Г.Бадамгарав: Хорооны иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих тал дээр анхаарч ажиллаж байна

2016 оны 4 сарын 20

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны засаг дарга Г.Бадамгаравтай тус  хороонд хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар  цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

 

Сайн байна уу? Юуны түрүүнд та манай уншигчдад хорооныхоо талаар товч танилцуулаач? Танай хороо 2016 онд ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?

Сайн сайн байна уу. Манай хороо нь 1970 онд Сүхбаатарын районы 21 дүгээр хороо гэж анх үүсгэн байгуулагдаж байсан. 1992 онд Сүхбаатар дүүрэг хуваагдсан бөгөөд энэ цагаас хойш Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо болон төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж ирлээ. Хорооны хувьд 96,72 га талбайг хамардаг, 12 хэсэгтэй, 60 гаруй аж ахуй нэгж байгууллагатай. Манай хорооны хувьд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг идэвхижүүлэх чиглэлээр тодорхой зорилт дэвшүүлэн “Иргэн таны оролцоо᠎-Хөгжлийн түлхүүр мөн” уриатайгаар ажиллаж байна.

2016 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ямар  ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна вэ?

Энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 140 гаруй сая төгрөгийн ажил хийгдэнэ. Энэ ажлын хүрээнд иргэдийн саналд тулгуурлан хүүхэд багачуудын сурч боловсорч байгаа орчинд хөрөнгө оруулалт хийхээр Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн урлаг заал, 49 дүгээр сургуулийн спорт заалыг засварлах ажлуудыг хийнэ.

Хорооны зүгээс иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван, ая тухтай, цэвэр орчинг бүрдүүлэхэд иргэдээ татан оролцуулах, тэдний санал санаачлагыг байнга дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. 2013-2015 онд тус хороонд ногоон байгууламжийг бий болгох, тохижилт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр явган буюу авто зам, гэрэлтүүлэг, дэд бүтцийг сайжруулах гэх мэт  олон ажлууд хийгдсэн.  

Тухайлбал 2015 онд Нийслэл, дүүргээс хөрөнгө шаардахгүйгээр хорооноос иргэдийн  санал санаачилгыг дэмжиж, хамтран Сургуулийн 2, 5 дугаар гудамжинд 200 метр явган хүний зам, шатыг шинээр хийж, 4 гүүрийг өөрсдийн хүчээр бүрэн засварласан нь иргэдийн талархалыг хүлээсэн.  

Мөн дүүргийн Засаг даргын санаачилгаар Дэнжийн мянга, Хайлаастыг холбосон /Сургуулийн 14 дүгээр гудамж/ замын асуудлыг дүүргийн төсвийн хөрөнгөөр шийдсэн нь иргэдийн хүсэлд нийцсэн ажил боллоо.

Гаднаас орж ирэхэд танай хамт олон их шуурхай, найрсаг санагдлаа. Та хамт олноо яаж идвэхжүүлдэг вэ?

Баярлалаа. /инээв/

Хамт олныг бүрдүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг. Энэ ч утгаараа манай хамт олон өглөө бүр дасгал хийж, “ Бид эрч хүчтэй, бид эв нэгдэлтэй, бид хамтдаа бүхнийг хийж чадна, бид иргэдээ инээмсэглэлээр угтана” уриагаа хэлж, ажлаа товч зөвлөн ажлын шинэ өглөөг эхлүүлдэг нь эвсэг хамт олныг бүрдүүлж чадсан.

Танай хорооны хувьд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хэр байна вэ?

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ 100 хувь биш ч гэсэн бусад хороог бодвол харьцангуй сайн. 56 дугаар цэцэрлэг, 17, 49 дүгээр сургууль үйл ажиллагаагаа явуулж, хүүхэд багачууддаа боловсрол олгож байна. Мөн хувийн 3 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх нэг хүсэлт ирсэн. Энэ дагуу удахгүй хүүхэд харах үйлчилгээний төв нээгдэх гэж байна. Дүгнээд хэлбэл цэцэрлэгт хамрагдалтын хувь 83 хувьтай байна.

Иргэдийн хувьд хорооноос мэдээллийг хэрхэн авч байна вэ?

Энэ ажлын хүрээнд иргэдээс “Иргэнд мэдээллийг хэрхэн хүргэх” талаар сувгийн судалгаа авсан. Судалгаагаар иргэдийн ихэнх нь мэдээллийг цахимаар авах сонирхолтой байсан тул хорооны фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэддээ мэдээллийг түгээж байна.

 Мөн хороо бүр дээр байрлуулсан ухаалаг дэлгэц, мэдээллийн самбарууд, гарын авлага, тараах материал, үүрэн телефоны утсаар дамжуулан хорооны ажилтнууд болон хэсгийн ахлагч нар иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэж байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31885
0 эможи
keyboard_arrow_up