Л.Доржбат: ХАН-УУЛ ДҮҮРЭГ СМАРТ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ АНХНЫ ДҮҮРЭГ БОЛОХ ЗОРИЛГО ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

2016 оны 4 сарын 13

 

Хан-Уул дүүргийн Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбаттай 2016 оны зорилт, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар дэлгэрэнгүй ярилсанаа хүргэж байна.

 

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсээс 2016 онд ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ? Энэ талаар ярилцлагаа эхлэе?

Манай хэлтэс нь орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай бүтээн байгуулалтанд зарцуулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд чиглэж ажилладаг.

Энэ жилийн хувьд бид хот дахин төлөвлөлт, дүүргийн суурьшлын бүсийн хөгжлийн өнөөгийн байдал ирээдүйд хийгдэхээр төлөвлөгдсөн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил болон мэдээллийн ил тод байдлыг зэрэг хангасан “Смарт Хан-Уул” төсөл буюу программ хангамж, ерөнхий төлөвлөгөө, улс нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, орчин үеийн хотжилтын шийдлийг зэрэг агуулсан цахим системийг хийж эхлээд байна. Энэ программ хангамж бий болсноор гадаад, дотоодын аль ч хэрэглэгчид манай дүүргийн хөгжлийн талаар нээлттэй мэдээлэл, ойлголттой болох юм. Төсөл хэрэгжсэнээр бид нийслэлийн дүүргүүдээс смарт төлөвлөлттэй анхны дүүрэг болох зорилго тавьж байна, за мөн хамт олонтойгоо энэ жилийнхээ төлөвлөсөн ажлуудыг цаг хугацаанд нь багтаан хийнэ дээ.  

Хан-Уул дүүрэг 2016 онд Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх вэ?

Энэ онд нийслэлийн засаг даргаас эрх шилжин ирсэн 2,9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнээс 18, 34 дүгээр сургуулийн биеийн тамирын талбайг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 572 сая төгрөгөөр хөлбөмбөг спортын зориулалтаар тохижуулах бол авто замыг засах, шинээр тавих ажлын хүрээнд Яармагийн 5 хорооны 500м, 7 дугаар хороонд 1,2 км авто хатуу хучилттай зам, 15 дугаар хороонд 400м байгалийн чулуун авто замуудыг тус тус барьж байгуулна.  1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орчин үеийн стандарт бүхий  иргэдийн амралтын цогцолбор талбайг тохижуулна .

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 1,6 тэрбум төгрөгийн 16 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Томоохон ажлаас дурьдвал алслагдсан хороод болох  13, 14 дугаар хорооны гэрэл цахилгаангүй айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 300 хүүхдийн бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барьж эхлүүлнэ. Мөн эрүүл мэндийн байгууллагуудад эрчимт эмчилгээний тасаг байгуулах, зүрхний бичлэг, рентеген аппарат тоног төхөөрөмж нийлүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, тохижилтын ажлууд хийгдэх байгаа.  

Нийслэл дүүргийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлыг ярилцлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хувиарлалт түүний зарцуулалт ямар байна вэ?

2016 онд дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр он дамжин болон шинээр 2,4 тэрбум төгрөгийн 39 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Иргэд өөрсдийн амьдардаг хороонд юу хийх шаардлагатайг хамгийн сайн мэддэг тул санал асуулгаар бодитой ажлууд гарч ирж хэрэгждэг. Сүүлийн жилүүдэд улсын төсвийн хүндрэлтэй холбоотой ОНХСангийн санхүүжилт тасалдаж байгаа тул бид эхний ээлжинд хороо тус бүрээс чухал гэж үзсэн нэг ажлыг сонгон хэрэгжүүлж байна.

Манай дүүргийн хувьд жил бүрийн ОНХС-ийн тодорхой хэмжээний хөрөнгийг томоохон төсөл хөтөлбөрт зарцуулдаг. 2014 онд 150 ортой цэцэрлэгийн барилга, 2015 онд 9 дүгээр хорооны гэр хорооллын гэрэлтүүлэгийн ажлыг хийж гүйцэтгэсэн бол энэ онд 12,13,14 дүгээр хорооны гэр хорооллын гэрэлтүүлэг, 3 дугаар хорооны 46 дугаар цэцэрлэгийг буулган шинээр барилгажуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн иргэдийн бүлгээр гудамж тэгшлэх, хаягжуулалт хийх, амралтын талбай хийх, жишиг гудамж байгуулах, ногоон байгууламжыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийнэ дээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэр урагштай явж байна вэ? Энэ жил шинээр хийгдэх үү?

Эхлээд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн мэдээллийг хүргье. Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй, эрсдэлтэй, газар хөдлөлтөнд тэсвэргүй 150 барилгын жагсаалтад багтсан Хан-Уул дүүргийн 27 барилга байдаг бөгөөд 26 байршилд дахин барилгажуулах шийдвэр гарсан.

Үүнээс:

  1. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Арьс ширний 25,26 дугаар байрны суурин дээр дахин төлөвлөлтөөр баригдах "Морьтон цогцолбор" байна.

“Эфэс констракшн” ХХК нь өнгөрөгч 6 дугаар сард хуучин 25 дугаар байрыг буулган барилга угсралтын ажлаа эхэлсэн бөгөөд 2016 оны 2-р улиралд 26-р байрыг буулгах юм. Энэ төсөл хэрэгжсэнээр 29 өрхийн орон сууцны нөхцөл сайжирч, 108 айлын орон сууц, 32 үйлчилгээний төв, 12 давхар 2 оффисийн барилга баригдана. Орон сууцны барилгын цутгалтын ажил /эхний ээлж / 9дэх давхарын цутгалт хийгдэж дууссан ба оффис барилгын 12 давхрын цутгалт хийгдэж байна.

2.  Дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрчим хүчний 21 дүгээр байрны суурин дээр АТЕК ХХК нь 700м2 үйлчилгээний талбай, 50 машины дулаан зогсоол, 50 машины ил зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий 182 айлын 15 давхар орон сууцны барилга барьж байна.

Өнөөдрийн байдлаар барилгын 14 дүгээр давхрын цутгалтын ажил хийгдэж дууссан. Барилга 2016 оны 2-р улиралд ашиглалтанд орно.

3. 3 дугаар хорооны Нэхмэлийн 15, 19 дүгээр байрны 0,56 га талбарт “Нутгийн буян групп” ХХК нь  416 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах үйлчилгээ, оффисын барилга байгууламжийг барьж байгуулах юм. Барилгын ажил 10 дахь давхарын цутгалт хийгдэж байна.

Мөн манай дүүрэгт Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журмын хүрээнд ХУД-1 /2 дугаар хороо/, ХУД-2 /2 дугаар хороо/ ХУД-4  /2 дугаар хороо/ ХУД-6 /2 дугаар хороо/, ХУД-7 /10 дугаар хороо хороо/, ХУД-8 /12 дугаар хороо/ гэсэн 6 багцын 21 нийтийн байрыг дахин төлөвлөхөөр төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалт явагдаж байна. Энэ сонгон шалгаруулалтанд манай барилгын компаниуд идэвхтэй оролцохыг энэ дашрамд хүсье.

Хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31543
0 эможи
keyboard_arrow_up