Б.БУЯНДАЛАЙ: ХУД-ийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв 2015 онд нийт 60-аад төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан

2016 оны 4 сарын 14

Хан-Уул дүүрэг нь сүүлийн жилүүдэд хүүхдэд чиглэсэн бодитой ажлуудыг хийж байгааг уншигч та андахгүй биз ээ.

 

Дүүргийн хэмжээнд 2014 оноос эхлэн “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХАН-УУЛ” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэ удаа тус дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга Б.Буяндалайтай өнгөрсөн жилд хийгдсэн ажил, ажлын чиг үүрэг, шинээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар ярилцсанаа хүргэж байна.

Сайн байна уу. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн ажлын чиг үүргийн талаар ярилцлагаа эхлэх үү?

Манай дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн хүрээнд 2013 онд байгууллагдсан. Дүүргийн  нутаг дэвсгэрт Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын үйлчилгээг хүргэх, хяналт шинжилгээ хийх, хүүхэд гэр бүлийн хамгаалал, оролцоог идэвхжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалан ажиллах чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн жил танай төв дээрх чиг үүргийн дагуу хичнээн арга хэмжээг зохион байгуулж, ямар тусламж үйлчилгээг иргэдэд хүргэсэн бэ?

Миний хувьд оны өмнөхөн энэ ажлаа хүлээн авсан. Өнгөрсөн жил манай мэргэжилтнүүд болон өмнөх удирдлагын хувьд маш олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байгаа. Эдгээр ажлуудад миний бие оролцоогүй ч тодорхой хэдэн тоо баримтуудыг дурьдаж, иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй байх. Хан-Уул дүүргийн ХГБХТөв 2015 оны жилийн эцсийн байдлаар нийт 60-аад төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, 4000 гаруй хүүхэд, 500 гаруй гэр бүлийг нийгэм соёл, олон нийтийн үйлчилгээнд хамруулсан байна.

            Зарим томоохон ажлуудаас дурьдвал, Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх арга хэмжээ, цахим тоглоомын үйл ажиллагаанд шалтгалт хийх ажлуудыг тус бүр 2 удаа зохион байгуулсан. Мөн цахим тоглоом, Сүм хийдийн мэдээлэл, судалгааны ажлуудыг тус тус хийсэн.

Хүүхдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Монголын Хүүхдийн ордоны салбар дугуйлангуудын явуулых хэлбэрээр ажиллуулж, зорилтот бүлгийн 130 гаруй хүүхдүүдийг хамруулсан. Энэ онд мөн үргэлжлүүлсэн дугуйланг хичээллүүлж байна.

Хан-Уул дүүргийн хувьд бусад дүүргээс нилээн онцлогтой. “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж хүүхэд багачуудад чиглэсэн маш олон ажлуудыг хийсэн?

Тэгэлгүй яахав. Энэ хөтөлбөр нь ХҮҮХЭД ХӨГЖИЛ, ХҮҮХЭД ХАМГААЛАЛ гэсэн 2 дэд хөтөлбөртэй. Өмнөх жилүүдэд Хүүхэд хөгжил чиглэлд түлхүү анхаарч ажилласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлууд маш сайн хийгдэж байгаа.  Цаашдаа хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой ажлуудыг хийж, түлхүү анхаарч ажиллахаар зорьж байна. 

Тус хөтөлбөрийн хүрээнд манай төв хараа хяналтгүй,  хүчирхийлэлд өртсөн, өртөх магадлалтай хүүхдүүдийг нийгэмшүүлэх, амьдралд хандах хандлагыг нь өөрчилж өөрийнхөө нөөц боломжийг нээж, өөртөө итгэх итгэлтэй болгох үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор 2 төсөл бичсэн. Энэ 2 төсөл маань шалгараад төсөв мөнгөний асуудал бүрэн шийдвэрлэгдсэн.

Мөн ХУД-ийн Соёлын ордон, Good neighbors олон улсын байгууллагуудтай хамтран “Хөгжмийн боловсрол олгох” төслийг Нисэх Яармагийн бүсэд амжилттай хэрэгжүүлж 50 хүүхдийг хамруулаад байна.

Хүүхдийн чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулдаг гэж сонссон. Чуулганаар яригдсан хүүхдүүдийн санал санаачлагыг хэрхэн ажил хэрэг болгодог вэ?

Манай дүүрэг Хүүхдийн чуулганаа амжилттай зохион байгуулсан. Чуулганд 19 сургуулийн 190 гаруй хүүхэд оролцлоо.  Хүүхдүүдээс гарсан санал санаачлагыг дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Засаг даргад өргөн барьсан. Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн хууль зүйн хороогоор хэлэлцэж яригдсан асуудлуудыг хүүхүүдэд ээлтэй, өгөөжтэй талаас нь шийдвэрлэхээр ажилладаг. Энэ үеэр сургууль болгон сэтгэлзүйчтэй болох зайлшгүй шаардлагатай байна гэдгийг бараг бүх сургуулийн төлөөлөл хэлж байсан.  Энэ асуудлыг дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Хүүхдийн зөвлөлтэй хэлэлцээд, эхний ээлжинд ЕБС-иудын нийгмийн ажилтнуудыг сэтгэлзүйч чиглэлээр давтан сургалтанд хамруулахаар болсон.

Энэ жил өмнөх онуудад хийж хэрэгжүүлж байсан ажлуудаас шинэлэг ямар ажил хийгдэх вэ?

Энэ жилийн хувьд Монголд анх удаа хэрэгжиж байгаа. Энэ бол хүүхэд харах үйлчилгээ. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 2-4 настай хүүхдүүдийг СӨБ-д хамруулахаар болсон. Улсын хэмжээнд нийт 10 мянга орчим хүүхэд хамрагдана. Сангийн Яамнаас квот тогтоож өгсөн. Үүнд манайх 245 хүүхэд хамруулах квот авсан. Нэг хүүхэд асрагч 5 хүүхэд харах боломжтой. Ингэхээр 49 хүн ажиллах боломжтой болно. Манайх 3 удаагийн сургалтаар 106 хүн бэлтгэсэн. Үлдсэн сургалтанд хамрагдсан хүмүүс маань бусад дүүрэгт ажиллах боломжтой байгаа.

Мөн энэ онд Хүүхдэд зарцуулж байгаа хөрөнгийг хамгийн үр дүнтэйгээр зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэхэд анхаарч ажиллана. Ингэхдээ дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Халамж, Нийгмийн хөгжлийн хэлтэстэй уялдаа холбоотой ажиллахаас гадна төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31589
0 эможи
keyboard_arrow_up