Ц.Лхагва: Эмнэлгийн үйл ажиллагаа гэдэг бол багийн үйл ажиллагаа

2016 оны 4 сарын 13

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагватай цаг үеийн байдлаар ярилцлаа.

 

Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд хоёулаа яриагаа танай эмнэлгийн түүхээс эхлэе гэж бодлоо.

Сайн сайн байна уу. Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Түүхээ умартаж болдоггүйтэй адил түүхэн хөгжлөөсөө яриагаа эхлэхэд таатай байна. Манай эмнэлэг анх 1985 онд Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр төв эмнэлэг нэртэйгээр байгуулагдаж, 1992 онд Сүхбаатар дүүргээс өрх тусгаарлан Чингэлтэй дүүрэг шинээр байгуулагдахад Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болон ажилласан. Харин 2014 оны 9 сараас эхлэн Чингэлтэй эрүүл мэндийн төв болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн чингэлтэй дүүргийнхээ ард иргэдэд үйлчилж байна.

Чингэлтэй эрүүл мэндийн төвд хичнээн эмч эмнэлгийн ажилтан ажиллаж байна вэ? Хүний нөөцийн асуудал хэр хүрэлцээтэй байна вэ?

Манай төвд өнөөдөр дээд мэргэжилтэй их эмч 96, эмнэлгийн дунд мэргэжилтэн 137, бусад туслах болон үйлчилгээний 108, нийт  341 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хүний нөөцийн хувьд эмч мэргэжилтнүүдээ байнгын мэргэжлийн чиглэлийн сургалтуудад хамруулахаас гадна, өөрийн байгууллага дээр мөн сургалтуудыг явуулдаг ба хүний хөгжил талд ихээхэн анхааран ажиллаж байна.

Танай хамт олон нийт хичнээн иргэдэд үйлчилж байна вэ?

Манай дүүргийн хувьд хотын төвд байрлалтай, шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор дүүргийн хүн ам сүүлийн 10 жилд тасралтгүй нэмэгдэж байна. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь дүүргийн 19 хорооны 170 гаруй мянган хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан, хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг 227 ортой нэгдсэн эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн төв, нарийн мэргэжлийн гурван салбар, 17 өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хүргэж байна.

Өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлаасаа дурдвал.

Бид шинэчлэлийн ажлыг сүүлийн жилүүдэд нилээд эрчимтэй хийж байгаа. Өнгөрсөн жил буюу 2015 оны 11 сард Хятадын “Энхтайван” хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар 15-р хороонд Хүүхдийн амбулатори шинээр нээсэн. Тус амбулатори маань сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба хэд хэдэн нарийн мэргэжлийн аппаратыг суурилуулсан. Жишээ нь: рентген аппарат, зулайн ЭХО аппарат, чих хамар хоолойн аппаратыг  суурилуулсан. Хүүхдийн амбулатори маань яг л  хүүхдийн цэцэрлэг шиг. Ороход эмнэлэг гэхээсээ илүүтэй хүүхдийн цэцэрлэг шиг  мэдрэмж төрүүлдэг. Мөн  дүүргийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийн тоо, нэр төрлийг нэмэгдүүлэх гэж байна. Эрүүл мэндийн салбарт, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас сүүлийн хоёр жилд их анхаарал тавьж ажиллаж байгаа.

Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн 12-р хороонд баригдах хоёр давхар  Өрхийн эрүүл мэндийн  төвийн барилгын эскиз зургийг Нийслэлийн барилгын зургийн институтээр хийлгэсэн. Барилга барих газрын захирамж нь ч гарсан байгаа. 2016 онд баригдаж дуусахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн БНХАУ-ын хөнгөлөлтэй зээлээр ЭМСЯ-наас хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд мэдээллийн нэгдсэн сервер болон хүлээн авах эрчимт эмчилгээний тасгийг нэмэлт цахилгаан үүрсгүүрээр хангах өндөр хүчин чадал бүхий дезель генератор, стандартын шаардлагад нийцсэн нэгдсэн серверийн өрөөг тохижуулж, эмч мэргэжилтнүүдийг компьютероор хангасан. Дүүргийн хөрөнгө оруулалтаар сүүлийн техонологи болох хийн иж бүрэн системийг Нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах, Эрчимт эмчилгээний тасагт суурьлуулсан.

Мөн дотуур холбооны IP-Pbx станцыг суурьлуулж, дотоод сүлжээний бүрэн шинэчлэлтийг хийсэн гэх мэт үр өгөөжтэй олон ажлыг хийгээд байна.

Эрүүл мэндийн төвөөс эмч, сувилагч нарын мэргэжлийг дээшлүүлэх, сургалтанд хамруулах тал дээр хэрхэн  анхаарч ажиллаж байна вэ?

Бид өнгөрсөн оны найман сард Хятад улсын Хөх хотод 20 хүнийг нэг сарын хугацаатай туршлага солилцох сургалтанд хамруулсан. Ер нь сургалтанд ганц, нэгээрээ явах нь үр өгөөж муутай санагддаг. Харин багаараа явж, юм сурах илүү үр өгөөжтэй байдаг. Эмнэлгийн үйл ажиллагаа гэдэг бол багийн үйл ажиллагаа. Нэг хүнээс шалтгаалдаг зүйл биш шүү дээ. Тиймээс бид багаараа сургалтанд хамрагдахыг илүүд үзэж, энэ тал дээр анхаарч ажилладаг.

Хороодын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны талаар та танилцуулаач.

Иргэд ямар нэгэн өвчин туслаа гэхэд хамгийн түрүүнд  хорооны эрүүл мэндийн төвд ханддаг. Тийм ч учраас бид анхан шатны эмнэлгийн чанарын тал дээр анхаарч ажилладаг. Өнгөрсөн намраас эхлээд Нийслэлийн эрүүл мэндийн газар, Солонгосын компаний дэмжлэгтэйгээр Нийслэлийн бүх өрхийн эмнэлэгт шээсний шинжилгээний аппаратыг гурван жилийн хугацаанд хэрэглэх оношлууртай нь хамт өгсөн. Энэ бол их том дэмжлэг юм. Хүмүүс шээсний шинжилгээ өгнө гэж заавал Эрүүл мэндийн төвийг зорих шаардлагагүй болж, хорооны эмнэлэг дээрээ өгдөг болсон. Ингэснээр цаг, мөнгөө хэмнэх боломжтой болж байгаа юм.

Дүүргийн эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байгаа гэж их яригддаг. Танай дүүргийн хувьд ачаалал хэр байна вэ?

Эрүүл мэндийн салбарын хувьд ачаалал ихтэй байгаа нь үнэн. Орон байрны асуудлаас болоод ачааллах явдал их. Тэгэхдээ бид ачаалал ихтэй байна гэж ярихаасаа илүү гарцыг хайж байна. Зөв менежметийг боловсруулж иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх тал дээр анхаарч ажиллаж байна. Улирлын чанартай ханиад томуу, улаанбурханы дэгдэлт ихэссэн энэ үед ачаалал ихсэх нь тодорхой. Тэгэхдээ үүнийг зөв менежментээр зөв чиглүүлэх нь бидний хийх ажил.

Ярилцлага өгсөн таньд баярлалаа. Танай хамт олон амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31541
0 эможи
keyboard_arrow_up