С.Амарбаясгалан: Орцыг бүрэн камержуулсаны дүнд 2015 онд орцонд гэмт хэрэг нэг ч гараагүй

2016 оны 4 сарын 14

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны засаг дарга С.Амарбаясгалантай тус  хороонд хэрэгжүүлж байгаа шинэлэг ажлуудын талаар  цөөн хором ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

 

Сайн байна уу? Юуны түрүүнд та манай уншигчдад хорооныхоо талаар товч танилцуулаач?

Сайн сайн байна уу. Манай хороо хотын төв хэсэгт байршилтай, 29 га газрыг хамран 1267 өрхийн 4918 хүн ам оршин сууж байна. 400 гаруй аж ахуйн  нэгжүүд бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.  Тохижилт, бүтээн байгуулалтын  ажлууд  олноор хийгдэж байна. 2013, 2014, 2015 онуудад улс, нийслэл, дүүргийн  хөрөнгө оруулалтаар хорооны цогцолбор байрнаас эхлээд хороолол дундах авто зам, явган хүний замын шинэчлэлтүүд, гэрэлтүүлэг, камержуулалт, байрны дээвэр засварууд, томоохон ногоон байгууламж бүхий тоглоомын болон сагсанбөмбөгийн талбай, тасганы овооны тохижилт гэх мэт олон бүтээн байгуулалтуудыг хийж хэрэгжүүлсэн. Манай нутаг дэвсгэрт Мобиком, Тэнгис кино театр, Бишрэлт худалдааны төв, Макс төв гэх мэт худалдаа, үйлчилгээний томоохон төвүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Манай 5 дугаар хороо төвийн хороо гэдгээрээ онцлогтой боловч иргэдийн идэвхи харьцангуй сул. Тэр дундаа залуучуудын идэвхи оролцоо бага. Залуучууд хороогоор орно гэсэн  ойлголт бага шүү дээ. Хорооны тодорхойлолт авахдаа  эмээ өвөө, аав ээжийгээ явуулчихдаг. Энэ бол залуучуудын буруу ч биш юм. Хороон дээр залууст зориулсан тэд нарын хүсэл сонирхолд нийцсэн үйл ажиллагаа  байхгүйтэй холбоотой байх. Хороонд шинэлэг зүйл хийж байж, залуучууд, иргэдийн идэвхийг нэмэгдүүлнэ гэж боддог. Үүний  төлөө ажиллаж байна.

Таны бодлоор төр захиргааны анхан шатны нэгж болох “Хороо”  ямар байх ёстой вэ?

Нийслэл, дүүргээс хийгдэж байгаа нийтлэг ажлууд ялгаа байхгүй манай дээр бас хийгдээд явж байна. Нэг цонхны үйлчилгээгээрээ дамжуулж төрийн үйлчилгээг иргэдэд аль болох хүндрэлгүй, түргэн шуурхай, сэтгэл ханамжтай байлгах тал дээр манай хамт олон мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ дайчлан “Шинэлэг Хороо-Шинэ эрч хүч” гэсэн уриатайгаар  ажиллаж байна.  Аливаа хийж хэрэгжүүлсэн үр дүнтэй шинэлэг ажлуудаа бусад хорооддоо түгээж бусад хороодынхоо үр дүнтэй ажлуудыг хороондоо хэрэгжүүлснээр зөвхөн манай хороо гэлтгүй манай дүүргийн 19 хороо, цаашлаад ЗДТГ-ын баг хамт олноороо хийж бүтээж байгаагийн бас нэг илрэл гэж боддог. Мундаг хороодууд манай дүүрэгт олон байгаа шүү.

Та дээр манай хороо “Шинэлэг Хороо-Шинэ эрч хүч” гэсэн уриатайгаар  ажиллаж байна  гэж ярьлаа. Тэгвэл хорооны зүгээс ямар шинэлэг ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлсэн вэ?

Энэ ажлын хүрээнд бид өвөрмөц шийдлээр хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын  ажлуудын нэг болох Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Эх үрсийн” цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Хорооны ахмадуудын нэг Ардын уран зохиолч Ш.Дулмаа гуайтай ярьж байгаад цэцэрлэгт хүрээлэнгийн нэрийг “Эх үрсийн” гэж өгсөн.  Ойр орчимд ээжүүд маань байнга хүүхдээ салхилуудаг  учир ийм нэрийг өгсөн. Мөн Ш.Дулмаа гуайн “Алтанзул” дууны шүлгийг хөшөө болгон цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан.

Хорооны хувьд оршин суугчдын аюулгүй байдлыг нэгдүгээрт анхаарах нь чухал юм болов уу гэж боддог, хоёрдугаарт бүтээн байгуулалт болон тохижилт, бусад ажлууд орох байх. Энэ ажлын хүрээнд дүүргийн ИТХ-ын ГХУССЗ, ЗДТГ-ын санхүүжилтээр 2013 онд нийслэлд анх удаа хорооны 24 байрны 55 орцыг камержуулах ажлыг хийсэн.

Энэ ажлыг хороо, мэргэжлийн харуул хамгаалалтын алба , СӨХ –тэй хамтран гурвалсан гэрээ хийгээд байрны бүх орцонд хяналтын камер, анхааруулах самбарыг байршуулан ажиллаж байгаа. Харуул хамгаалалтын албанаас 24 цагийн турш хяналттай байна гэсэн үг.

Энэ ажлыг нийслэлийн хэмжээнд орон сууцанд амьдардаг иргэдийн  судалгаанд  үндэслэн хийсэн. Орон сууцанд амьдардаг иргэдийн 80 гаруй хувь нь хуучны угсармал байранд амьдардаг. Үлдсэн 20 орчим хувь нь тохилог харуул хамгаалат сайтай  хотхонд амьдардаг гэсэн судалгаа гарсан.  Өнөөдрийн нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд өртөг өндөртэй тохилог хотхонд харуул хамгаалалт, камер, дохиолол иж бүрэн суурилагдсан  байдаг. Энэ ч бас цаг үеэ дагаад хөгжих нь аргагүй биз. Тэгвэл хуучны орон сууцанд амьдарч байгаа дундаж орлоготой дийлэнх иргэд маань мөн  аюлгүй, тохилог орчинд амьдрах эрхтэй.  Иймээс л бид ийм боломж байгаа гэдгийг харуулах үүднээс анх удаагаа хуучны байруудыг энэ зохион байгуулалтанд оруулж дээрх ажлыг эхлүүлсэн.

Орцыг камержуулах ажлыг хийснээр  ямар үр дүн гарсан вэ?

Камер тавихаас өмнөх 10 сарын хугацаанд /2013 он/  манай хороонд  гарсан нийт гэмт хэргийн 22.3 хувь буюу 34 нь зөвхөн орцонд үлдэгдсэн гэмт хэрэг эзэлсэн судалгаа гарсан. Камер тавьсанаас хойш 10 сарын хугацаанд буюу 2014 онд дахин судалгаа хийхэд  орцонд үйлдэгдсэн  гэмт хэрэг  4 болтлоо буурсан. Дээрх гэмт хэргүүд  камерын ачаар бүгд илэрсэн байдаг. Харин 2015 онд орцонд гэмт хэрэг нэг ч бүртгэгдээгүй гэсэн судалгаа гарсан. Эндээс харахад энэ ажлын үр дүн нь маш сайн гэсэн үнэлгээг авч байна.

Мөн 2013 онд  камержуулах ажлыг хийснээр 24 цагийн харуул хамгаалалттай болохоос гадна орц болгон бүрэн гэрэлтэй, гадна хаалганы кодтой  болсон байна

Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд  камер тавьсантай уялдуулан хийсэн шинэлэг бас нэг ажил бол СӨХ-тэй хамтран хуучны 9 давхаруудын лифтийг шөнийн 12:00 цаг гээд  зогсоодог байсныг  24 цаг ажиллуулдаг болгосон.  Лифт 24 цаг ажилласнаар шөнийн ээлжийн ажилтай хүмүүс, орой гэрээсээ гарах, орох, хөдөө гаднаас хүн ирэхэд шатаар өгсөнө гэсэн хүндрэл бэрхшээл байхгүй болсон. Дээрх ажлууд иргэдийн талархалыг хүлээсэн, үр дүнгээ өгсөн  ажил болсон гэж үзэж байна.

Камер тавих, хуучин байрнуудын лифтийг 24 цаг болгох ажлуудыг хийж байгаагийн хувьд санхүүгийн талаас олон асуудал гарсан байх. Санхүүжилтээ хэрхэн шийдсэн бэ?

Мэдээж санхүүжилтийн асуудал чухал. Санхүүжилтийн хувьд дүүргийн ИТХ-ын ГХУССЗ, ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр хийгдсэн ажил. Цаашдаа үйл ажиллагааг нь тогтмолжуулах үүднээс тодорхой хэмжээний санхүүжилтийг төсөвт суулгаж өгвөл улам л үр дүнгээ өгөх ажил гэж бодож байна.

Хорооны хаягжилтын хувьд шинэлэг байдалтай харагдсан. Энэ талаар ярина уу?

Иргэдийн дэмжлэгийг авсан ажлуудын нэг бол байрнуудын хаягжилтийн ажил.  Хотын төвийн хороонуудын байрны давхцал их байдаг. Шүүх, эмнэлэг, цагдаа, онцгой байдал  зэрэг яаралтай арга хэмжээний үед байрны давхцалаас болж олохгүй цаг алдах тохиолдол их гардаг.

Энэ ажлын хүрээнд  судлаад үзэхэд орон сууцны хаягын  стандарт гэдэг нь  зөвхөн цэнхэр дээр цагаанаар бичэх, хэмжээг нь заасан байх, хорооны зүгээс хаягжилт өөрөө агуулгын хувьд мөн ойлгомжтой байх нь зүйтэй юм боловуу гэдэг үүднээс СӨХ-үүдтэй хамтраад 24 байраа монгол, англи хоёр талтай шинэ хаягтай болгосон. Хотын төв хэсгийн хороо учир гадна дотны жуулчид орж гарах явдал байна. Тиймээс англи хэл дээр хаягаа хийж өгсөн.

Хорооны иргэний танхимын интерейр загварыг гаргасан. иргэний танхим дээр зохион байгуулагч ажиллаж байгаа. Иргэдийг үйлчлүүлэхээр ирэхэд нь тав тухтай байлгах үүднээс Тамгын газарт санал хүргүүлсний үндсэн дээр дэмжлэг авч хөрөнгө мөнгөний асуудлыг шийдснээр энэ ажил хийгдсэн.

Хороонд шинэлэг зүйл байж залуучууд, иргэдийн идэвхийг нэмэгдүүлнэ гэж та ярьсан. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд юунд анхааран ажиллаж байна вэ? Цаашдын төлөвлөгөө.

2015 онд дүүргийн ЗДТГазартайгаа хамтран Нийслэлийн 152 хороонд анх удаагаа стандартын шаардлагад нийцсэн “Чийрэгжүүлэлтийн танхим”ыг тохижуулсан. Тус танхим нь зориулалтын агааржуулалттай, стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн багш өглөөний 10 цагаас оройн 9 цаг хүртэл, амралтын өдөр өглөө 10 цагаас өдөр 3 цаг хүртэл ажиллаж байгаа.

Ингэснээр залуучууд сургууль, ажлын цаг нь тарсны дараа гэртээ ойрхон мэргэжлийн тоног төхөөрөмжтэй фитнесст хичээллэх боломж нь бүрдсэн. Фитнесс маань өнөөдөр ачааллаа дийлэхгүй хэмжээнд ажиллаж байна .Эхэндээ залуучууд гайхаад  яагаад үнэ төлбөргүй вэ, захын жорлон 200 төгрөг байхад гэж асуудаг байсан. Үнэ төлбөргүй байж болно. Хамгийн гол нь бид зөв менежмент,  зөв зохион байгуулалт хийж чадвал үр дүнд хүрсэн олон ажлыг хороонд хийж болно. Хороогоо хаана байгааг мэдэхгүй, ирдэггүй залуучууд  одоо хайж байгаад олоод ирж байна.

Залуучуудын хүсэл сонирхолд нийцсэн зүйлийг хийж байж, тэд нарын идэвхийг төрүүлдэг гэдгийг үүнээс харж болох юм. Давхар теннисийн сургалт  явуулж, теннисийн ширээ тавьж тоглуулж байгаа. Бид хорооны танхимыг зөвхөн хурал хийдэг биш иргэдийн оролцоог дэмжих ажилд тултал нь ашиглах хэрэгтэй гэж бодож байна.

Фиттнест 2015 оноос жил хүрэхгүй хугацаанд 200-250 хүн  үйлчлүүлээд байна. Фиттнесээр хичээллэж байгаа хүн бүр өөрийн гэсэн карттай, ямар дасгалыг хийж болох вэ, ямар дасгалыг хийж болохгүй вэ гэдгийг багшаасаа зөвөлгөө авч хийж байна. Мөн залуучууд гэхээс гадна ахмад  настангууд маань өрхийн эмчийн хяналтан дор тодорхой төрлийн хөнгөн дасгалуудыг багшийн заавраар системтэй хийж байна.

Бидэнтэй дэлгэрэнгүй ярилцлага өгсөн таньд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31614
0 эможи
keyboard_arrow_up