ажилласнаар гэмт хэргийн тоо буурсан гэсэн үзүүлэлттэй гарсан.  

Иргэдийн хувьд хорооны мэдээллээ ямар сувгаар ихэвчлэн авч байна вэ?

Хамгийн эхэнд хорооноосоо, 12 хэсгийн ахлагчаар мэдээлэл дамжуулан иргэдэд хүргэж байна. Тодруулбал,  хорооны ажлын алба мэдээллийг хүргэдэг. Үүнээс гадна гудамж болгоны үзүүрт  хөршийн хяналтын самбарууд, хорооны гадна талын мэдээллийн самбар болон хэсгийн ахлагч, мэргэжилтэнүүдээс иргэд мэдээллээ цаг тухайд авах боломж бүрэн бий. Сүүлийн үед интернэт тэр дундаа фэйсбүүк болон дүүргийн сайтаар дамжуулан иргэд мэдээллээ цаг тухайд нь шуурхай авах бүрэн боломж бий болсон.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31990
0 эможи
keyboard_arrow_up